Нэгдүгээр Ёохан
4 Хайрт ах дүү нар аа, Бурхных гэмээр мэдээ бүхэнд бүү итгэ. Харин Бурхных уу, үгүй юү гэдгийг нь магадал. Учир нь хуурамч зөнч олон болжээ.
2 Бурхны мэдээ мөн үү, биш үү гэдгийг үүгээр мэднэ. Хүн болж ирсэн Есүс Христийг баталдаг мэдээ бол Бурхных. 3 Харин Есүсийг няцаадаг мэдээ бол Бурхных биш, Христийг эсэргүүцэгчийнх. Эсэргүүцэж ярина гэдгийг та нар мэдэж байсан. Тийм яриа гарчихаад байна.
4 Хүүхдүүд ээ, та нар Бурхных бөгөөд хуурамч зөнчдийг ялсан. Учир нь та нарын талд байдаг нэгэн ертөнцийн талд байдаг нэгнээс агуу юм. 5 Тэд ертөнцийнх учраас ертөнцөд хамаатай юмыг ярьдаг бөгөөд ертөнцийнхөн тэднийг сонсдог. 6 Бид Бурхных. Бурхныг мэддэг хүн биднийг сонсдог. Бурхных биш бол биднийг сонсдоггүй. Үүгээр бид үнэн мэдээг худлаас нь ялгаж салгадаг.
7 Хайрт ах дүү нар аа, бие биеэ хайрлаж явцгаая. Яагаад гэвэл хайр нь Бурхнаас эхтэй. Хайрладаг хүн бүр Бурхны хүүхэд бөгөөд Бурхныг мэддэг. 8 Хайрладаггүй хүн Бурхныг мэддэггүй. Учир нь Бурхан бол хайр. 9 Бурхан биднийг мөнх амьдруулах гэж цорын ганц Хүүгээ дэлхий рүү илгээж нүгэлт биднийг хайрладгаа батлан харуулсан. 10 Бид Бурхныг хайрласан бус, Бурхан биднийг хайрласан учраас нүглийг уучилж, бидэнтэй эвлэрэхийн тулд Хүүгээ тахил болгохоор илгээсэн.
11 Хайрт ах дүү нар аа, Бурхан биднийг ийнхүү хайрласан учраас бид бие биеэ хайрлах ёстой. 12 Бурхныг хэн ч, хэзээ ч хараагүй. Хэрэв бид бие биеэ хайрладаг бол Бурхан бидэнтэй хамт байх бөгөөд биднийг төгс хайрлана. 13 Бурхан агуу хүчнээсээ өгдөг болохоор бид Бурхантай, Бурхан бидэнтэй санаа нэг гэдгийг бид ойлгодог. 14 Түүнээс гадна, Бурхан ертөнцийг авруулахаар илгээсэн Хүүг бид харсан, бас гэрчилдэг. 15 «Есүс бол Бурхны Хүү» гэж хүлээн зөвшөөрдөг хүнтэй Бурхан санаа нэг байдаг бөгөөд тэр хүн ч Бурхантай санаа нэг байдаг. 16 Бурхан биднийг хайрладгийг бид мэддэг ч болсон, итгэдэг ч болсон.
Бурхан бол хайр. Хайрладаг хүн Бурхантай, Бурхан тийм хүнтэй санаа нэг байдаг. 17 Үүний үрээр бидний хайр төгс болж, шүүх өдөр бид зоригтой* байх юм. Учир нь энэ ертөнцөд бид тэр нэгэн шиг байдаг. 18 Бурхныг хайрладаг хүн айдаггүй. Төгс хайр айдсыг хөөн зайлуулдаг бол айдас хүнийг хорьдог. Айдаг хүний хайр төгс болоогүй хэрэг. 19 Эхлээд Бурхан биднийг хайрласан учир бид хайрладаг.
20 Хэрэв хүн: «Би Бурхныг хайрладаг» гэдэг атлаа ах дүүгээ үзэн яддаг бол тэр хүн худалч. Учир нь харж байгаа ах дүүгээ хайрладаггүй бол, харж байгаагүй Бурхныг хайрлаж чадахгүй шүү дээ. 21 Бурхныг хайрладаг хүн ах дүүгээ ч хайрлах ёстой гэж тэрээр тушаасан.