Дуулал
Удирдаачид: «Бүү сүйтгээч»-д тааруулав. Давидын дуу. Миктам*.
58 Та нар зөв шударгын тухай ярих ёстой атал яаж дуугүй байж чадаж байна вэ?
Хүмүүс та нар шударгаар шүүж чадах уу?
2 Үгүй ээ, харин ч та нар зүрхэндээ зөв бусыг сэдэж,
Энэ нутагт хүчирхийллийг дэлгэрүүлж байна.
3 Муу хүмүүс төрсөн цагаасаа л замаасаа гаждаг*.
Тэд төрөхдөө л дураараа зантай, худалч байдаг.
4 Тэдний үг яриа могойн хор адил.
Тэд үг сонсдоггүй наж могой адил дүлий.
5 Наж могой тарни уншигчийн дуу хоолойг сонсохгүй.
Тарни сайн уншдаг байлаа ч түүнийг тоохгүй.
6 Тэдний шүдийг хуга цохиоч, Бурхан минь!
Энэ арслангуудын эрүүг хугалаач, Ехова минь!
7 Тэд ширгэж хатдаг ус шиг алга болоосой.
Бурхан нумаа хөвчлөн тэднийг харваж унагаасай.
8 Тэд хатаж үхэж байгаа эмгэн хумс шиг болоосой.
Нар хэзээ ч үзэхгүй, амьгүй төрсөн хүүхэд шиг болоосой.
9 Шатаж буй өргөст бутны халуун илч тогоонд чинь хүрэхээс өмнө
Шүүстэй ногоон мөчрийг ч, шатаж байгаа мөчрийг ч Бурхан салхи шуурга мэт хаман одно.
10 Бурхан өшөө авч байгааг зөв хүн хараад баярлана.
Зөв хүний хөл муу хүмүүсийн цусанд дүрэгдэнэ.
11 Тэгэхэд хүмүүс: «Зөв хүн шагналаа авдаг юм байна.
Газар дэлхийг шүүдэг Бурхан үнэхээр байдаг юм байна» гэлцэх болно.