Лукийн бичсэн сайн мэдээ
16 Есүс шавь нартаа ийн ярив. «Нэг баян хүн хөрөнгийг нь үрэн таран хийж байгаа нярвынхаа* талаар дуулжээ. 2 Тиймээс нярваа дуудаж “Чиний талаар базаахгүй юм дуулдлаа. Явж, мөнгийг минь юунд зарцуулснаа бичиж тайлан гарга. Үүнээс хойш чамаар нярав хийлгэхгүй” гэжээ. 3 Өнөөх нярав “Эзэн маань намайг халах гэж байдаг. Одоо яадаг билээ? Би газар хагалах хүч тэнхээгүй, гуйлга гуйхаас ичиж байна. 4 Аан, одоо юу хийхээ би мэдлээ. Нярвын ажлаасаа халагдахад тэд намайг гэртээ хүлээж авах болно” хэмээгээд 5 эзэнд нь өртэй бүх хүнийг дуудав. Эхний хүнээс “Та манай эзэнд хэчнээн хэмжээний өртэй вэ?” гэж асуухад 6 “100 хэмжүүр* чидуны тосны өртэй” гэжээ. Нярав: “Зээлийн гэрээгээ аваад 50 гэж бушуухан бич” гэлээ. 7 Дараа нь өөр нэг хүнд “Та хэр их өртэй вэ?” гэхэд “100 уут* улаан буудайн өртэй” гэв. Нярав: “Зээлийн гэрээгээ аваад 80 гэж бич” хэмээжээ. 8 Шударга бус ч ухаалаг байсных нь төлөө эзэн нь нярваа сайшаасан юм. Өнөө үеийн* хүмүүс өөрсдийн цаг үеийн хэргийг шийдэхдээ гэрлийн хөвгүүдээс илүү ухаалаг ажээ.
9 Шударга бус эд баялгаараа найз нөхөдтэй бол. Тийм баялаг үгүй болох цагт тэд та нарыг мөнх амьдрах газар нутагт хүлээж авна. 10 Өчүүхэн юманд үнэнч ханддаг хүн их юманд ч үнэнч ханддаг. Өчүүхэн юманд шударга бус ханддаг хүн их юманд ч шударга бус ханддаг. 11 Тиймээс та нар шударга бус эд баялагт үнэнч хандаагүй бол хэн та нарт жинхэнэ эд баялгийг даатгах билээ? 12 Та нар бусдын юманд үнэнч хандаагүй бол хэн та нарыг шагнаж өөрийн юмтай болгох юм бэ? 13 Ямар ч боол хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Учир нь нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлана. Эсвэл нэгэнд нь үнэнч байж, нөгөөг нь үл тооно. Нэгэн зэрэг Бурхан болон эд баялгийн боол байх аргагүй».
14 Мөнгөнд дуртай фарисайчууд үүнийг сонсоод тохуурхан инээлдэв. 15 Тиймээс Есүс тэдэнд ингэж хэлэв. «Та нар хүмүүст зөв хүн мэт харагдах гэж хичээдэг. Гэхдээ Бурхан та нарын зүрхийг мэддэг. Учир нь хүний эрхэмлэдэг юм Бурханд жигшүүртэй байдаг.
16 Хууль болон зөнчдийн бичсэн нь Ёоханыг иртэл тунхаглагдсан. Түүнээс хойш Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглагдаж байгаа бөгөөд Бурхны Хаант төрд багтахын төлөө янз бүрийн хүн тэмүүлж байна. 17 Тэнгэр газар үгүй болсон ч Хуульд бичигдсэн бүхэн биелтэл нэг ч үсэг, нэг ч цэг тэмдэг үгүй болохгүй.
18 Эхнэрээсээ салж өөр эмэгтэйтэй гэрлэсэн хэн боловч завхайрсан хэрэг. Салсан эмэгтэйтэй гэрлэсэн хэн боловч завхайрсан хэрэг.
19 Ягаан өнгөтэй, маалинган хувцас өмсдөг нэгэн баян хүн тансаг хангалуун амьдардаг байлаа. 20 Харин яр шархандаа баригдсан Лазар гэдэг гуйлгачныг хүмүүс өнөөх баяны үүдэнд авчирдаг байв. 21 Тэрээр баяны ширээнээс унах үйрмэгийг цадталаа идэх сэн гэж боддог байлаа. Яр шархыг нь ноход ирж долоодог байжээ. 22 Хэсэг хугацааны дараа гуйлгачин нас барж, тэнгэрийн элчүүд түүнийг Абрахамын хажууд* тавив.
Баян ч нас барахад түүнийг оршуулжээ. 23 Өнөөх баян булшинд* тарчилж байхдаа нүдээ нээж тэртээ алсад байгаа Абрахамыг болон хажууд* нь байгаа Лазарыг харав. 24 Баян: “Абрахам эцэг минь, намайг өрөвдөж Лазарыг над руу явуулаач. Лазар хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хэлийг минь норгог. Энэ дүрэлзсэн гал дотор би тарчилж байна” гэв. 25 Абрахам: “Хүү минь, чи насаараа л сайн сайхан явсан биз дээ. Харин Лазар их зовсон. Одоо тэрээр энд тайтгарч, чи тэнд зовж байна. 26 Түүнээс гадна, чи бидний дунд гүн ангал байгаа. Тиймээс эндээс наана чинь, наанаас чинь энд хэн ч ирж, очиж чадахгүй” гэжээ. 27 Тэгтэл баян: “Тэгвэл эцэг минь, Лазарыг эцгийн минь гэр лүү явуулна уу. 28 Лазар таван дүүд минь сайн хэлж яриг. Тэгвэл тэд зовлонтой энэ газар ирэхгүй шүү дээ” гэв. 29 Абрахам: “Тэдэнд Мосе болон зөнчдийн бичсэн ном байгаа шүү дээ. Тэд тэнд бичсэнийг сахиг” гэлээ. 30 Баян: “Абрахам эцэг минь, тэд сахихгүй. Харин үхсэн хүн амилаад очвол тэд гэмшинэ” гэхэд 31 Абрахам: “Хэрэв тэд Мосе болон зөнчдийн бичсэнийг сахидаггүй юм бол амилсан хүнд ч итгэхгүй” гэж хэлжээ».