Дуулал
Удирдаачид: «Алс нутгийн аниргүй тагтаа»-д тааруулав. Давидын дуу. Миктам*. Филистчүүд түүнийг Гатад байхад нь барьжээ.
56 Намайг өрөвдөөч Бурхан минь. Учир нь мөнх бус хүмүүс над руу дайрч байна.
Тэд цаг үргэлж надтай тэмцэлдэж, намайг дарладаг.
2 Өстнүүд өдөр бүр над руу дайрдаг.
Бардам олон түмэн надтай тэмцэлддэг.
3 Би айхлаараа танд найддаг.
4 Бурханд би найддаг. Хэлсэн үгийнх нь төлөө би түүнийг магтдаг.
Бурханд би итгэдэг. Би айхгүй.
Хүн намайг яах юм бэ?
5 Тэд өдөр бүр намайг зовоодог.
Тэд надад хор учруулахаас өөр юм боддоггүй.
6 Тэд нуугдаж байгаад дайрдаг.
Амийг минь авах гэсэндээ
Алхам бүрийг минь ажигладаг.
7 Бузар үйлсийнх нь төлөө тэдэнд шанг нь хүртээгээч.
Бурхан минь, та уурлан хилэгнэж тэр үндэстнүүдийг шийтгээч.
8 Миний хэсүүчлэн явж байгааг та мэднэ.
Нулимсыг минь тулмандаа хийгээч.
Тэдгээр нь таны номд бичигдээгүй гэж үү?
9 Намайг тусламж гуйн хашхирах өдөр дайснууд ухарна.
Бурхан миний талд байгаа гэдэгт би итгэдэг.
10 Бурханд би найддаг. Хэлсэн үгийнх нь төлөө би түүнийг магтдаг.
Еховад би итгэдэг. Хэлсэн үгийнх нь төлөө би түүнийг магтдаг.
11 Бурханд би итгэдэг. Би айхгүй.
Хүн намайг яах юм бэ?
12 Бурхан минь, танд би тангараг өргөсөн.
Танд би талархал өргөнө.
13 Та намайг амьд байлгаж, өөрийнхөө өмнө алхуулахын тулд
Намайг үхлээс аварч,
Хөлийг минь бүдрэхээс хамгаалсан.