Элчүүдийн үйлс
26 Агрийп хаан: «Та өөрийгөө өмгөөлж болно» гэхэд Паул гараа өргөөд ийн ярьж эхлэв.
2 «Агрийп хаантан, иудейчүүдийн намайг буруутгаж байгаа хэргийн тухайд өөрийгөө өмгөөлж, чухам танд хандан үг хэлэхийг би завшаан гэж үзэж байна. 3 Та бол иудейчүүдийн ёс заншлыг ч, маргаантай асуудлыг ч сайн мэдэх хүн билээ. Тиймээс намайг тэвчээртэй сонсохыг танаас хүсье.
4 Ард түмнийхээ дунд болон Иерусалимд бага залуугаасаа хэрхэн амьдарч байсныг минь 5 намайг таньдаг иудейчүүд бүгдээрээ мэдэх бөгөөд тэд хүсвэл манай шашны хамгийн хатуу дүрэм журамтай фарисай бүлэглэлийн хүн байсныг минь гэрчилж чадна. 6 Харин одоо энд шүүгдэж байгаа минь манай өвөг дээдэст өгсөн Бурхны амлалтад итгэдгээс болсон хэрэг. 7 Энэ амлалт биелэхийг үзэх гэж манай 12 овог Бурханд өдөр шөнөгүй үйлчилдэг. Иудейчүүд намайг энэ амлалтад итгэдгээс болж буруутгаж байна, хаантан минь.
8 Бурхан үхэгсдийг амилуулдгийг та нар яагаад итгэхийн аргагүй гэж үздэг юм бэ? 9 Би Назарын Есүсийг эсэргүүцэж* их юм хийх хэрэгтэй гэж боддог байлаа. 10 Үүнийгээ ч Иерусалимд байхдаа хийж явсан. Ахлах тахилчид надад эрх олгосон учир би ариун хүмүүсийг шоронд хорьж, цаазаар авахыг дэмжиж байлаа. 11 Бүх синагогоор явж, тэднийг тамлан зовоож, итгэл үнэмшлээсээ няцахыг албадаж байв. Тэдэнд дургүйцэн зэвүүцдэгтээ өөр хотуудаар ч гэсэн явж хавчдаг байсан.
12 Ийм зорилго өвөрлөн ахлах тахилчдаас эрх мэдэл, даалгавар аваад Дамаск руу явж байлаа. 13 Тэгтэл, хаантан минь, үд дунд нарны гэрлээс ч хурц гэрэл тэнгэрээс цацарч, бид бүхний дээр тусав. 14 Бид бүгдээрээ газар унав. Тэгтэл “Саул аа, Саул аа, чи намайг яагаад хавчина вэ? Шилбүүр өшиглөөд байвал чи өөрөө л хохирно” гэж еврейгээр надад хэлэхийг сонсоод 15 би: “Эзэнтэн, та хэн бэ?” гэж асуухад “Би бол чиний хавчиж хяхаад байгаа Есүс байна. 16 Босоод зогс. Чамд үзүүлсэн бөгөөд үзүүлэх зүйлээ гэрчлүүлэхийн тулд, үйлчлэгчээ болгохын тулд би чамд үзэгдэж байна. 17 Би чамайг энэ хүмүүсээс, харь үндэстнүүдээс аварч, тэдэн рүү илгээнэ. 18 Учир нь би тэдний нүдийг нээж, харанхуйгаас гэрэлд гаргаж, Сатаны эрхшээлээс чөлөөлж Бурхан руу эргүүлнэ. Улмаар тэд нүглээ уучлуулж, надад итгэдгийнхээ ачаар ариусгагдсан хүмүүсийн дунд өв хүртэх юм” гэж Эзэн хэлсэн.
19 Агрийп хаантан, ер бусын энэ үзэгдлийг би тоохгүй байж чадсангүй. 20 Тиймээс эхлээд Дамаск, дараа нь Иерусалим, тэгээд Иудей даяар, бас харь үндэстнүүдэд гэмш, үүнийгээ үйлсээрээ баталж Бурхан руу эргэ хэмээн тунхаглаж байсан. 21 Чухам үүнээс болж иудейчүүд намайг сүмд байхад барьж аваад алахыг оролдсон. 22 Гэхдээ Бурхан тусалсан учраас би өнөөдрийг хүртэл их бага гэлгүй бүх хүнд гэрчилж явна. Ингэхдээ Зөнчид болон Мосегийн зөгнөснөөс өөр юм яриагүй. 23 Өөрөөр хэлбэл, Христ зовлон эдэлнэ, үхэгсдийн дундаас эхлээд амилуулагдана, энэ үндэстэнд ч, харь үндэстнүүдэд ч гэрлийн талаар тунхаглана хэмээснийг л ярьсан юм» гэж хэлэв.
24 Өөрийгөө өмгөөлж ийн ярьж байтал Фест: «Паул та эрүүл ухаантай байна уу? Их эрдэм мэдлэг таныг солиоруулжээ!» гэж чанга дуугаар хэлэхэд 25 Паул: «Би солиороогүй, эрхэм Фест ээ. Харин ч үнэнийг эрүүл ухаанаар ярьж байна. 26 Тэгээд ч хаантан өөрөө энэ бүхнийг сайн мэдэх учир би илэн далангүй ярьж байгаа юм. Би хүний нүднээс далдуур юу ч хийгээгүй учир хаанаас нууцлагдсан юм байхгүй гэдэгт итгэлтэй байна. 27 Агрийп хаантан, та зөнчдөд итгэдэг биз дээ? Итгэдгийг тань мэдэж байна» гэж хэллээ. 28 Агрийп: «Богинохон хугацаанд та намайг Христийн дагалдагч болгох нь» гэхэд 29 Паул: «Богино хугацаанд ч бай, урт хугацаанд ч бай, ганц та биш, өнөөдөр намайг сонсож байгаа бүх хүн энэ гав гинжнээс бусдаар надтай адил болоосой гэж би Бурханд залбирмаар байна» гэж хэллээ.
30 Тэгэхэд хаан суудлаасаа босов. Мөн захирагч, Бернике болон тэдэнтэй хамт сууж байсан хүмүүс ч босов. 31 Тэд гарч явахдаа «Уг нь, энэ хүн үхлийн ял авах юм уу шоронд хоригдохоор юу ч хийгээгүй юм байна шүү дээ» гэж хоорондоо ярилцав. 32 Агрийп хаан: «Цезарьт давж заалдана гээгүй бол суллаж болох л байж» гэж Фестэд хэлжээ.