Эхлэл
14 Тэр үед Шинарын хаан Амрафел, Елласарын хаан Ариох, Еламын хаан Хедорлаомер, Гойимын хаан Тидал нь 2 Содомын хаан Бера, Гоморрагийн хаан Бирша, Адмагийн хаан Шинаб, Зебойимын хаан Шемебер, Бела буюу Зоарын хаантай дайтжээ. 3 Энэ таван хаан Сиддимийн хөндий буюу Давст тэнгист* хүчээ нэгтгэжээ.
4 Таван хаан Хедорлаомерт 12 жил зүтгэсэн боловч 13 дахь жилдээ эсэргүүцэн босов. 5 Иймээс 14 дэх жилд нь Хедорлаомер болон түүнтэй нэгдсэн хаад ирж Аштерот-карнаим дахь рефаимчууд, Хам дахь зузимчууд, Шаве-кириатаим дахь емимчүүд, 6 Сеир уулан дахь хоричуудыг цөл дэх Ел-паран хүртэл бут цохижээ. 7 Тэгээд буцаж эргэн Ен-мишпат буюу Кадешт очоод амалекчуудын газар нутгийг бүхэлд нь эзэлж, Хазазон-тамарт суудаг аморичуудыг бут цохижээ.
8 Тэгэхэд нь Содомын хаан, Гоморрагийн хаан, Адмагийн хаан, Зебойимын хаан, Бела буюу Зоарын хаан хөдөлж Сиддимийн хөндийд байраа эзлэн 9 Еламын хаан Хедорлаомер, Гойимын хаан Тидал, Шинарын хаан Амрафел, Елласарын хаан Ариохтой дайтахаар болов. Ийнхүү дөрвөн хаан таван хаантай дайтахаар болсон юм. 10 Сиддимийн хөндий нь давирхайтай нүхээр дүүрэн ажээ. Содом, Гоморрагийн хаад зугтах гэж яваад нүхэнд унав. Бусад нь уулархаг нутаг руу зугтжээ. 11 Ялсан хаад нь Содом, Гоморрагийн бүх эд хөрөнгө, хоол хүнсийг булааж аваад явав. 12 Тэгэхдээ бас Абрамын ахын хүү буюу Содомд амьдардаг Лотыг эд хөрөнгөтэй нь олзолж аваад оджээ.
13 Тэгэхэд зугтаж яваа нэг хүн ирээд еврей хүн Абрамд хэл хүргэжээ. Абрам тэр үед Ешкол Анер хоёрын ах, амори хүн Мамрегийн том моддын дунд амьдарч байв. Тэд Абрамтай гэрээ байгуулж, бие биедээ туслахаар амласан байжээ. 14 Абрам дүүгээ олзлогдсоныг дуулаад тулалдаж сурсан эрчүүд буюу гэрт нь төрсөн 318 зарцаа дайчлан Дан хүртэл нэхжээ. 15 Шөнө нь Абрам хүн хүчээ хуваагаад дайсан руу довтолж бут цохив. Тэднийг Дамаскаас хойд зүгт байдаг Хоба хүртэл нэхэн хөөжээ. 16 Абрам хамаатан Лотоо эд хөрөнгөтэй нь, эмэгтэйчүүд, бусад хүн болон бүх эд хөрөнгийг буцааж авав.
17 Абрамыг Хедорлаомер болон түүнтэй нэгдсэн хаадыг ялаад буцаж явахад нь Содомын хаан Абрамтай уулзахаар Шавегийн хөндий буюу Хааны хөндий рүү явжээ. 18 Салемын хаан Мелхизедек талх, дарс авчирчээ. Тэрбээр Хамгийн дээд Бурхны тахилч юм.
19 Мелхизедек Абрамыг ерөөн
«Тэнгэр газрыг бүтээсэн, Хамгийн дээд Бурхан
Абрамыг ивээх болтугай!
20 Чамайг дарлагчдыг эрхэнд чинь оруулсан
Хамгийн дээд Бурхан магтагдах болтугай!» гэжээ.
Абрам буцааж авсан бүхнийхээ аравны нэгийг Мелхизедект өгөв.
21 Үүний дараа Содомын хаан Абрамд «Хүмүүсийг минь надад өг. Эд хөрөнгийг чи ав» гэжээ. 22 Абрам Содомын хаанд «Би гараа өргөн, тэнгэр газрыг бүтээсэн Хамгийн дээд Бурхан Еховад тангараглая. 23 Би таны гэсэн юмнаас юу ч авахгүй. Утас ч, шаахайн сур ч авахгүй. “Би Абрамыг баян болгосон юм” гэж танаар хэлүүлмээргүй байна. 24 Залуучуудын идсэн хүнсийг намайг авсанд тооцоорой. Би өөр юу ч авахгүй. Харин надтай хамт явсан Анер, Ешкол, Мамре гурав хувиа хүртэг» гэж хэлэв.