Элчүүдийн үйлс
15 Иудейгээс ирсэн хэсэг хүн: «Мосегийн хуулийг баримтлан хөвч таслуулахгүй л бол Бурхан та нарыг аврахгүй» гэж зааж эхэлжээ. 2 Үүнээс болж Паул Барнаб хоёр тэдэнтэй санал зөрж, нэлээн маргалджээ. Тиймээс энэ асуудлыг шийдүүлэхээр хэдэн дагалдагчийг Паул Барнаб хоёртой хамт Иерусалимд буй элчүүд, ахлагчид руу явуулахаар болов.
3 Хурлынхан тэднийг үдэж гаргав. Паул Барнаб хоёр Финики, Самариар дайрч явахдаа харь үндэстнүүд Бурханд итгэдэг болсон талаар нэгд нэгэнгүй ярихад ах дүү нар баяр хөөр болж байлаа. 4 Тэднийг Иерусалимд ирэхэд хурлынхан, элчүүд, ахлагчид найрсгаар угтан авчээ. Бурхан өөрсдийг нь удирдан их юм хийлгэснийг Паул Барнаб хоёр ярьж өгөв. 5 Гэтэл фарисай байсан дагалдагчдын зарим нь суудлаасаа босож «Хөвч таслуулж, Мосегийн хуулийг сахь хэмээн тэдэнд тушаах шаардлагатай» гэжээ.
6 Тэгээд элчүүд, ахлагчид энэ асуудлыг нягтлахаар цуглалаа. 7 Нэлээд их маргасны эцэст Петр босож «Ах дүү нар аа, харь үндэстнүүдэд сайн мэдээ хүргэж, тэднийг дагалдагч болгохын тулд та бүхний дундаас Бурхан намайг сонгосныг бүгдээрээ мэдэх билээ. 8 Зүрхийг мэддэг Бурхан агуу хүчээ бидэнд өгсөн шигээ тэдэнд ч бас өгч сайшааж байгаагаа гэрчлэн 9 хэнийг ч ялгаагүй. Харин ч өөрт нь итгэсэн тэдний зүрхийг ариусгасан. 10 Ийм байтал яагаад та нар бидний өвөг дээдэс ч, бид өөрсдөө ч үүрч чадаагүй буулгыг шавь нарт үүрүүлж Бурхныг сорино вэ? 11 Тэд бас бидэнтэй адил Эзэн Есүсийн нигүүлслээр аврагдана гэж бид итгэдэг» гэж хэллээ.
12 Ингэж хэлэхэд нь бүх хүн чимээгүй болж, Бурхан өөрсдөөр нь харь үндэстнүүдийн дунд олон гайхамшиг үйлдүүлсэн талаар Барнаб Паул хоёрын ярихыг сонслоо. 13 Тэднийг ярьж дуусахад Яаков: «Ах дүү нар аа, намайг сонсоно уу. 14 Бурхан нэрийнхээ төлөөх ард түмнийг харь үндэстнүүдийн дундаас сонгож авахын тулд тэдэнд анх хэрхэн анхаарлаа хандуулсан талаар Симеон* дэлгэрэнгүй ярилаа. 15 Энэ нь Зөнчдийн бичсэнтэй тохирдог. 16 “Эдгээр явдлын дараа би буцаж ирээд Давидын нурсан асрыг босгож, үлдэгдлийг нь сэргээнэ. 17 Ингэснээр үлдсэн хүмүүс нь миний нэрээр дуудагдсан хүмүүс буюу бүх үндэстэнтэй хамт намайг шаргуу хайх юм гэж эдгээрийг үйлдэж буй Ехова* айлдаж байна. 18 Би энэ тухай эртнээс мэдэгдсэн” гэсэн байдаг. 19 Иймээс Бурханд итгэдэг болсон харь үндэстнүүдэд төвөг учруулахгүй байхыг зөв гэж бодож байна. 20 Харин шүтээнтэй холбоотой бүх юм, садар самуун*, боомилж нядалсан аливаа зүйл, цусыг цээрлэгтүн гэж тэдэнд бичье. 21 Яагаад гэвэл Мосегийн бичсэнийг хот болгонд сургаж, Амралтын өдөр бүр синагогуудад уншиж сонсгодог эртний заншилтай шүү дээ» гэжээ.
22 Элчүүд, ахлагчид, хурлынхан бүгдээрээ хэдэн хүнийг сонгоод Паул Барнаб хоёртой Антиох руу явуулахаар шийдлээ. Сонгосон хүмүүс нь удирдах үүрэг хүлээдэг Барсаб гэгддэг Юудас Силас нар байв. 23 Тэднээр дамжуулсан захидалдаа ингэж бичсэн байлаа.
«Элчүүд, ахлагчдаас Антиох, Сири, Килик дахь харь үндэстэн ах дүү нарт. Эрхэм хүндэт ах дүү нар аа! 24 Бидний дундаас хэдэн хүн та нар луу очиж, та нарыг үймүүлэх юм ярин төвөг учруулсныг сонслоо. Уг нь, бид тийм заавар өгөөгүй юм. 25 Тиймээс хайрт Барнаб Паул хоёртой хамт хоёр хүн явуулахаар санал нэгтэй шийдлээ. 26 Барнаб Паул хоёр бол Эзэн Есүс Христийн төлөө амь амьдралаа зориулсан хүмүүс билээ. 27 Бас Юудас Силас хоёрыг илгээж байна. Захидалд юу бичсэнийг тэд ярина. 28 Та нарт дараах шаардлагыг тавих нь зүйтэй боловч өөр зүйлээр дарамт учруулахгүй байхыг бид Бурхны агуу хүчээр удирдуулж ойлгосон. 29 Шүтээнд өргөсөн юм, цус, боомилж нядалсан аливаа зүйл, садар самууныг* цээрлэгтүн. Болгоомжтой байж эдгээрээс хол явбал сайн сайхан байна. Эрүүл энхийг хүсье!*».
30 Ингээд томилогдсон хүмүүс Антиохт очиж тэндхийн дагалдагчдыг бүгдийг нь цуглуулаад захидлыг өгөв. 31 Дагалдагчид урмын үгтэй захидал уншаад баяр хөөр болов. 32 Юудас Силас хоёр зөнч байсан бөгөөд ах дүү нар тэдний яриаг сонсоод урам зориг орж, бат итгэлтэй болж байлаа. 33 Юудас Силас хоёр тэнд хэсэг байгаад өөрсдийг нь илгээсэн хүмүүс рүү буцах болоход ах дүү нар сайн сайхныг хүсээд гаргаж өгөв. 34 —* 35 Харин Паул Барнаб хоёр Антиохт үлдэж бусад дагалдагчтай хамт Еховагийн* үгийг зааж, сайн мэдээ тунхаглаж байлаа.
36 Хэд хоногийн дараа Паул Барнабт «Еховагийн* үгийг тунхагласан хот болгонд очиж ах дүү нарынхаа ямар байгааг харъя» гэжээ. 37 Барнаб Марк гэгддэг Ёоханыг авч явахаар шийдсэн байлаа. 38 Харин Паул, төлөвлөсөн ажлаа гүйцээлгүй өөрсдийг нь Памфулд хаяж явсан Маркийг авч явах дургүй байв. 39 Тэд ширүүн маргалдаж, улмаар салж явжээ. Барнаб Маркийг дагуулаад Кипр лүү усан онгоцоор явав. 40 Харин Паул Силасыг дагуулж явахаар сонгожээ. Тэгээд ах дүү нар өөрийнх нь төлөө Еховад* залбирч, сайхан сэтгэлээр харж хандахыг гуйсны* дараа Паул замд гарчээ. 41 Паул Сири, Киликээр явж дагалдагчдын итгэлийг бэхжүүлж байлаа.