Дуулал
Давидын дуу.
27 Ехова бол миний гэрэл, миний аврагч.
Хэнээс би айх юм бэ?
Ехова бол миний амийг цайз мэт хамгаалагч.
Хэнээс би айж чичрэх юм бэ?
2 Өстөн дайсан, хорон санаатнууд махыг минь идэхээр над руу дайраад
Өөрсдөө бүдэрч унацгаасан.
Миний эсрэг дайн дэгдсэн ч
Бурханд би итгэхээ болихгүй.
4 Би нэг зүйлийг Еховагаас гуйв.
Хүслэн болсон тэр зүйл минь
Еховагийн сайн сайхныг* ширтэж,
Сүмийг* нь бишрэн* харахын тулд
Насан туршдаа Еховагийн өргөөнд амьдрах юм.
5 Зовох цагт минь тэрбээр намайг нуувчиндаа нууж,
Майхныхаа нууц газар далдлан,
Өндөр хадны орой дээр тавина.
6 Эргэн тойрныхоо дайснуудыг би ялан дийлнэ.
Би Еховаг магтан дуулна*.
Баярлан хашхирч түүний майханд тахил өргөнө.
7 Намайг хашхирахад сонсооч, Ехова.
Намайг өрөвдөн хайрлаж, надад хариулаач.
8 «Таалалд минь багтахыг* хичээ» гэсэн таны үг
Зүрх сэтгэлд минь цуурайтна.
Таалалд тань багтахыг би хичээнэ ээ, Ехова.
9 Надаас нүүрээ битгий нуугаач.
Уурандаа зарц намайгаа бүү хөөгөөч.
Та бол миний туслагч.
Намайг бүү орхиоч, надаас бүү холдооч, аврагч Бурхан минь.
10 Төрсөн эцэг эх минь намайг орхилоо ч
Ехова намайг хүлээж авна.
11 Явах ёстой замыг минь зааж өгөөч, Ехова.
Эргэн тойронд дайснууд байгаа учраас намайг зөв замаар удирдан дагуулаач.
12 Хуурамч гэрч нар намайг эсэргүүцэн босож,
Заналхийлэн сүрдүүлж байгаа учраас
Намайг дайснуудад бүү тушаагаач.
13 Амьд яваа цагтаа Еховагийн сайн сайхныг үзнэ гэж итгээгүй бол
Би яах байсан юм бэ*?
14 Еховад найд.
Зоригтой, хүчтэй бай*.
Еховад найд.