Эхлэл
16 Абрамын эхнэр Сараи хүүхэд төрүүлээгүй байжээ. Сараи Хагар гэдэг египет шивэгчинтэй байв. 2 Сараи Абрамд «Надад нэг гуйлт байна. Ехова надад үр хүүхэд хайрлаагүй билээ. Тэгэхээр та миний шивэгчинтэй унтана уу. Шивэгчин минь надад хүүхэд төрүүлж өгөх байх» гэж хэлжээ. Абрам Сараигийн хэлснээр хийв. 3 Абрамыг Канаанд 10 жил амьдарсны дараа эхнэр Сараи нь египет шивэгчин Хагараа нөхөр Абрамдаа эхнэр болгон өгсөн нь энэ билээ. 4 Абрамыг Хагартай унтахад Хагар жирэмслэв. Хагар жирэмсэн болсноо мэдээд эзэгтэйгээ дорд үзэх болжээ.
5 Тэгэхэд Сараи Абрамд «Хагарын намайг ингэж доромжилж байгаа нь таны буруу. Би танд шивэгчнээ өгсөн нь үнэн. Гэтэл тэр жирэмсэн болсноо мэдээд намайг дорд үзэх боллоо. Та бид хоёрын хэргийг Ехова шүүг» гэж хэлэв. 6 Тэгэхэд нь Абрам Сараид «Шивэгчин чинь чиний мэдлийнх шүү дээ. Яахаа өөрөө мэд» гэжээ. Сараиг Хагарт хатуурхахад Хагар зугтжээ.
7 Еховагийн тэнгэрийн элч цөл дэх булаг буюу Шур орох замд байдаг булгийн дэргэдээс Хагарыг олжээ. 8 Тэгээд «Сараигийн шивэгчин Хагар аа, чи хаанаас хаа хүрч явна вэ?» гэхэд Хагар: «Эзэгтэй Сараигаасаа зугтаж явна» гэлээ. 9 Еховагийн тэнгэрийн элч түүнд «Эзэгтэй дээрээ буцаж оч. Даруу байж, үгэнд нь ороорой» гэж захижээ. 10 Еховагийн тэнгэрийн элч цааш нь «Би чиний үр хүүхдийг тоолж барахааргүй олон болгоно» хэмээв. 11 Тэгээд Еховагийн тэнгэрийн элч: «Чи одоо жирэмсэн байна. Чи хүү төрүүлнэ. Хүүдээ Ишмаел* гэдэг нэр өгөөрэй. Яагаад гэвэл Ехова зовж яваа чиний хашхирахыг сонссон. 12 Ишмаел зэрлэг илжиг мэт хүн болно*. Тэрбээр бүх хүнтэй сөргөлдөнө, бүх хүн ч түүнтэй сөргөлдөнө. Ишмаел бүх ах дүүгээсээ тусдаа амьдарна*» хэмээжээ.
13 Тэгээд Хагар: «Намайг харж ханддаг нэгнийг би харлаа гэж үү?» гээд өөртэй нь ярьж байсан Еховагийн нэрийг дуудан «Та бол хардаг Бурхан» гэж хэлэв. 14 Ийм учраас тэр худгийг Беер-лахаи-рои* гэдэг болжээ. (Тэр худаг Кадеш болон Бередийн хооронд байдаг.) 15 Хагар Абрамд хүү төрүүлж өгөхөд Абрам Хагарын төрүүлж өгсөн хүүд Ишмаел гэдэг нэр өгөв. 16 Хагарыг хүү Ишмаелаа төрүүлэхэд Абрам 86 настай байлаа.