Элчүүдийн үйлс
18 Паул Афинаас явж Коринтод иржээ. 2 Тэнд Понт нутгийн уугуул Акул гэгч иудей хүнтэй тааралджээ. Тэр хүн эхнэр Прискилатайгаа хамт Италиас ирээд удаагүй байв. Учир нь эзэн хаан Клавдий иудейчүүдийг Ромоос гарах тушаал буулгасан ажээ. Паул тэднийд очжээ. 3 Паул өөрөө ч, өнөөх хоёр ч майхан хийдэг учир тэднийд амьдарч, хамт ажиллах болов. 4 Амралтын өдөр бүр Паул синагогт очоод үг хэлж, иудейчүүд болон грекчүүдийг Есүст итгэдэг болгохыг оролдож байлаа.
5 Силас Тимот хоёрыг Македоноос ирэхэд Паул Бурхны үгийг тунхаглах ажилд өөрийгөө бүрэн зориулж Есүс бол Христ гэдгийг батлан иудейчүүдэд гэрчилж байлаа. 6 Тэд эсэргүүцэж, доромжилж байсан болохоор Паул хувцсаа гөвөөд «Та нар өөрсдөөсөө болж үхэх ялд унаж байна.* Би буруугүй. Үүнээс хойш би харь үндэстнүүд рүү явна» гэж хэлжээ. 7 Тэгээд тэндээс явж синагогийн хажууд гэр нь байдаг, Бурхнаас эмээдэг Тит Юүст гэгч хүний гэрт сайн мэдээ тунхаглах болов. 8 Синагогийн ахлагч Крисп гэрийнхэнтэйгээ хамт Эзэнд итгэдэг болжээ. Коринтын олон хүн сайн мэдээ сонсож, итгээд баптисм хүртжээ. 9 Түүнээс гадна, Эзэн шөнөөр Паулд гайхамшгаар үзэгдэл үзүүлж «Бүү ай. Сайн мэдээг тасралтгүй тунхагла. Битгий бууж өгөөрэй. 10 Би чамтай хамт байна. Нэг ч хүн чамд хор хүргэхгүй. Миний дагалдагч болох хүн энэ хотод олон бий» хэмээв. 11 Тэгээд Паул Коринтод жил хагасын хугацаанд Бурхны үгийг заажээ.
12 Ахей мужийг Галлион захирч байх үед иудейчүүд нийлж, Паулыг барьж аваад шүүхэд аваачиж 13 «Энэ хүн Бурханд итгүүлэх гэж хүмүүсийг ятган хуульд байдаггүй юм ярьж явна» гэжээ. 14 Паулыг ярих гэтэл Галлион урьтаж «Иудейчүүд ээ, энэ хүн ямар нэг буруу юм хийсэн эсвэл ноцтой гэмт хэрэг үйлдсэн бол би та нарыг тэвчээртэй сонсох сон. 15 Харин үг, нэр эсвэл хуулиасаа болж маргалдаад байгаа бол өөрсдөө учраа ол. Би ийм хэрэг шүүх хүсэлгүй байна» гэж хэлээд 16 шүүхээс хөөжээ. 17 Тэгэхэд иудейчүүд синагогийн ахлагч Состеныг барьж аваад шүүгчийг харсаар байтал зодож гарлаа. Гэсэн ч Галлион энэ бүхнийг огт тоосонгүй.
18 Паул тэнд нэлээд удаан хугацаагаар байсны дараа ах дүү нартай салах ёс гүйцэтгэж Прискила Акул хоёртой хамт Сири рүү усан онгоцоор явжээ. Тэрээр тангараг өргөсөн болохоор Кенхрейд үсээ тайруулжээ. 19 Эфэст ирээд ганцаараа синагогт очиж иудейчүүдэд Судрыг ойлгоход нь тусалжээ. 20 Явахаа түр хойшлуулахыг тэд Паулаас хүссэн ч тэрээр явах ёстойгоо хэлээд 21 салах ёс гүйцэтгэн «Хэрэв Ехова* хүсвэл би дахиж ирнэ» гэж хэлэв. Ийнхүү Эфэсээс усан онгоцоор гарч 22 Цезариад хүрчээ. Тэндээс цааш явахдаа Иерусалимын хурлынхантай уулзаад Антиох руу хөдлөв.
23 Антиохт хэсэг зуур байж байгаад явсан бөгөөд Галат, Фриг нутгаар явж дагалдагчдын итгэлийг бэхжүүлж байлаа.
24 Александриад төрсөн Апол гэгч иудей эр Эфэст иржээ. Тэрээр Судрыг сайн мэддэг, үгэнд цэцэн хүн байв. 25 Еховагийн* тухай сайн заалгасан, агуу хүчээр нь удирдуулан гал цогтой ярьдаг тэрээр Есүсийн талаар үнэн зөв зааж сургаж байлаа. Гэвч Ёоханы баптисмын тухай л мэддэг байв. 26 Түүнийг синагогт очиж эр зоригтой ярьж байхыг Прискила Акул хоёр сонсоод түүнийг дуудаж гарган Бурхны тухай нарийн зөв тайлбарлаж өгчээ. 27 Апол, Ахей муж руу явахыг хүссэн учир ах дүү нар тэндхийн шавь нарт захидал бичиж, Аполыг халуун дотноор угтаж авахыг уриалжээ. Апол тэнд очоод Бурхны нигүүлслээр дагалдагч болсон хүмүүст асар их тусалжээ. 28 Есүс бол Христ мөн гэдгийг Апол Судраас үзүүлж иудейчүүд буруу сургаал номлодгийг эр зоригтой бөгөөд хөдөлгөөнгүйгээр нотолж байлаа.