Дуулал
Корагийн хөвгүүдийн дуу. Удирдаачид: махалат*. Харилцаа дуу. Езра хүн Хеманы маскил*.
88 Аврагч Бурхан Ехова!
Би өдөр нь тан руу хашхирч,
Шөнө нь танд бараалхдаг.
2 Залбирал минь танд хүрэг.
Тусламж гуйн хашхирахыг минь сонсооч.
3 Би* гамшиг зовлонд баригдлаа.
Миний амь Булшны* ирмэгт тулж очлоо.
4 Би нүх рүү явж байгаа* хүмүүсийн тоонд орсон.
Би арчаагүй дорой нэгэн* болсон.
5 Үхэгсдийн дунд хаягдан,
Булшинд хэвтэх алагдагсад мэт болсон.
Та тэднийг хойшид санахгүй.
Та тэдэнд цаашид санаа тавихгүй.
6 Та намайг ёроолгүй нүхэнд,
Харанхуй ангалд хаясан.
7 Таны уур хилэн надад хүнддэж байна.
Та хүчит давлагаагаараа намайг бяцалж байна. (Села)
8 Та надаас танилуудыг минь холдуулж,
Тэдэнд намайг жигшмээр зүйл болгосон.
Би урхинд ороод мултарч чадахгүй байна.
9 Зовлонгоос болж нүд минь муудлаа.
Ехова минь ээ, өдөржин би таныг дууддаг.
Өөрийн гарыг тан руу сунгадаг.
10 Та үхэгсдийн төлөө гайхамшиг үйлдэнэ гэж үү?
Үхсэн хүмүүс босоод таныг магтана гэж үү? (Села)
11 Булшинд таны үнэнч хайрын тухай ярьж,
Сүйрлийн газарт* таны итгэмжит байдлын тухай тунхаглана гэж үү?
12 Харанхуйд таны гайхамшгийн тухай ярьж,
Мартагдсан газарт таны зөв шударгын тухай тунхаглана гэж үү?
13 Ехова минь ээ, би тан руу хашхирч тусламж гуйсаар байна.
Өглөө бүр залбирч байна.
14 Ехова минь ээ, та яагаад намайг голно вэ?
Та яагаад надаас нүүрээ нууна вэ?
15 Би залуугаасаа зовлон үзэж, үхлийн ирмэг дээр ирж байсан.
Надад учирсан аймшигт зовлонг та болиулаагүй учраас
Би хөдлөх ч тэнхэлгүй болсон.
16 Таны дүрэлзсэн хилэн намайг нөмөрч,
Таны учруулсан аймшиг намайг хөнөөлөө.
17 Тэдгээр нь өдөржин намайг ус мэт бүсэлж,
Бүх талаас минь* бүчин авлаа.
18 Та анд найзууд, танил нөхдийг минь надаас холдуулсан учир
Харанхуй л миний найз боллоо.