Еврейчүүдэд бичсэн захидал
9 Өмнөх гэрээнд ариун үйлчлэл, дэлхий дээрх ариун газрын тухай хуулийн заалт байсан. 2 Асар хоёр тасалгаатай байв. Ариун газар гэдэг эхний тасалгаанд дэнгийн суурь, ширээ, Бурханд өргөсөн талх байсан. 3 Харин хоёр дахь хөшигний цаадах тасалгааг Ариунаас ариун газар гэдэг. 4 Тэнд алтан бойпор, алтаар битүү бүрсэн гэрээний авдар, түүн дотор маннатай алтан сав, Аароны цэцэглэсэн таяг, гэрээний хавтан тус тус байсан. 5 Уг авдар дээрх сүр жавхлант херубүүд далавчаараа тагийг* нь бүрхсэн байдаг. Гэвч энэ тухай дэлгэрэнгүй ярих цаг нь одоо биш.
6 Эдгээрийг ийнхүү барьсны дараа тахилчид ариун үйлчлэлээ гүйцэтгэхээр эхний тасалгаанд тогтмол ордог болов. 7 Харин тэргүүн тахилч хоёр дахь тасалгаанд жилд нэг л удаа ганцаараа ордог бөгөөд өөрийнхөө болон ард түмнийхээ санаандгүй үйлдсэн нүглийн төлөө өргөх цус авч ордог байсан. 8 Эхний асар* байгаад байвал ариун газар* луу орох зам илчлэгдэхгүйг Бурхны хүч ойлгуулсан. 9 Энэхүү асар нь одоо болж буй юмсын үлгэр загвар бөгөөд одоо ч өргөл, тахил өргөсөөр байгаа. Гэвч эдгээр нь Бурханд үйлчлэгчийн хүн чанарыг төгс болгодоггүй. 10 Ердөө хоол хүнс, угаал үйлдэх янз бүрийн ёс заншилтай холбоотой бөгөөд Хуульд байдаг, махан биед хамаатай заалт юм. Аливааг эмх цэгцтэй байлгахын тулд товлосон цаг болтол эдгээрийг сахих учиртай байв.
11 Харин Христ аль хэдийн бий болсон сайн юмсын тэргүүн тахилч болж ирэхдээ гараар бариагүй, өөрөөр хэлбэл энэ дэлхийн биш, илүү агуу, илүү төгс асраар нэвтэрч 12 ариун газар орсон. Ингэхдээ ямаа, залуу бухын цусыг биш, харин өөрийнхөө цусыг авч нэг удаа ороод биднийг бүрмөсөн аварсан*. 13 Хэрэв бузартсан хүмүүсийн биеийг ямаа болон бухын цус, охин бярууны үнс цацаж ариусгадаг юм бол 14 Бурхны хүчээр удирдуулж, өөрийгөө ямар ч согоггүй тахил болгон өргөсөн Есүс биднийг амьд Бурханд ариунаар үйлчлүүлэхийн тулд хүн чанарыг маань үр дүнгүй юмнаас* цусаараа ариусгаж чадна шүү дээ.
15 Тиймээс тэрээр шинэ гэрээний зууч мөн. Өмнөх гэрээний улмаас буруутгагдсан хүмүүсийг золиосны ачаар нүглээс чөлөөлөхийн тулд Есүс үхсэн. Энэ нь сонгогдогсдод мөнх өвийн амлалтыг өгөхийн тулд юм. 16 Гэрээ байгаа бол гэрээ байгуулсан хүн үхэх ёстой ажээ. 17 Яагаад гэвэл үхэхэд нь гэрээ хүчин төгөлдөр болдог. Гэрээ байгуулсан хүн амьд байгаа цагт гэрээ хүчингүй байдаг. 18 Өмнөх гэрээ ч цус урсгаснаар хүчин төгөлдөр болсон. 19 Мосе Хуулийн тушаал бүрийг ард түмэнд хэлснийхээ дараа залуу бух болон ямааны цусыг авч устай холиод улаан ноос, хиссопыг дүрээд хуйлмал бичиг болон ард түмэн рүү цацаж, 20 «Энэ бол гэрээний цус. Энэ гэрээг сахихыг Бурхан тушаасан» гэсэн билээ. 21 Бас асар болон ариун үйлчлэлд хэрэглэдэг бүх сав суулга руу цус цацсан. 22 Тийм ээ, Хуулийн дагуу бараг бүх юмыг цусаар ариусгадаг ба цус урсахгүй бол нүгэл уучлагдахгүй.
23 Тэгэхээр тэнгэр дэх юмны хуулбарыг ингэж ариусгадаг юм бол тэнгэр дэх юмсыг ариусгахын тулд илүү дээр золиос шаардагддаг. 24 Учир нь Христ жинхэнэ юмны хуулбар буюу хүний барьсан ариун газар ороогүй. Харин бидний төлөө Бурхны өмнө зогсохын тулд тэнгэрт байдаг ариун газар орсон. 25 Тэргүүн тахилч жил бүр ариун газар луу өөрийнхөө биш, амьтны цусыг аваад ордог байсан бол тэр өөрийгөө дахин дахин өргөх шаардлагагүй юм. 26 Тийм биш бол ертөнцийн суурийг тавьснаас хойш дахин дахин зовох байв. Харин өөрийгөө зольж нүглийг үгүй хийхийн тулд энэ тогтолцооны* төгсгөлийн үед нэг л удаа ирсэн. 27 Ер нь хүн нэг л удаа үхдэг бөгөөд үүний дараа шүүгдэнэ. 28 Үүнчлэн Христ олны нүглийг үүрэхийн тулд өөрийгөө нэг л удаа өргөсөн. Тэр хоёр дахь удаагаа ирэхдээ нүглээс чөлөөлөхийн тулд биш, харин өөрийг нь цөхрөлтгүй хүлээдэг хүмүүсийг аврахын тулд ирнэ.