Ёоханд илчилсэн нь
22 Тэнгэрийн элч амь өгдөг устай голыг надад үзүүлэв. Голын ус болор мэт тунгалаг бөгөөд Бурхан болон Хурганы сэнтийнээс гарч, 2 хотын гол гудамжны дундуур урсаж байлаа. Жилд 12 удаа буюу сар бүр жимс ургуулдаг, амийн моднууд голын хоёр талд байлаа. Навчис нь үндэстнүүдийг эдгээх ажээ.
3 Тэнд цаашид хараал байхгүй. Бурхан болон Хурганы сэнтий хотод байх бөгөөд боолууд нь Бурханд үйлчлэх ариун ажил хийнэ. 4 Тэд нүүрийг нь харах бөгөөд Бурхны нэр тэдний духан дээр бичээстэй байна. 5 Тэнд цаашид шөнө болохгүй. Тэдэнд дэнгийн гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй юм. Учир нь Ехова* Бурхан тэднийг гийгүүлэх бөгөөд тэд үүрд мөнх хаанчилна.
6 Тэнгэрийн элч надад «Энэ үг бол баталгаатай* бөгөөд үнэн. Тийм ээ, зөнчдөөрөө дамжуулж айлддаг Ехова* Бурхан удахгүй болох ёстой үйл явдлыг боолууддаа үзүүлэхийн тулд тэнгэрийн элчээ илгээсэн. 7 Би удахгүй очно. Энэ хуйлмал номонд байгаа зөгнөлийн үгийг дагадаг хүн жаргалтай» гэж хэлэв.
8 Ёохан би энэ бүхнийг чихээрээ сонсож, нүдээрээ үзсэн билээ. Энэ бүхнийг үзэж сонсоод эдгээрийг надад үзүүлсэн тэнгэрийн элчийг шүтэхээр хөлд нь сөхөртөл 9 тэнгэрийн элч надад «Ингэж болохгүй! Би чамтай л адил боол. Зөнч ах дүүтэй чинь болон энэ хуйлмал номын үгийг дагадаг хүмүүстэй адил боол шүү дээ. Бурхныг шүт!» гэж хэлэв.
10 Тэрээр надад «Энэхүү хуйлмал номонд байгаа зөгнөлийн үгийг бүү лацад. Учир нь товлосон цаг дөхөж байна. 11 Шударга бус нь шударга бус хэвээрээ, бузар юм хийдэг нь бузар хэвээрээ, шударга нь шударгаараа, ариун нь ариунаараа байг» гэж бас хэлэв.
12 «Би удахгүй очно. Өгөх шагналаа авч очно. Хүн бүрийг үйл хэргийнх нь дагуу шүүнэ. 13 Би бол Альфа ба Омега*, эхэн ба эцэс, эхлэл ба төгсгөл. 14 Амийн модны жимснээс идэх эрхтэй болохын тулд хот руу хаалгаар нь орохоор хувцсаа угаадаг хүн жаргалтай. 15 Хотын гадна ноход*, ид шидээр хөөцөлдөгч, садарлан самуурагч*, алуурчин, шүтээн шүтэгч, худал ярих дуртай бөгөөд хуурч мэхэлдэг хүмүүс байх юм».
16 «Есүс би хурлуудын төлөө эдгээрийг та нарт гэрчлэхийн тулд тэнгэрийн элчээ илгээсэн. Би бол Давидын үндэс, үр удам, үүрийн цолмон юм».
17 Сүйт бүсгүй Бурхны агуу хүчээр удирдуулан «Ирээрэй!» хэмээдэг. Үүнийг сонссон нь «Ирээрэй!» гэж хэлэг. Цангасан хүн ирэг. Хүссэн хүн амь өгдөг усыг үнэгүй аваг.
18 «Энэ хуйлмал номонд байгаа зөгнөлийг сонсдог хүн бүрд би гэрчилж байна. Хэрэв хэн нэгэн эдгээрийн дээр нэмбэл энэ хуйлмал номонд бичсэн гамшгуудыг Бурхан түүн дээр буулгана. 19 Хэрэв хэн нэгэн энэхүү зөгнөлийн хуйлмал номны үгсээс ямар нэг юм хасвал энэ хуйлмал номонд бичсэн юмсыг Бурхан түүнд хүртээхгүй. Амийн модноос идэхийг, ариун хот руу орохыг зөвшөөрөхгүй.
20 Энэ бүхнийг гэрчилдэг нэгэн: “Тийм ээ, би удахгүй очно” хэмээдэг».
«Амен! Эзэн Есүс ээ, Ирээрэй».
21 Эзэн Есүс ариун хүмүүсийг нигүүлсэх болтугай.