Элчүүдийн үйлс
23 Паул Иудейн дээд шүүхийнхнийг анхааралтай ажиглаж байгаад «Ах дүү нар аа, би өнөөдрийг хүртэл хүний мөс сайтайгаар Бурханд үйлчилж ирсэн» гэж хэлтэл 2 тэргүүн тахилч Ананиа Паулын хажууд зогсож байсан хүмүүст амыг нь алгадахыг тушаав. 3 Тэгэхэд Паул: «Цагаанаар будсан хана чамайг Бурхан шийтгэнэ дээ. Чи Хуулийн дагуу шүүх гэж байгаа хэр нь намайг алгадахыг тушаан Хуулиа зөрчиж байгаа юм уу?» гэхэд 4 дэргэд нь байсан хүмүүс: «Харин чи Бурхны томилсон тэргүүн тахилчийг доромжилно гэнэ ээ?» гэлээ. 5 Тэгэхэд Паул: «“Ард түмнийхээ захирагчийг бүү доромжил” гэж байдаг. Би энэ хүнийг тэргүүн тахилч гэж мэдсэнгүй, ах дүү нар минь» гэж хэллээ.
6 Шүүхийнхний нэг хэсэг нь садукайчууд, нөгөө хэсэг нь фарисайчууд байхыг ажигласан Паул: «Ах дүү нар минь ээ, би фарисай хүний хүү, өөрөө ч фарисай. Үхсэн хүн амилна гэдэгт итгэдгээс минь болж намайг шүүж байна шүү дээ» гэж хашхирав. 7 Ийн хэлэхэд нь фарисайчууд садукайчууд хоорондоо санал зөрөлдөж хоёр хуваагджээ. 8 Учир нь садукайчууд үхсэн хүн амилна, тэнгэрийн элч, үл үзэгдэх бүтээл байдаг гэдэгт итгэдэггүй байхад фарисайчууд аль алинд нь итгэдэг ажээ. 9 Ингээд бөөн маргаан дэгдэж, фарисайчуудын талаас хэдэн хуулийн багш суудлаасаа босож ирээд ширүүн маргаж «Энэ хүнийг буруутгах ямар ч үндэс алга. Тэнгэрийн элч юм уу үл үзэгдэх бүтээл энэ хүнтэй ярьсан байж болно шүү дээ» гэлээ. 10 Байдал хурцдахад Паулыг тас татах вий гэж айсан мянгатын дарга түүнийг хуаранд аваачихыг цэргүүддээ тушаав.
11 Шөнө нь Эзэн Паулын хажууд зогсож «Зоригтой бай! Чи Иерусалимд миний тухай сайтар гэрчилсэн шигээ Ромд бас гэрчлэх ёстой» гэж хэлжээ.
12 Өдөр болоход иудейчүүд Паулыг алахаар хуйвалдан энэ хэргээ бүтээтэл идэж уухгүй гэж тангараглажээ. 13 Энэ хуйвалдаанд 40 гаруй хүн оролцсон байв. 14 Тэд ахлах тахилчид болон ахлагчдад «Бид Паулыг алахаас нааш юу ч идэхгүй гэж тангарагласан. 15 Тиймээс та нар Иудейн дээд шүүхийнхэнтэй хамт Паулын хэргийг нарийвчлан авч үзнэ гэж мянгатын даргад хэлүүлж Паулыг авчруул. Харин бид түүнийг замд нь хөнөөхөд бэлэн байна» гэж хэлжээ.
16 Паулын зээ дүү тэр хуйвалдааны талаар сонсоод хуаранд очиж, Паулд мэдэгджээ. 17 Паул зуутын дарга нараас нэгийг нь дуудуулж «Энэ залууг мянгатын даргатай уулзуулж өгнө үү. Даргад дуулгах мэдээтэй иржээ» гэхэд 18 зуутын дарга, залууг мянгатын даргад хүргэж өгөөд «Хоригдол Паул намайг дуудуулаад энэ залууг тантай уулзуулаач гэсэн юм. Танд хэлэх юм байна гэнэ» хэмээжээ. 19 Мянгатын дарга залууг гараас нь хөтлөн зайдуу аваачаад «За, юу хэлэх гэсэн юм бэ?» гэж асуулаа. 20 Өнөөх залуу: «Иудейчүүд Паулын хэргийг нарийн авч үзэх нэрээр маргааш Иудейн дээд шүүх рүү авчруулах хүсэлт гаргахаар үгсэн нийлжээ. 21 Та тэдний ятгалгад бүү автаарай. Үнэндээ, тэдний 40 гаруй хүн Паулыг отож байгаад дайрах гэж байгаа юм. Тэд түүнийг алахаас нааш юу ч идэж уухгүй гэж тангараг тавьсан байна. Одоо таны юу гэхийг хүлээгээд бэлэн байж байгаа» гэхэд 22 мянгатын дарга: «Надад ярьснаа хэнд ч битгий хэлээрэй» гэж захиад залууг явуулжээ.
23 Мянгатын дарга зуутын хоёр даргыг дуудаж «200 цэрэг, 70 морьтон, 200 жадчинг шөнийн гуравдугаар цагт шууд Цезариа руу явуулахаар бэлдэгтүн. 24 Бас Паулд унах морь гаргаж, захирагч Феликст эсэн мэнд хүргэж өг» гэж тушаагаад 25 ийм утгатай захидал бичиж явуулжээ.
26 «Клавдий Луси миний бие эрхэм захирагч Феликс таны амрыг эрэн мэндчилж байна. 27 Энэ хүнийг иудейчүүд барьж аваад алах гэж байхад нь би цэргүүдтэйгээ яаран очиж аварсан юм. Учир нь миний олж мэдсэнээр, энэ хүн бол Ромын иргэн. 28 Тэгээд ямар хэрэгт буруутгагдаад байгааг нь мэдэх гэж Иудейн дээд шүүхэд аваачсан билээ. 29 Тэд өөрсдийнхөө Хуульд үндэслэн түүнийг буруутгаж байгаа болохоос бус, энэ хүн үхэх ял авах юм уу шоронд хоригдохоор хэрэг хийгээгүй юм байна. 30 Гэхдээ энэ хүнийг алах гэж хуйвалдаан зохиосон нь илэрсэн учир би түүнийг даруй тан руу илгээж байна. Бас танд мэдүүлэг өгөхийг түүнийг буруутгаад байгаа хүмүүст тушаалаа».
31 Тушаал ёсоор цэргүүд Паулыг шөнө авч яваад Антипатрт хүргэжээ. 32 Маргааш нь морин цэргүүд Паулыг аван цааш явж, бусад нь хуаран руугаа буцлаа. 33 Морин цэргүүд Цезариад ирээд захирагчид захидлыг гардуулж Паулыг хүлээлгэж өгөв. 34 Захирагч захидлыг уншаад аль нутгийнх болохыг нь Паулаас асууж Киликийн хүн гэдгийг нь мэдэж авчээ. 35 Тэгээд «Таныг буруутгаад байгаа хүмүүсийг ирэхээр хэргийг тань нягталж үзье» гэж хэлжээ. Феликс Паулыг Херодын ордонд байлгаж харуулаар мануулахыг тушаав.