Тооллого
31 Ехова дараа нь Мосед 2 «Израйлчуудын төлөө мидианчуудаас өшөө ав. Дараа нь чи эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрсоно» гэлээ.
3 Иймээс Мосе ард олонд «Мидианчуудаас Еховагийн өшөөг авахын тулд тэдэнтэй дайтах эрчүүдийг бэлд. 4 Израйлын овог бүрээс 1 000 хүнийг цэрэгт татах ёстой» гэжээ. 5 Иймээс овог бүрээс 1 000 хүнийг сонгож нийтдээ Израйлын мянгатуудаас 12 000 хүнийг дайчлан бэлтгэв.
6 Ингээд Мосе овог бүрээс 1 000 хүнийг Елеазарын хүү, тахилч Финехастай хамт дайнд явуулав. Финехас ариун эд хэрэгслүүд болон түгшүүрийн бүрээнүүдийг хариуцаж байлаа. 7 Тэд Еховагийн Мосед тушааснаар мидианчуудтай дайтаж, эрэгтэйчүүдийг нь бүгдийг нь хядав. 8 Алагдсан хүмүүсийн дунд Мидианы таван хаан болох Еви, Рекем, Зур, Хур, Реба байлаа. Израйлчууд мөн Беорын хүү Балаамыг илдээр хөнөөв. 9 Харин Мидианы эмэгтэйчүүд, хүүхдүүдийг олзолж, бүх мал амьтан, эд хөрөнгийг нь тоножээ. 10 Мөн мидианчуудын амьдарч байсан хот суурингуудыг галдан шатаав. 11 Харин тэд тоносон, олзолсон болгоноо хүн малын аль нь ч байсан бүгдийг авчээ. 12 Тэд олзолсон, тоносон юмс, олзны хүмүүсээ Иерихогийн харалдаа, Иорданы ойролцоох Моабын талд буй хуаранд Мосе, тахилч Елеазар, Израйлын чуулган руу авчирлаа.
13 Тэгэхэд Мосе, тахилч Елеазар, чуулганы удирдагчид тэдэнтэй уулзахаар хуарангаас гарав. 14 Тэгээд Мосе дайны талбараас ирсэн дайчдын удирдагчид болох зуут, мянгатын дарга нарт уурлав. 15 Мосе тэдэнд «Та нар эмэгтэйчүүдийг нь амьд үлдээчихсэн юм уу? 16 Тэд чинь Пеорын хэрэг явдлын үеэр Балаамын зөвлөгөөгөөр израйлчуудыг уруу татаж Еховагаас урвуулаа биз дээ? Тэрнээс болоод Еховагийн чуулган дээр гамшиг буугаагүй гэж үү? 17 Одоо та нар эрэгтэй хүүхдүүдийг нь, бас эр хүнтэй хавьтсан эмэгтэйчүүдийг нь бүгдийг нь ал. 18 Харин эр хүнтэй хавьтаж байгаагүй охидыг нь амьд үлдээ. 19 Та нар хуарангийн гадна долоон хоног байх ёстой. Та нар болон олзолсон хүмүүсээс чинь хүн алсан хүмүүс бас алуулсан хүнд хүрсэн хүн бүр гурав, долоо дахь өдрөө өөрийгөө ариусгах ёстой. 20 Та нар бас бүх хувцас, арьсан эдлэл, ямааны хялгасаар хийсэн юм, модон эдлэлээ ариусгах ёстой» гэлээ.
21 Дараа нь тахилч Елеазар дайнд явж ирсэн дайчдад «Ехова Мосед ийм хууль өгсөн. 22 “Алт, мөнгө, зэс, төмөр, цагаан тугалга, хар тугалга 23 зэрэг галд тэсвэртэй бүхнийг галд хийж цэвэршүүл. Гэсэн хэдий ч усаар бас цэвэршүүлэх ёстой. Галд тэсвэргүй бүхнийг усаар угаагтун. 24 Бас та нар долоо дахь өдрөө хувцсаа угааж цэвэр болох ёстой. Тэгээд хуаранд орж болно”» гэв.
25 Дараа нь Ехова Мосед 26 «Чи олзны хүн мал, эд зүйлсийг тахилч Елеазар болон чуулганы эцгийн бүлүүдийн тэргүүнүүдтэй хамт бүгдийг нь тоолж бүртгэ. 27 Олз омгоо хоёр хувааж дайнд явсан дайчдад болон бусад израйлчуудад өг. 28 Чи дайнд явсан дайчдад оногдсон олзны хүн, үхэр, илжиг, бог малын 500 тутмаас нэгийг Еховад хувь болгож өгөгтүн. 29 Чи үүнийг тэдэнд оногдсон хагасаас авч Еховад зориулсан хандив болгон тахилч Елеазарт өгөгтүн. 30 Мөн израйлчуудад өгсөн нөгөө хагас нь болох олзны хүн, үхэр, илжиг, бог мал, төрөл бүрийн мал амьтны 50 тутмаас нэгийг ав. Тэдгээрийг Еховагийн асартай хамаатай үүрэг гүйцэтгэдэг левичүүдэд өгөгтүн» гэжээ.
31 Ингээд Мосе тахилч Елеазар хоёр Еховагийн Мосед тушаасныг ёсчлон биелүүлсэн бөгөөд 32 дайнд явсан хүмүүсийн олзолсноос үлдсэн нь: бог мал 675 000, 33 үхэр 72 000, 34 илжиг 61 000 байсан юм. 35 Эр хүнтэй хавьтаж байгаагүй эмэгтэйчүүд 32 000 байлаа. 36 Тэдгээр олзны хагас нь буюу дайнд явсан хүмүүсийн хувь нь 337 500 бог мал бөгөөд 37 Еховад оногдох хувь нь 675 бог мал байв. 38 Үхэр 36 000 байснаас Еховад оногдох хувь нь 72, 39 илжиг 30 500 байснаас Еховад оногдох хувь нь 61, 40 олзны хүн 16 000 байснаас Еховад оногдох хувь нь 32 байлаа. 41 Мосе Еховагийн тушааснаар Еховад зориулсан тэдгээр бүх хандивыг тахилч Елеазарт өгчээ.
42 Дайнд явсан хүмүүсийн олзноос Мосегийн израйлчуудад тасалж өгсөн нөгөө хагас олз нь: 43 бог мал 337 500, 44 үхэр 36 000, 45 илжиг 30 500, 46 олзны хүн 16 000 байв. 47 Тэгээд Мосе израйлчуудад оногдсон олзны хүн болон амьтдын 50 тутмаас нэгийг авч Еховагийн асартай хамаатай үүргийг гүйцэтгэдэг левичүүдэд өгөв. Мосе яг Еховагийн тушаасан ёсоор гүйцэтгэжээ.
48 Дараа нь цэргийн бүлгүүдийг удирдахаар томилогдсон эрчүүд буюу зуут, мянгатын дарга нар Мосе руу дөхөж очоод 49 Мосед «Зарц нар тань удирдлага доороо байдаг дайчдаа тоолж үзэхэд нэг нь ч дутаагүй, бүгд байна. 50 Иймээс бидний хүн нэг бүр Еховагийн өмнө нүглээ уучлуулахын тулд олж авсан алтан эдлэл, шагайн зүүлт, бугуйвч, тамгат бөгж, ээмэг зэрэг үнэт эдлэлээ Еховад өргөл болгон өргөе» гэлээ.
51 Мосе тахилч Елеазар хоёр тэднээс алт, бүх үнэт эдлэлийг авчээ. 52 Мянгатын дарга, зуутын дарга нарын Еховад хандивласан бүх алт нь 16 750 шекел* байлаа. 53 Дайчид бүгдээрээ олзноос хувь хүртсэн байв. 54 Мосе тахилч Елеазар хоёр мянгат, зуутын дарга нараас алт хүлээн авч түүнийгээ Еховагийн өмнө израйлчуудын төлөөх дурсгал болгохын тулд цугларалтын асарт авчрав.