Элчүүдийн үйлс
12 Тэр үед Херод хаан* зарим дагалдагчийг хавчиж эхлэн 2 Ёоханы ах* Яаковыг цаазлуулжээ. 3 Энэ нь иудейчүүдийн сэтгэлд нийцсэнийг мэдээд Петрийг бас баривчлан (Исгээгүй талхны баяр болж байв) 4 шоронд хорьж, 16 цэргээр мануулав. Цэргүүд дөрөв дөрвөөрөө ээлжлэн манадаг байв. Херод Петрийг Дээгүүр өнгөрөх баярын дараа олны өмнө гаргах санаатай байжээ. 5 Петрийг хоригдож байх үед хурлынхан түүний төлөө Бурханд шаргуу залбирч байлаа.
6 Херодын төлөвлөсөн өдрийн өмнөх шөнө Петр хоёр цэргийн дунд гинжлүүлэн унтаж байлаа. Шоронгийн өрөөний үүдэнд бас хоёр харуул байлаа. 7 Гэнэт Еховагийн* тэнгэрийн элч үзэгдэж, шоронгийн өрөөнд гэрэл цацрав. Тэнгэрийн элч Петрийг хажуунаас нь татаж сэрээгээд «Түргэн босоорой!» гэж хэлэхэд гинж гараас нь мултарч унажээ. 8 Тэнгэрийн элч: «Гутал, хувцсаа өмс» гэхэд Петр өмслөө. Тэгэхэд нь «Гадуур хувцсаа өмсөөд намайг дагаад яв» гэхэд 9 дагаад гарлаа. Гэхдээ Петр гайхамшгаар үзэгдэл үзэж байна гэж бодсоноос бус, тэнгэрийн элч үнэхээр үзэгдэж, энэ бүхэн үнэхээр болж байгааг ойлгосонгүй. 10 Харуул манааны хоёр ч цэгийг өнгөрөөд хот руу ордог төмөр хаалган дээр хүрч ирэхэд хаалга өөрөө онгойв. Тэгээд гарч яван нэг гудамж өнгөртөл тэнгэрийн элч түүнийг орхин оджээ. 11 Хэрэг явдлын учрыг сая л ойлгосон Петр: «Ехова* тэнгэрийн элчээ илгээж намайг Херодын гараас, иудейчүүдийн хүсэн хүлээж байсан зүйлээс аварсныг би одоо л мэдлээ» гэжээ.
12 Ингээд Марк гэгддэг Ёоханы эх Мариагийн гэр лүү Петр явжээ. Тэнд олон шавь цуглаад залбирч байлаа. 13 Петр тэдний хаалгыг тогшиход Роде гэдэг шивэгчин тайлахаар очоод 14 Петрийн дууг танив. Тэгээд баярласандаа хаалгаа ч тайлалгүй буцаж гүйн гэрт ороод «Петр үүдэнд зогсож байна» гэхэд 15 хүмүүс: «Чи өөрийн ухаантай байна уу?» гэж асуув. Гэсэн ч шивэгчин, Петр ирснийг батлан хэлсээр байлаа. Тэгэхэд нь хүмүүс: «Тэгвэл тэнгэрийн элч нь байж таарлаа» гэжээ. 16 Харин Петр хаалга тогшсоор л байв. Тэд онгойлгож түүнийг хараад ихэд гайхав. 17 Харин Петр чимээгүй байхыг гараараа дохиод Ехова* өөрийг нь яаж шоронгоос сулласныг нэгд нэгэнгүй ярив. Тэгээд «Энэ талаар Яаковт болон ах дүүд дуулгаарай» гэж хэлээд өөр тийшээ явжээ.
18 Өглөө болоход цэргүүд Петрийг алга болсныг үзээд айж сандарцгаав. 19 Херод Петрийг газар сайгүй хайлгасан боловч олсонгүй. Бас харуулуудыг байцаагаад шийтгэхээр болжээ. Петр Иудейгээс явж Цезариад очоод тэнд хэсэг зуур байжээ.
20 Херод Тир болон Сидоны хүмүүст уурлаж байв. Тиймээс тэндхийн хүмүүс нэгэн зорилго өвөрлөн ирж хааны гэрийн даамал Бластыг ятгасан бөгөөд өөрсөдтэй нь эвлэрэхийг хаанаас гуйжээ. Учир нь тэд хоол хүнсээ Херод хааны нутгаас авдаг байв. 21 Товлосон өдөр болоход Херод шүүгчийн суудалдаа хааны хувцастайгаа суугаад олон түмэнд хандан үг хэлж эхлэхэд 22 цугласан олон: «Хүний дуу биш, Бурхны дуу байна!» гэж хашхиралдав. 23 Тэр даруй Еховагийн* тэнгэрийн элч Херодыг өвчлүүлэхэд өтөнд бариулж үхжээ. Учир нь Херод Бурхныг алдаршуулаагүй ажээ.
24 Еховагийн* үг түгэн түгсээр маш олон хүн итгэж байлаа.
25 Паул Барнаб хоёр Антиохын ах дүү нарын өгсөн зүйлсийг Иерусалимд хүргэж өгөөд буцах замдаа Марк гэгддэг Ёоханыг дагуулж явжээ.