Нэгдүгээр Тимот
3 Энэ бол үнэн үг. Хэрэв хүн ахлагч болохыг зорьдог бол сайн ажлыг хүсэж байгаа хэрэг. 2 Ахлагч нь гэм зэмгүй, нэг эхнэртэй, биеэ барьдаг, ухаалаг, эмх журамтай, зочломтгой, заах чадвартай, 3 архичин биш, зодоон хийдэггүй*, харин дөлгөөн, хэрүүл хийдэггүй, мөнгөнд дурладаггүй, 4 өрхийн сайн тэргүүн байхын зэрэгцээ дуулгавартай, хүмүүжилтэй үр хүүхэдтэй байх ёстой. 5 (Учир нь өрх гэрээ яаж тэргүүлэхээ мэддэггүй хүн Бурхны хурлыг хэрхэн халамжлах билээ?) 6 Саяхан дагалдагч болсон хүнийг ахлагч болгох ёсгүй. Эс бөгөөс тэр хүн биеэ тоон бардамнаж, Диавол шиг шийтгүүлэх вий. 7 Түүнээс гадна, хүнд муу хэлүүлэхгүй, Диаволын урхинд орохгүйн тулд хурлын гишүүн биш хүмүүсийн дунд ч нэр хүндтэй байх ёстой.
8 Туслах үйлчлэгч нь хүндэтгэл хүлээсэн, хоёр нүүргүй, дарсыг* хэтрүүлж уудаггүй, эдийн шуналгүй, 9 ариун нууц буюу итгэлээ сахиж*, мөс сайтай байх ёстой.
10 Шаардлага хангаж байгаа эсэх нь эхлээд шалгагдаг. Тэгээд гэм зэмгүй бол туслах үйлчлэгч болог.
11 Түүнчлэн, эмэгтэйчүүд хүндэтгэл хүлээсэн, хов жив ярьдаггүй, биеэ барьдаг, бүх талаар Бурханд үнэнч байх ёстой.
12 Туслах үйлчлэгч нь нэг эхнэртэй, үр хүүхдээ сайн хүмүүжүүлдэг, өрхийн сайн тэргүүн байх ёстой. 13 Учир нь сайн үйлчилдэг хүн хүндлүүлдэг бөгөөд Христ Есүст итгэх талаар итгэлтэй, зоригтой ярьдаг.
14 Чамтай удахгүй уулзана гэж найдаж байгаа ч эдгээрийг бичлээ. 15 Учир нь би саатсан ч, үнэний багана ба суурь болсон амьд Бурхны хурал буюу Бурхны гэр бүл дотор биеэ хэрхэн авч явах ёстойгоо чи мэдэх шаардлагатай. 16 Бурханд үнэнч байхын* ариун нууц агуу юм. «Есүс хүн болсон. Бурхан түүнийг үл үзэгдэх биетэй болгоод зөв гэдгийг нь тунхагласан. Тэр тэнгэрийн элчүүдэд үзэгдсэн. Үндэстнүүдийн дунд тунхаглагдсан. Хүмүүс түүнд итгэсэн. Тэр алдар хүндтэйгээр дээш авагдсан юм».