Галатчуудад бичсэн захидал
4 Өв залгамжлагч нь бүгдийн эзэн боловч хүүхэд байхдаа боолоос ялгагдах юмгүй байдаг. 2 Эцгийнхээ товлосон цаг болтол даамал болон асран халамжлагчийн хяналтанд байдаг. 3 Үүнтэй адилаар бид ч хүүхэд байхдаа энэ ертөнцийн үндсэн зарчмуудыг боол мэт баримталж явсан. 4 Цаг нь болж Бурхан Хүүгээ илгээхэд Хүү нь эмэгтэй хүнээс төрсөн бөгөөд хууль сахиж амьдарсан. 5 Тэрээр хууль сахидаг хүмүүсийг чөлөөлөхийн тулд үнэ төлсөн учир Бурхан биднийг үрчилж авахаар болсон.
6 Одоо та нар хүүхдүүд нь болсон учраас Бурхан Хүүдээ өгсөн агуу хүчээ та бидэнд* хайрласан. Тийм учраас бид: «Абба*, Эцэг!» гэж дууддаг. 7 Тэгэхээр одоо боол биш, хүү нь учраас Бурхан таныг өв залгамжлагч болгосон юм.
8 Та нар Бурхныг мэддэггүй байхдаа хуурамч бурхдад боолчлогддог байсан. 9 Гэхдээ одоо Бурхныг мэддэг болсон, Бурхан ч та нарыг мэддэг болсон атал юунд энэ ертөнцийнхний дорой буурай зарчмуудыг дахиж баримтлах гээд байгаа юм бэ? 10 Та нар өдөр, сар, улирал*, жилийг чухалчлан тэмдэглэдэг. 11 Та нарт туслах гэсэн миний хичээл зүтгэл талаар болсон байх вий гэж айж байна.
12 Ах дүү нар аа, над шиг болохыг та нараас гуйя. Яагаад гэвэл би та нартай л адил байсан. Та нар надад муу юм хийгээгүй. 13 Өвчин эмгэгээс болж өөрсдөд чинь сайн мэдээ тунхаглах боломж надад олдсоныг та бүхэн мэднэ. 14 Өвдөж зовсон би та нарт төвөг болсон ч та нар жигшиж зэвүүцээгүй. Харин ч Бурхны тэнгэрийн элч мэт, Христ Есүс мэт хүлээж авсан. 15 Тийм их баяр хөөртэй байсан та нар одоо яав аа? Болдог бол, нүдээ ухаж аваад надад өгөхөд бэлэн байсныг мэдэж байна. 16 Би үнэнийг хэлсэн учраас та нарын дайсан болоо юу? 17 Тэд та нарыг талдаа оруулахыг чармайдаг нь сайндаа биш шүү дээ. Харин надаас холдуулж өөрсдийнхөө араас дагуулахыг хүсдэг учраас тэр шүү дээ. 18 Хэн нэг хүн намайг байхад ч биш, харин үргэлж сайн санааны үүднээс та нарыг анхаардаг бол сайн юм сан. 19 Балчир хүүхдүүд минь ээ, та нараас болоод би одоо дуншиж буй эмэгтэй мэт зовж байна. Та нар Христийг дуурайдаг болсон цагт би зовохоо болино. 20 Та нартай уулзаж, аядуу зөөлөн ярих юм сан. Би та нарыг яахаа мэдэхгүй байна.
21 Хууль сахихыг хүсээд байгаа та нар Хуульд юу гэж байдгийг мэддэггүй юм уу? 22 Абрахамд шивэгчнээс төрсөн, эрх чөлөөт эмэгтэйгээс төрсөн хоёр хүү байсан гэж бичсэн байдаг шүү дээ. 23 Гэхдээ шивэгчнээс төрсөн нь жам ёсных, харин эрх чөлөөт эмэгтэйгээс төрсөн нь Бурхны амлалтын дагуух юм. 24 Энэ үйл явдал бэлгэдлийн утгатай. Хоёр эмэгтэй бол хоёр гэрээ юм. Нэгийг нь Синаи ууланд байгуулсан бөгөөд энэ гэрээнд багтдаг хүмүүс нь боол. Уг гэрээг Хагартай зүйрлэж болно. 25 Хагар нь Арабт байдаг Синаи уул бөгөөд өнөөгийн Иерусалимыг бэлгэддэг. Учир нь Иерусалим хүүхдүүдтэйгээ хамт боолчлолд байна. 26 Харин тэнгэрт байдаг Иерусалим нь эрх чөлөөтэй бөгөөд бидний эх мөн.
27 «Хүүсэр эмэгтэй чи баярла. Дуншиж үзээгүй эмэгтэй чи баярлан хашхир. Учир нь хүүсэр эмэгтэйн хүүхдүүд нөхөртэй эмэгтэйнхээс олон юм» гэж бичсэн байдаг. 28 Ах дүү нар аа, та нар Исаактай адилаар Бурхны амлалтын дагуу төрсөн юм. 29 Жам ёсоор төрсөн нэгэн нь Бурхны агуу хүчний ачаар төрсөн нэгнээ хавчиж эхэлсэн шиг одоо бас тийм байна. 30 Гэхдээ сударт юу гэж байдаг билээ? «Шивэгчнийг хүүтэй нь хамт явуул. Учир нь шивэгчний хүү эрх чөлөөт эмэгтэйгээс төрсөн хүүтэй хамт өв залгамжлахгүй» гэсэн байдаг. 31 Тэгэхээр, ах дүү нар аа, бид шивэгчний бус, эрх чөлөөт эмэгтэйн хүүхдүүд мөн.