Дуулал
Бурхнаа магтан дуулах* нь сайн.
Тэрбээр магтаал хүртэх зохистой учраас түүнийг магтах нь хэчнээн тааламжтай вэ!
2 Ехова Иерусалимыг барьж босгон,
Израйлын тарж бутарсан хүмүүсийг цуглуулдаг.
3 Тэрбээр шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээж,
Шархыг нь боодог.
4 Тэрбээр оддын тоог мэддэг.
Бүгдийг нь нэрээр нь дууддаг.
5 Бидний Эзэн агуу бөгөөд хүчирхэг.
Хэмжээлшгүй мэргэн ухаантай.
6 Ехова номхон дөлгөөн хүмүүсийг босгодог.
Харин муу хүмүүсийг хөсөр хаядаг.
7 Еховад талархан дуул.
Бидний Бурхныг босоо ятгын аяд магтан дуул.
8 Тэрбээр тэнгэр огторгуйг үүлсээр хучин,
Хөрс шороон дээр хур бороо оруулж,
Уул толгод дээр өвс ногоо ургуулдаг.
9 Араатан амьтдыг идэш хоолоор хангаж,
Хоол нэхэн чарлах хэрээний ангаахайд идэх юм өгдөг.
10 Тэрбээр хүлэг морины хүч чадалд баярладаггүй.
Хүний хөлийн хурданд догдолдоггүй.
11 Ехова өөрөөс нь эмээдэг,
Үнэнч хайрыг нь мэдрэхийг хүсдэг хүмүүст баярладаг.
12 Иерусалим аа, Еховаг алдаршуул.
Сион оо, Бурхнаа магт.
13 Тэрбээр дааман хаалганы чинь түгжээг бэхэлж,
Чиний дотор буй хөвгүүдийг чинь ивээдэг.
14 Тэрбээр газар нутгийг чинь амар тайван байлгаж,
Чамайг хамгийн сайн улаан буудайгаар хангадаг.
15 Түүнийг газар дэлхийд тушаалаа буулгахад
Үг нь хурдан түгдэг.
16 Тэрбээр цасыг ноос шиг зулж,
Цан хярууг үнс шиг цацдаг.
17 Тэрбээр мөндрийг* талхны үйрмэг шиг унагадаг.
Хүйтэн жаврыг нь хэн сөрөн зогсож чадах вэ?
18 Түүнийг үгээ илгээхэд цас мөс хайлдаг.
Салхи салхилуулахад ус урсдаг.
19 Тэрбээр Иаковт үгээ,
Израйлд тогтоол, шийдвэрээ тунхагладаг.
20 Тэрбээр өөр ямар ч үндэстэнд ингэж байгаагүй.
Тэд түүний хуулийг огт мэддэггүй.
Яаг магтагтун*!