Египетээс гарсан нь
13 Ехова цааш нь Мосед 2 «Израйлчуудын ууган хүү бүрийг надад зориулж ариусга*. Ууган хүү, ууган эр төл бүр минийх» гэж айлдав.
3 Мосе ард түмэнд «Ехова та нарыг хүчирхэг мутраараа Египетээс гаргасан учраас боолчлолын гэр болох Египетээс гарсан энэ өдрөө санаж яваарай. Мөн ямар ч исгэсэн юм идэж болохгүй. 4 Та нар Абиб* сарын энэ өдөр Египетээс гарсан. 5 Бурхан канаанчууд, хитчүүд, аморичууд, хивичүүд, иебусчуудын нутгийг та нарт өгнө гэж эцэг өвгөдөд чинь амласан. Тэр бол сүү балаар бялхсан нутаг. Ехова та нарыг тэр нутагт аваачихад та нар жил бүрийн Абиб сард үүнийг сахих ёстой. 6 Та нар долоон хоног исгээгүй талх иднэ. Долоо дахь өдөр нь Еховад зориулсан баяр болно. 7 Долоон хоног исгээгүй талх идээрэй. Та нарт исгэсэн юм юу ч байж болохгүй. Нутагтаа ямар ч хөрөнгө бүү байлга. 8 Бас хүүхдүүддээ “Намайг Ехова Египетээс яаж чөлөөлснийг санахын тулд ингэдэг юм” гэж хэл. 9 Энэ ёслол нь Еховагийн хуулийг ярих хэрэгтэйг та нарт гар, духан дахь тэмдэг мэт сануулах болно. Яагаад гэвэл Ехова та нарыг хүчирхэг мутраараа Египетээс гаргасан юм. 10 Жил бүр тогтсон цагт нь энэ зааврыг дагаж байгтун.
11 Ехова та нарт болон эцэг өвгөдөд чинь тангарагласнаараа та нарыг канаанчуудын нутагт аваачиж тэр газрыг өгөхөд 12 та нар ууган хүү, мал сүргийнхээ ууган эр төл бүрийг Еховад зориулах ёстой. Учир нь тэд Еховагийнх юм. 13 Ууган эр дудрангийн оронд хонь өргө. Хонь өргөхгүй гэвэл илжигнийхээ хүзүүг хугал. Харин ууган хүү бүрээ амьд үлдээх ёстой.
14 Хожим хойно хүүхдүүд чинь “Яагаад ингэдэг юм бэ?” гэж та нараас асуувал “Ехова хүчирхэг мутраараа биднийг боолчлолын гэр болох Египетээс гаргасан. 15 Фараон биднийг явуулахгүй гэж зөрүүдлэн муйхарлахад Ехова Египетийн бүх ууганыг хүн, мал гэлгүй бүгдийг нь хөнөөсөн. Тийм учраас бид ууган эр төл бүрээрээ Еховад тахил өргөж, ууган хөвгүүдээ авч үлддэг юм” гэж хэл. 16 Энэ ёслол нь Ехова та нарыг хүчирхэг мутраараа Египетээс гаргасныг гар, духан дахь тэмдэг мэт сануулах болно» гэжээ.
17 Фараон ард түмнийг явуулахад Бурхан тэднийг филистчүүдийн нутгийн замаар дагуулж явсангүй. Уг нь тэр зам дөт байсан боловч Бурхан: «Ард түмэн дайн тулаантай нүүр тулбал бодлоо өөрчилж Египет рүү буцах вий» гэсэн юм. 18 Харин тойруу замаар буюу Улаан тэнгисийг чиглэсэн цөлийн замаар явуулав. Израйлчууд Египетийн нутгаас цэргүүд мэт эмх журамтай гарчээ. 19 Мосе Иосефын ясыг авч явав. Яагаад гэвэл Иосеф Израйлын хөвгүүдэд «Бурхан та нарыг анхаарах нь дамжиггүй. Та нар миний ясыг эндээс авч яваарай» гэж хэлээд тангараглуулж байсан юм. 20 Тэд Суккотоос хөдөлж цөлийн зах дахь Етамд буудаллав.
21 Ехова тэднийг өдөр ч, шөнө ч явж болохуйцаар өдөр нь үүлэн баганаар зам зааж, шөнө нь галан баганаар гэрэлтүүлэн тэдний өмнө явж байлаа. 22 Өдөр нь үүлэн багана, шөнө нь галан багана ард түмнээс холдсонгүй.