Элчүүдийн үйлс
5 Харин Ананиа гэгч хүн эхнэр Сапфиртайгаа хамт эд хөрөнгөнөөсөө зараад 2 олсон мөнгөнийхөө заримыг нууж, үлдсэнийг нь элчүүдэд авчирч өгөв. Энэ тухай эхнэр нь мэдэж байлаа. 3 Петр: «Ананиа аа, чи яагаад Сатаны эрхэнд орж худал хэлэн, яаж Бурхны агуу хүчийг үл тоомсорлож зүрхлэв ээ? Талбайгаа зарж олсон мөнгөнийхөө заримыг яагаад нуусан юм бэ? 4 Тэр талбай чинийх байсан. Зараад олсон мөнгө нь ч чинийх. Чи яаж ийм юм бодов оо? Чи хүнд биш, Бурханд худал хэллээ» хэмээв. 5 Үүнийг сонсоод Ананиа үхэтхийн унав. Энэ явдлын талаар дуулсан бүхэн ихэд айжээ. 6 Тэнд байсан залуус шарилыг нь даавуугаар ороогоод авч яван оршуулав.
7 Юу болсныг мэдээгүй байсан эхнэр нь гурван цаг орчмын дараа ирлээ. 8 Петр түүнээс «Та хоёр талбайгаа ийм үнээр зарсан уу?» гэж асуухад «Тэгсэн, ийм үнээр зарсан» гэжээ. 9 Тэгэхэд нь Петр: «Яагаад та хоёр хуйвалдаж Еховагийн* агуу хүчийг үл тоомсорлов* оо? Нөхрийг чинь оршуулсан хүмүүс үүдэнд байна. Тэд чамайг бас авч явна» гэжээ. 10 Эмэгтэй тэр даруй Петрийн хажууд үхэтхийн унахад залуус орж ирээд үхсэн байхыг нь үзээд авч яван нөхрийнх нь хажууд оршуулжээ. 11 Энэ явдлын улмаас Иерусалимд байсан хурлынхан болон энэ талаар дуулсан бүхэн ихэд айжээ.
12 Элчүүд ард олны дунд өөр олон гайхамшиг үйлдэж, Соломоны баганат танхимд цугладаг байв. 13 Тэдэнтэй нийлэхээс эмээдэг хүмүүс байсан ч ард олон тэднийг сайнаар ярьж байлаа. 14 Эзэнд улам олон хүн итгэж, эрэгтэйчүүд ч, эмэгтэйчүүд ч шавь болж байв. 15 Петрийг явж өнгөрөхөд сүүдэр нь ч болов тусаг гэсэндээ хүмүүс өвчтэй нэгнээ дамнуурга, гудастай нь гол гудамжинд гаргаж тавьдаг байлаа. 16 Бас Иерусалимын зэргэлдээх хотуудаас өвчтэй, чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүсийг авчирдаг байв. Тэд бүгдээрээ эдгэжээ.
17 Харин тэргүүн тахилч болон түүнийг дэмждэг садукайчууд атаархсандаа 18 элчүүдийг бариулж шоронд хийлгэв. 19 Гэтэл шөнө нь Еховагийн* тэнгэрийн элч шоронгийн хаалгыг онгойлгож тэднийг гаргаад 20 «Сүмд очицгоо. Мөнх амийн талаар үргэлжлүүлэн яригтун» гэж хэлжээ. 21 Энэ үгийг сонсоод элчүүд үүрээр сүмд очоод сургаж эхэллээ.
Энэ үеэр тэргүүн тахилч өөрийг нь дэмждэг хүмүүстэйгээ ирээд Иудейн дээд шүүхийнхэн болон Израйлын ахлагчдын зөвлөлийг дуудуулж, элчүүдийг шоронгоос авчруулахаар сүмийн харуулуудыг явуулжээ. 22 Харуулууд шоронд очтол тэд байсангүй. Тиймээс буцаж ирээд 23 «Биднийг очиход шоронгийн хаалга түгжээтэй, үүдэндээ харуултай байсан. Гэвч онгойлгоход дотор нь хэн ч байсангүй» гэцгээжээ. 24 Сүмийн харуулын дарга болон ахлах тахилчид энэ үгийг сонсоод хэрэг явдал юугаар дуусах бол хэмээн бодож байтал 25 нэг хүн ирээд «Та нарын хорьсон хүмүүс сүм дотор сургаалаа заагаад зогсож байна» гэв. 26 Тэгэхээр нь сүмийн харуулын дарга харуулуудаа дагуулан сүмд очоод элчүүдийг эв зүйгээр авчрав. Яагаад гэвэл ард олон өөрсөд рүү нь чулуу шидэх вий гэдгээс айж байжээ.
27 Элчүүдийг авчраад Иудейн дээд шүүхийн өмнө зогсооход тэргүүн тахилч: 28 «Энэ нэрээр* зааж сургахгүй байхыг бид та нарт хатуу сануулсан. Гэвч та нар Иерусалимыг сургаалаараа булж орхилоо. Тэгээд бас биднийг энэ хүний үхлийн буруутан болгох гэж улайрч байх шив» гэж хэлэв. 29 Тэгэхэд нь Петр болон бусад элч: «Бид хүнд бус, Бурханд захирагдах ёстой. 30 Шонд хадуулж та нарын алсан Есүсийг өвөг дээдсийн маань Бурхан амилуулаад 31 хүмүүсийг авруулж, амь өгүүлэхээр* томилж баруун гартаа өргөмжилсөн билээ. Бурхан израйлчуудыг гэмшиж, нүглээ уучлуулаасай гэсэндээ ийнхүү үйлдсэн юм. 32 Эдгээр явдлын гэрч нь бид төдийгүй өөрт нь захирагддаг хүмүүст өгдөг Бурхны агуу хүч юм» гэж хэлжээ.
33 Үүнийг сонсоод тэд уурлан хилэгнэж, элчүүдийг алахыг санаархав. 34 Гэтэл нэгэн фарисай буюу ард олонд нэр хүндтэй Гамалиел гэгч Хуулийн багш босож элчүүдийг түр гаргахыг тушаагаад 35 «Израйлчууд аа, та нар энэ хүмүүсийг яах гэж байгаагаа сайн бодоорой. 36 Та нар санаж байгаа байх. Хэдэн жилийн өмнө Тюд гэгч этгээд гарч ирээд өөрийгөө ихэд өргөмжилж 400 орчим хүнийг өөртөө татсан. Гэвч түүнийг алагдахад дагалдагчид нь бүгдээрээ тарж бутраад сураггүй болсон. 37 Тэр хүний дараа Галилын Юудас гэгч этгээд хүн амын тооллогын үеэр гарч ирээд олныг араасаа дагуулсан. Түүнийг үхэхэд бүх дагалдагч нь тарж алга болсон шүү дээ. 38 Тэгэхээр, энэ хүмүүсийн хэрэгт бүү оролц. Зүгээр орхичих. Энэ хэрэг явдлыг хүн санаачилсан бол бүтэлгүйтнэ. 39 Харин Бурхан санаачилсан бол та нар тэднийг дийлэхгүй. Харин ч Бурхантай тэмцэлдсэн болох вий» гэжээ. 40 Энэ зөвлөгөөг хүлээн авсан шүүхийнхэн элчүүдийг дуудаж ирүүлээд жанчиж, Есүсийн нэрээр ярихаа болихыг тушаагаад явуулжээ.
41 Есүсийн нэрнээс болж зовох зохистой хүн гэж тооцогдсондоо элчүүд баяр хөөр болсоор Иудейн дээд шүүхээс гарч явлаа. 42 Тэгээд өдөр бүр сүмд болон айлаар Есүс буюу Христийн тухай сайн мэдээг тасралтгүй тунхаглаж, зааж сургаж байв.