Ёоханы бичсэн сайн мэдээ
4 Ёоханы шавь нараас илүү олон шавьтай болж, баптисм хүртээж байгааг фарисайчууд сонссоныг Эзэн мэдээд 2 (хэдийгээр өөрөө биш, шавь нар нь баптисм хүртээж байсан боловч) 3 Иудейгээс гарч Галил руу дахин явжээ. 4 Гэвч Самариар дайрч гарах хэрэгтэй болов. 5 Замдаа Самарийн Сухар гэдэг хотод иржээ. Энэ хот нь Иаков хүү Иосефтоо өгсөн талбайгаас холгүй байлаа. 6 Иаковын худаг тэнд байжээ. Аяншиж ядарсан Есүс худгийн дэргэд сууж байлаа. Энэ нь зургаадугаар* цагийн үе байв.
7 Нэгэн самари эмэгтэй ус авахаар ирэхэд Есүс: «Уух юм өгөөч» гэжээ. 8 (Шавь нар идэх юм авахаар хот руу явсан байв.) 9 Тэгтэл самари эмэгтэй: «Та иудей хүн байж яагаад самари эмэгтэй надаас уух юм гуйна вэ? (Учир нь иудейчүүд самаричуудтай харьцдаггүй байв)» гэв. 10 Есүс: «Хэрэв та Бурхны бэлгийг болон “Уух юм өгөөч” гэж гуйсан хүн хэн болохыг мэдсэн бол тэр хүнээс гуйх байсан. Тэрээр танд амь өгөх усыг өгөх байсан» гэж хэллээ. 11 Эмэгтэй: «Хүн гуай, танд ус утгах сав ч алга. Энэ худаг гүн. Тэгээд та амь өгөх тэр усыг хаанаас авдаг юм бэ? 12 Та манай өвөг дээдэс Иаковаас агуу хүн юм уу? Энэ худгийг тэр бидэнд өгсөн. Иаков өөрөө ч, хөвгүүд нь ч, мал сүрэг нь ч энэ худгаас ундаалж байсан билээ» гэхэд 13 Есүс: «Энэ уснаас уусан хүн бүр дахиж цангана. 14 Харин миний өгөх уснаас уух хүн хэзээ ч цангахгүй. Миний өгөх ус тэр хүний дотор оргилох булаг болж, мөнх амь өгнө» хэмээн хариулав. 15 Тэгэхэд эмэгтэй: «Тэр уснаасаа надад өгөөч. Тэгвэл би цангахгүй, бас ус авах гэж энд дахин дахин ирэх хэрэггүй болно» гэлээ.
16 Есүс эмэгтэйд: «Яваад нөхрөө дагуулаад ир» гэжээ. 17 Эмэгтэй: «Би нөхөргүй» гэж хариулахад Есүс: «Нөхөргүй гэж хэлдэг тань зөв. 18 Яагаад гэвэл та таван нөхөртэй байсан. Одоо тантай хамт байгаа хүн таны нөхөр биш. Тэгэхээр, таны хэлсэн үнэн» хэмээв. 19 Эмэгтэй: «Та зөнч байх нь. 20 Өвөг дээдэс маань энэ ууланд гарч Бурхнаа шүтдэг байсан. Харин иудейчүүд та нар Иерусалимд л очиж шүтэх ёстой гэцгээдэг» гэлээ. 21 Есүс: «Надад итгээрэй. Эцгийг шүтэх гэж энэ ууланд ч гарах, Иерусалимд ч очих шаардлагагүй болох цаг ирж байна. 22 Та нар мэддэггүй юмаа шүтдэг, бид мэддэг юмаа шүтдэг. Яагаад гэвэл иудейчүүд бол Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд юу хийхийг түрүүлж мэдсэн хүмүүс юм. 23 Гэхдээ жинхэнэ Бурхныг шүтдэг хүний хувьд агуу хүчээр нь удирдуулан, үнэний дагуу шүтэх цаг ирж байгаа бөгөөд ирчихээд байна. Бурхан өөрийг нь шүтэх тийм хүнийг хайж байна. 24 Бурхан бол тэнгэрт байдаг, үл үзэгдэх нэгэн*. Агуу хүчээр нь удирдуулж, үнэний дагуу Бурхныг шүтэх ёстой» гэж ярив. 25 Эмэгтэй: «Христ гэгч Мессиа ирэхийг би мэднэ. Тэрээр ирээд бүх юмыг бидэнд тодорхой хэлж өгнө» гэхэд 26 Есүс: «Тантай ярьж байгаа би бол тэр нэгэн мөн» гэж хэлэв.
27 Энэ үед шавь нар ирж, Есүсийг эмэгтэй хүнтэй ярьж байхыг хараад их гайхжээ. Гэвч хэн ч: «Та энэ хүнээр яах гээ вэ?», «Яагаад энэ хүнтэй ярьсан юм бэ?» гэж асуусангүй. 28 Өнөөх эмэгтэй усны саваа орхиод хот руу явж, 29 «Яаж явсныг минь яг таг хэлж өгсөн нэг хүн байна. Та нар очоод хар даа. Христ биш байгаа?» гэж хүмүүст хэлэхэд 30 тэд хотоос гарч, Есүс рүү очив.
31 Энэ хооронд шавь нар: «Рабби, та юм идээч» гэхэд 32 Есүс: «Та нарын мэдэхгүй хоол надад бий» гэж хэлжээ. 33 Тиймээс шавь нар хоорондоо «Хэн ч түүнд идэх юм авчирч өгөөгүй биз дээ?» гэж ярилцав. 34 Есүс: «Миний хоол бол намайг явуулсан нэгний хүсэл таалалд нийцүүлж, даалгасан ажлыг нь бүрэн гүйцэд хийх юм. 35 Ургац хураах цаг болтол дөрвөн сар үлдлээ гэж та нар ярьдаг биз дээ? Талбайг харагтун, тариа боловсорч, хураахад бэлэн болжээ. 36 Тариа хураагч аль хэдийн хөлсөө хүртэж, тариа буюу мөнхийн амийг өвлөх хүмүүсийг цуглуулж байна. Тариачин ч, тариа хураагч ч баярладаг. 37 Тэгэхээр, “Нэг нь тарьж, нөгөө нь хураадаг” гэдэг үг үнэн байна. 38 Тариагүй юмыг чинь хураалгахаар би та нарыг явуулсан. Та нар бусдынхаа хөдөлмөрийн үр шимийг хүртсэн» гэж ярьжээ.
39 Тэр хотын олон самари хүн Есүст итгэжээ. Учир нь өнөөх эмэгтэй: «Яаж явсныг минь тэр хүн яг таг хэллээ» гэсэн юм. 40 Тэд Есүс рүү ирж, өөрсөдтэй нь хамт байхыг гуйсан учир тэнд хоёр хоножээ. 41 Есүсийн яриаг сонсоод бүр олон хүн итгэжээ. 42 Тэгээд өнөөх эмэгтэйд «Чамайг ярьсан болохоор биш, бид өөрсдөө сонссон учир одоо итгэж байна. Энэ хүн бол хүн төрөлхтнийг аврагч үнэхээр мөн байна» гэж хэлэв.
43 Есүс хоёр хоночихоод Галил руу явлаа. 44 (Зөнч нутаг усандаа хүндлэгддэггүй гэж Есүс өөрөө хэлж байсан юм.) 45 Тэнд очиход нь галилчууд хүлээж авчээ. Учир нь тэд баяраар Иерусалимд үйлдсэн бүгдийг нь үзсэн байжээ.
46 Дараа нь Есүс усыг дарс болгон хувиргаж байсан Галилын Канад дахиж очиход хааны түшмэл тэнд байлаа. Түшмэлийн хүү Капернаумд өвчтэй байв. 47 Өнөөх түшмэл Есүсийг Иудейгээс Галилд ирснийг мэдээд очиж уулзан, хүүгээ эдгээлгэхээр Капернаумд очихыг гуйв. Хүү нь үхлүүт байлаа. 48 Харин Есүс түүнд «Та нар гайхамшиг үзэхээс нааш хэзээ ч итгэхгүй» гэхэд 49 түшмэл: «Эзэн, хүүг минь үхэхээс өмнө надтай хамт яваач» хэмээн гуйв. 50 Есүс: «Харь даа. Хүү чинь эдгэсэн» гэхэд өнөөх хүн хэлсэнд нь итгээд явж оджээ. 51 Харих замд зарц нар нь тааралдаж, хүү нь эдгэснийг хэлжээ. 52 Хэддүгээр цагт эдгэснийг нь асуухад зарц нар: «Өчигдөр долоодугаар* цагт халуун нь буусан» гэж хариулав. 53 Энэ нь «Хүү чинь эдгэсэн» гэж Есүсийн хэлсэн яг тэр цаг байв. Тэгээд тэднийхэн бүгдээрээ Есүст итгэдэг болжээ. 54 Есүс Иудейгээс Галилд ирээд үйлдсэн хоёр дахь гайхамшиг энэ байлаа.