Дуулал
71 Ехова минь ээ, би танд хоргоддог.
Намайг хэзээ ч шившиг бүү болгооч.
2 Та зөв шударга учир намайг авран хамгаалаач.
Чих тавин сонсоод*, намайг авраач.
3 Байнга очиж хоргоддог
Бат цайз минь болооч.
Намайг аврах тушаал буулгаач.
Учир нь та бол миний хад, миний бэхлэлт юм.
4 Бурхан минь ээ, намайг муу хүний гараас,
Шударга бус дарлагчийн савраас авраач.
5 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова минь ээ, та бол миний найдвар.
Хар залуугаасаа би танд итгэж найдсан.
6 Би төрсөн цагаасаа л танд найдсан.
Эхийн минь хэвлийгээс намайг гаргасан нь та билээ.
Би таныг үргэлж магтана.
7 Олон хүн намайг гайхан хардаг.
Гэвч та бол миний найдвартай хоргодох газар.
8 Амаараа би таныг магтана.
Алдрыг тань өдөржин ярина.
9 Хөгшрөхөд минь намайг бүү хаяач.
Хүч чадал минь харихад намайг бүү орхиоч.
10 Дайснууд намайг муулж,
Амийг минь авах гэсэн хүмүүс хуйвалдан,
11 «Бурхан түүнийг орхисон.
Түүнийг аврах хэн ч байхгүй тул араас нь хөөгөөд барьж авъя» гэдэг.
12 Бурхан минь ээ, надаас бүү хол байгаач.
Бурхан минь ээ, надад туслахаар яараач.
13 Намайг эсэргүүцэгчид
Шившиг болж, сөнөг.
Намайг зовоохыг хүсэгчид
Нэр нүүрээ барж, шалдаа бууг.
14 Харин би таныг хүлээх л болно.
Таныг улам их магтана.
15 Таны зөв шударга байдал,
Таны авралын үйлсийг би өдөржин ярина.
Тэдгээр нь тоолшгүй олон байсан ч би ярина.
16 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова минь ээ,
Би таны хүчирхэг үйлсийн тухай ярина.
Би таны, зөвхөн таны зөв шударга байдлын тухай ярина.
17 Бурхан минь ээ, та залуугаас минь надад заасан.
Би одоо болтол таны гайхамшигт үйлсийг тунхагладаг.
18 Бурхан минь ээ, би хөгширч, үс минь бууралтлаа ч намайг битгий орхиоч.
Хойч үеийнхэнд таны хүчний тухай,
Ирэх үеийнхэнд таны чадлын тухай ярихыг минь зөвшөөрөөч.
19 Бурхан минь ээ, таны зөв шударга байдал агуу.
Та агуу үйлс бүтээсэн.
Бурхан минь ээ, тантай адил хэн байна вэ?
20 Та надад их зовлон гамшиг үзүүлсэн.
Гэвч одоо намайг сэргээгээч.
Намайг газрын гүнээс* татаж гаргаач.
21 Нэр төрийг минь сэргээж өгөөч.
Намайг хамгаалж, тайвшруулаач.
22 Тэгвэл би таныг чавхдаст хөгжмөөр магтана.
Учир нь Бурхан минь та итгэмжит билээ.
Израйлын Ариун Нэгэн минь ээ,
Би танд зориулж босоо ятга тоглон магтуу дуулна*.
23 Би таныг магтан дуулахдаа баярлан хашхирна.
Та миний амийг аварсан билээ.
24 Таны зөв шударгын тухай би өдөржин ярина*.
Учир нь намайг сүйрүүлэхийг хүсэгчид шившиг болж нэр нүүрээ барна.