Элчүүдийн үйлс
21 Ах дүү нараа орхиж явах амаргүй байсан ч бид усан онгоцоор гарч, шууд Костод, маргааш нь Родод, Родоос Патарад очив. 2 Дараа нь Финики рүү явах усан онгоц олж суулаа. 3 Тэгээд явж байтал Кипр арлын бараа харагдав. Бид арлыг зүүн талдаа орхин Сирийн зүг хөвсөөр Тирт ирэхэд буув. Учир нь онгоц тэнд ачаагаа буулгах байсан юм. 4 Бид тэндхийн шавь нарыг хайж олоод хамт долоо хонолоо. Тэд Паулыг Иерусалимд хөл тавихгүй байхыг Бурхны агуу хүчээр удирдуулан олон удаа хэлсэн юм. 5 Биднийг явах болоход шавь нар бүгдээрээ эхнэр хүүхдүүдээ дагуулж ирээд бидэнтэй хамт хотоос гарлаа. Тэгээд бид далайн эрэг дээр сөхөрч суугаад залбирч, 6 тэдэнтэй салах ёс хийлээ. Бид онгоцонд сууж, тэд харьцгаав.
7 Ийнхүү бид Тирээс гарч Птолемд ирээд ах дүү нартай уулзаж нэг хонолоо. 8 Маргааш нь Цезариад ирж, сайн мэдээ тунхаглагч, урьд нь элчүүдийн сонгосон долоогийн нэг болох Филипийнд очиж тэднийд байв. 9 Филип гэрлээгүй дөрвөн охинтой бөгөөд тэд зөнч байлаа. 10 Нэлээд хэд хоногийн дараа Иудейгээс Агаб гэгч зөнч ирж, 11 бидэнтэй уулзсан юм. Агаб Паулын бүсээр гар хөлөө хүлээд, «“Иудейчүүд энэ бүсний эзнийг Иерусалимд ингэж хүлээд харь үндэстний гарт тушаана” гэж Бурхан агуу хүчээрээ хэлүүлж байна» гэлээ. 12 Үүнийг сонсоод бид ч, тэнд байсан хүмүүс ч Паулыг «Иерусалим руу битгий яв» гэж ятгаж эхлэв. 13 Гэтэл Паул: «Та нар яагаад уйлж унжин зориг мохооно вэ? Би Эзэн Есүсийн нэрийн төлөө Иерусалимд очиж хүлүүлэх байтугай үхэхэд ч бэлэн байна» гэв. 14 Бид түүнийг ятгаж дийлэхгүйгээ ойлгоод «Еховагийн* хүслээр болог» гэж хэлэв.
15 Ингээд бид Иерусалим руу явахаар бэлдэж замд гарлаа. 16 Цезариа дахь шавь нараас хэд нь бидэнтэй хамт явж Мнасоны гэрт хүргэв. Мнасон бол анхны дагалдагчдын нэг, Кипр арлын хүн ажээ. 17 Биднийг Иерусалимд ирэхэд ах дүү нар маань халуун дотноор угтаж авсан юм. 18 Маргааш нь Паул Яаковтай уулзахаар бидэнтэй хамт явав. Биднийг очиход бүх ахлагч цугласан байв. 19 Паул тэдэнтэй амар мэндээ мэдэлцээд сайн мэдээ хэрхэн тунхагласнаа, Бурхан харь үндэстнүүдийн төлөө юу хийснийг нэгд нэгэнгүй ярьж өглөө.
20 Тэд энэ яриаг сонсоод Бурхныг алдаршууллаа. Гэхдээ тэд Паулд «Дагалдагч болсон олон мянган хүн иудейчүүдийн дунд байгаа шүү дээ. Тэд бүгдээрээ Мосегийн хуулийг чанд сахидаг. 21 Тэд таныг харь үндэстнүүдийн дунд амьдардаг иудейчүүдэд Мосегийн хуультай зөрчилдсөн сургаал номлож, хүүхдийнхээ хөвчийг таслах хэрэггүй, уламжилж ирсэн зан заншлыг сахих хэрэггүй гэж заадаг гэсэн цуу яриаг сонссон. 22 Тэгэхээр яах нь дээр вэ? Энд ирснийг тань тэд мэдэх нь лавтай. 23 Ингэх нь зүйтэй болов уу. Тангараг өргөсөн дөрвөн хүн байгаа. 24 Та тэднийг дагуулж яваад цэвэрших ёсыг хамт сахь. Үсээ хусуулах төлбөрийг нь төл. Тэгвэл хүмүүс Хууль сахидгийг тань, таны талаар гарсан яриа ор үндэсгүйг ойлгоно. 25 Харин Есүст итгэдэг болсон харь үндэстний тухайд бол шүтээнд өргөсөн юм, цус, боомилж нядалсан аливаа зүйл, садар самууныг цээрлэх хэрэгтэй гэж шийдсэнээ бид захидлаар мэдэгдсэн» гэсэн юм.
26 Маргааш нь Паул тэднийг дагуулж яваад цэвэрших ёсыг сахижээ. Тэгээд цэвэрших хугацаа хэзээ дуусахыг, өөрсдийнхөө төлөө хэзээ тахил өргүүлэхийг мэдэгдэхийн тулд сүмд очжээ.
27 Цэвэрших долоо хоног бараг дуусаж байтал Ази мужаас ирсэн иудейчүүд Паулыг сүмд байхыг хараад олон түмнийг үймүүлж, түүнийг барьж авав. 28 Тэд: «Израйл ах дүү нар аа, туслаарай. Энэ хүн хаа явсан газраа, тааралдсан хүн болгондоо бидний эсрэг, манай Хуулийн эсрэг, энэ ариун газрын эсрэг юм ярьж явдаг. Тэр бүү хэл, грекчүүдийг сүмд авчирч, ариун газрыг маань бузарлалаа» гэж хашхирчээ. 29 Яагаад гэвэл тэд Паулыг Эфэс хотын Трофимтой цуг хотод явж байхыг нь харсан байжээ. Тиймээс түүнийг дагуулаад сүмд орчихож гэж боджээ. 30 Хотынхон тэр аяараа үймэлдэж, бөөн хүн гүйж ирээд Паулыг барьж аван сүмээс чирч гаргаад хаалгыг нь даруйхан хаалаа. 31 Тэгээд Паулыг алахын даваан дээр Иерусалим даяар үймээн гарлаа гэсэн мэдээ мянгатын даргад хүрчээ. 32 Тэр даруй мянгатын дарга, зуутын дарга нар болон цэргүүдээ дагуулан ирлээ. Хүмүүс тэдний барааг хараад Паулыг зодохоо болив.
33 Мянгатын дарга хүрч ирээд Паулыг баривчилж, хоёр гинжээр гинжлэхийг тушаав. Тэгээд хэн гэгч болох, юу хийснийг нь хүмүүсээс асуухад 34 зарим нь нэг юм хэлж байхад зарим нь өөр юм хашхирч байлаа. Мянгатын дарга үймээний улмаас тодорхой юм мэдэж чадаагүй учир Паулыг хуаран руу авч явахыг тушаав. 35 Гэвч Паулыг шатаар явахад олон түмэн дайрч байсан тул цэргүүд арга буюу түүнийг өргөж явлаа. 36 Хүмүүс: «Наадахаа ал!» гэж хашхиран тэднийг даган явж байв.
37 Хуаран руу орох гэж байтал Паул: «Танд нэг юм хэлж болох уу?» гэж мянгатын даргаас асуухад тэрээр: «Та грекээр ярьдаг юм уу? 38 Тэгвэл та саяхан бослого гаргаж, зэвсэглэсэн 4 000 хүнийг дагуулж цөл рүү явсан египет хүн биш биз?» гэв. 39 Паул: «Уг нь бол, би иудей хүн. Олны сайн мэдэх Киликийн Тарс хотын иргэн. Тиймээс хүмүүст үг хэлэхийг минь зөвшөөрнө үү» гэхэд 40 мянгатын дарга зөвшөөрлөө. Паул шатан дээр зогсоод чимээгүй байхыг гараараа дохив. Хүмүүсийг нам гүм болоход еврей хэлээр ийн ярилаа.