Египетээс гарсан нь
14 Ехова Мосед 2 «Эргэж, Мигдол болон Улаан тэнгисийн хоорондох Пи-хахиротын өмнө буудалла гэж израйлчуудад хэл. Та нар Баал-зефоны харалдаа, тэнгисийн эрэгт буудалла. 3 Тэгвэл фараон израйлчуудын талаар “Тэд тэнд төөрч, цөлд гарах гарцгүй болсон” гэж бодно. 4 Би фараоныг зөрүүдлэн муйхарлахыг нь зөвшөөрч, тэр та нарын араас нэхэн хөөнө. Би фараон болон хамаг дайчнаар нь дамжуулан өөрийгөө алдаршуулна. Тэгэхэд египетчүүд намайг Ехова гэдгийг мэдэх болно» хэмээн айлдав. Израйлчууд хэлснээр нь хийжээ.
5 Ард түмэн явсан тухай мэдээ Египетийн хаанд хүрэв. Тэр даруй фараон болон албат зарц нарынх нь сэтгэл хувирч «Бид нар юу хийчих нь энэ вэ? Яагаад израйл боолуудаа чөлөөлөөд явуулчхав аа?» гэцгээв. 6 Ингээд фараон дайны морин тэрэгнүүдээ бэлтгүүлж дайчидтайгаа гарлаа. 7 Тэрбээр 600 шилдэг морин тэргийг төдийгүй Египетийн бусад бүх морин тэргийг авч гарав. Тэрэг бүхэн дайчидтай байлаа. 8 Ехова Египетийн хаан фараоныг зөрүүдлэн муйхарлахыг зөвшөөрсөнд фараон сэтгэл амар явж байсан израйлчуудын араас нэхэн хөөв. 9 Израйлчуудыг Баал-зефоны өмнө, Пи-хахиротын хажууд, тэнгисийн эрэгт буудаллаж байхад фараон морин тэрэгтэй дайчид, их цэргээ удирдан тэднийг нэхсээр дөхөж ирлээ.
10 Фараоныг дөхөж ирэхэд израйлчууд өөрсдийг нь нэхэж яваа египетчүүдийг хараад ихэд айж, Еховагаас тусламж гуйн хашхиралдав. 11 Тэд Мосед «Египетэд оршуулгын газар байхгүй болоод та биднийг цөлд үхүүлэхээр авчирсан юм уу? Биднийг яах нь энэ вэ? Яах гэж Египетээс гаргасан юм бэ? 12 Бид нар Египетэд байхдаа “Биднийг зүгээр орхи. Египетчүүдэд боолчлогдож л байя” гэж хэлсэн биз дээ? Цөлд үхсэнээс египетчүүдэд боолчлогдох нь дээр» гэхэд 13 Мосе ард олонд «Битгий айж сандар. Тайван зогсоод өнөөдөр Ехова та нарыг яаж аврахыг харцгаа. Одоо харж байгаа египетчүүдээ та нар дахиж хэзээ ч харахгүй. 14 Ехова та нарын төлөө тулалдана. Та нар чимээгүй хүлээж бай» гэлээ.
15 Ехова Мосед «Чи яагаад ингэтлээ их санаа зовж, надаас тусламж гуйн хашхирна вэ? Израйлчуудыг хөдлөхөд бэлд гэж хэл. 16 Харин чиний хувьд, таягаа өргөөд тэнгисийн дээгүүр сунга. Тэгвэл тэнгис хуваагдаж израйлчууд тэнгисийн дундуур хуурай газраар явна. 17 Би египетчүүдийг зөрүүдлэн муйхарлахыг нь зөвшөөрөх учраас тэд израйлчуудын араас орно. Тэгээд би фараон, түүний дайны морин тэрэгнүүд, морьт цэргүүд гээд их цэргээр нь дамжуулан өөрийгөө алдаршуулна. 18 Би фараон, түүний дайны морин тэрэгнүүд, морьт цэргүүдээр дамжуулан өөрийгөө алдаршуулахад египетчүүд намайг Ехова гэдгийг мэдэх болно» гэж айлдав.
19 Ингээд Израйлын хуарангийн урд явж байсан жинхэнэ Бурхны тэнгэрийн элч тэдний ард очиход үүлэн багана тэдний урдаас хөдөлж, ард нь очив. 20 Ийнхүү үүлэн багана египетчүүд, израйлчуудын хооронд орж, нэг талыг нь харанхуйлуулж, нөгөө талыг нь шөнөжин гэрэлтүүллээ. Тиймээс шөнийн турш египетчүүд израйлчуудад ойртсонгүй.
21 Мосег тэнгисийн дээгүүр гараа сунгахад Ехова шөнөжин зүүн зүгээс хүчтэй салхи салхилуулав. Тэнгисийн ус салхинд түрэгдэн хоёр хуваагдаж, ёроол нь хуурай болжээ. 22 Израйлчуудыг тэнгисийн дундуур хуурай газраар явахад баруун зүүн талд нь ус хана мэт тогтсон байлаа. 23 Египетчүүд тэднийг нэхэн хөөж, фараоны бүх дайны морин тэрэг, морьт цэргүүд араас нь тэнгис рүү оров. 24 Өглөөний манааны үед* Ехова гал, үүлэн багана дундаас египетчүүдийг хараад самууруулжээ. 25 Тэрбээр тэрэгнүүдийнх нь дугуйг мулталж, жолоодоход хэцүү болгож байсан тул египетчүүд: «Ехова израйлчуудын төлөө бидэнтэй тулалдаж байна. Тэднээс зугтацгаая» гэцгээв.
26 Ехова Мосед «Тэнгисийн дээгүүр гараа сунгаж египетчүүд, тэдний дайны морин тэрэгнүүд, морьт цэргүүдийн дээр усыг буцааж буулга» гэхэд 27 Мосе тэр даруй тэнгисийн дээгүүр гараа сунгав. Тэнгисийн ус үүр цайхын алдад эргэж хэвэндээ орлоо. Египетчүүд зугтахыг оролдсон ч Ехова тэднийг тэнгисийн дунд живүүлжээ. 28 Израйлчуудын араас тэнгис рүү орсон дайны морин тэрэгнүүд, морьт цэргүүд бүхий фараоны их цэргийг ус нөмрөхөд нэг нь ч амьд үлдээгүй юм.
29 Харин израйлчууд тэнгисийн ёроолоор, хуурай газраар явсан бөгөөд баруун зүүн талд нь ус хана мэт тогтсон байлаа. 30 Ийнхүү Ехова тэр өдөр израйлчуудыг египетчүүдийн савраас аварч, израйлчууд тэнгисийн эрэг дээрх египетчүүдийн цогцсыг харцгаажээ. 31 Тэд Еховаг асар их хүчээрээ* египетчүүдэд юу үйлдсэнийг харсан юм. Тэгээд ард олон Еховаг бишрэн хүндэтгэж, Еховад болон зарц Мосед нь итгэв.