Лукийн бичсэн сайн мэдээ
19 Есүс Иерихо хотын дундуур явж байлаа. 2 Тэнд татвар хураагчдын ахлагч Закхай гэгч баян хүн байжээ. 3 Закхай Есүсийг харах гэж ихэд хүссэн боловч эргэн тойронд нь цугласан олон түмнээс болоод харж чадсангүй. Тэгээд ч Закхай намхан хүн байжээ. 4 Тиймээс Есүсийг харах гэж гүйн ялам модонд авирч гарчээ. Есүс түүгээр явж өнгөрөх гэж байв. 5 Есүс тэнд ирээд дээшээ харж, «Закхай, түргэн буугаад ир. Өнөөдөр би танайд хононо» гэхэд 6 Закхай яаран бууж, баяр хөөр болсоор Есүсийг гэртээ урив. 7 Үүнийг харсан бүхэн «Нүгэлтний гэрт очихоор явлаа» хэмээн дургүйцэн шивнэлдэж байлаа. 8 Закхай босож зогсоод Эзэнд хандан «Эзэн, би хөрөнгөнийхөө талыг ядууст өгнө. Залилж авсан* бүхнээ дөрөв нугалан буцааж өгнө» гэж хэлжээ. 9 Тэгэхэд Есүс: «Өнөөдөр энэ айл аврагдлаа. Закхай ч гэсэн Абрахамын хүү шүү дээ. 10 Учир нь хүний Хүү төөрснийг хайж олоод аврахаар ирсэн юм» хэмээв.
11 Энэ бүхнийг сонсож байсан шавь нартаа Есүс өөр нэг жишээ ярьжээ. Учир нь Иерусалимд очиход нь Бурхны Хаант төр шууд илэрхий болно гэж тэд бодож байлаа. 12 Тиймээс Есүс: «Нэгэн язгууртан хүн хаан болоод буцаж ирэхээр алс холыг зорьжээ. 13 Арван зарцаа дуудаж, 10 мина* өгөөд “Намайг иртэл энэ мөнгөөр наймаа хий” гэв. 14 Гэвч түүнийг үзэн яддаг нутгийнхан нь: “Бид таныг хаанаа болгомооргүй байна” гэж хэлүүлэхээр болж, элчүүдийг араас нь явуулжээ.
15 Өнөөх хүн хаан болчихоод буцаж ирээд үлдээсэн мөнгөөр нь зарц нар нь наймаа хийгээд юу олсныг мэдэх гэж тэднийг дуудуулав. 16 Эхнийх нь урагш гарч ирээд “Эзэн, би арван мина нэмж олсон” гэжээ. 17 Эзэн нь түүнд “Сайн байна, сайн боол минь! Чи юмыг бага гэлгүй үнэнч гэдгээ баталсан учир арван хот захирах эрх өгье” гэжээ. 18 Хоёр дахь нь ирээд “Эзэн, би таван мина нэмж олсон” гэлээ. 19 Тэгэхэд эзэн нь: “Чамд таван хот захирах эрх өгье” гэж хэлэв. 20 Тэгтэл гурав дахь нь ирж “Эзэн, таны мөнгө энэ байна. Би юманд боогоод хадгалчихсан. 21 Та бол мөнгө хадгалуулаагүй хэр нь авдаг, тариагүй хэр нь хураадаг хатуу хүн учраас би танаас айсан юм” гэв. 22 Тэгтэл эзэн: “Хэлсэн үгээр чинь чамайг шүүе. Чи намайг хадгалуулаагүй хэр нь авдаг, тариагүй хэр нь хураадаг хатуу хүн гэж мэддэг юм байж. 23 Тэгвэл мөнгийг минь хүүтэй хадгалуулахгүй яасан юм бэ? Тэгсэн бол би ирээд хүүтэй нь авах байсан юм” хэмээжээ.
24 Тэгээд тэнд байсан хүмүүст “Энэ хүнээс минаг авч арван минатай хүнд өг” гэхэд 25 тэд: “Эзэнтэн, тэр арван минатай шүү дээ!” гэхэд 26 эзэн нь: “Хэнд байна, түүнд нэмж өгнө. Харин хэнд байхгүй байна, түүнээс байгааг нь ч авна. 27 Бас намайг хаанаа болгохыг хүсээгүй дайснуудыг энд авчраад миний өмнө цаазал” гэж хэлэв» хэмээжээ.
28 Есүс ийн яриад Иерусалимыг чиглэн явсаар 29 Чидун уулан дээрх Бетфаг болон Бетанд дөхөж ирээд хоёр шавьдаа 30 «Тэр харагдаж байгаа тосгон руу яв. Та нарыг тосгонд очиход хүн унаж байгаагүй дудран уяатай байна. Уяаг нь тайлаад аваад ир. 31 Хэрэв хүн: “Яагаад уяаг нь тайлж байгаа юм бэ?” гэвэл “Эзэнд хэрэгтэй байгаа юм” гэж хэлээрэй» хэмээн захиад явуулав. 32 Хоёр шавь явж, бүх юм Есүсийн хэлснээр байгааг үзлээ. 33 Тэд дудрангийн уяаг тайлж байтал эзэд нь: «Та нар яагаад дудрангийн уяаг тайлж байгаа юм бэ?» гэлээ. 34 Хоёр шавь: «Эзэнд хэрэгтэй байгаа юм» гэжээ. 35 Тэгээд дудранг Есүс рүү хөтөлж ирэхэд бусад шавь гадуур хувцсаа тохож, Есүс мордов.
36 Есүс дудран унаад явахад хүмүүс гадуур хувцсаа зам дээр нь дэвсэж байлаа. 37 Есүсийг Чидун уулын бэлд ирэхэд олон гайхамшиг үйлдэхийг нь үзсэн шавь нар нь бүгдээрээ баярлан, чанга дуугаар Бурхныг магтан алдаршуулж 38 «Нэрийнх нь өмнөөс ирж байгаа Хааныг Ехова* ивээх болтугай! Тэнгэрт амар тайван байг. Өндөрт оршигч Бурхан алдаршиг» гэцгээж байлаа. 39 Гэтэл цугласан олны дунд байсан фарисайчуудын зарим нь Есүст «Багш аа, шавь нараа дуугүй болгооч» гэхэд 40 Есүс: «Тэд дуугүй байсан бол чулуунууд хашхирах байсан» гэж хариулав.
41 Есүс Иерусалимд дөхөж ирээд хотыг харснаа уйлж 42 «Амар тайванд хүргэх замыг чи энэ өдөр мэдсэн бол... Гэвч одоо чи эдгээрийг харж чадахгүй. 43 Яагаад гэвэл дайснууд чинь шовх оройтой шонгоор бэхлэлт босгоод чамайг бүсэлж, тал бүрээс чинь дайрна. 44 Тэд чамайг, бүх хүүхдийг чинь бүрмөсөн устгаж, нэг ч чулууг нөгөө чулуун дээр үлдээхгүй. Учир нь Бурхан чамайг шүүхээр ирснийг чи ухаарсангүй» гэж хэлэв.
45 Тэгээд Есүс сүмд орж, тэнд худалдаа хийж байсан хүмүүсийг хөөж эхэллээ. 46 «“Миний өргөөг залбирлын өргөө гэх болно” гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар үүнийг дээрэмчдийн үүр болголоо» гэж тэдэнд хэлэв.
47 Есүс өдөр бүр сүмд сургаал зааж байв. Харин ахлах тахилчид, хуулийн багш нар, ард олны удирдагчид түүнийг хөнөөхийг санаархаж байсан ч 48 яаж ч чадахгүй байв. Учир нь Есүсийг сонсох гэсэн олон түмэн ойр хавьд нь байдаг байлаа.