Ёоханы бичсэн сайн мэдээ
10 «Би батлан хэлье. Хонины хашаанд үүдээр нь ордоггүй, давж ордог хүн бол хулгайч, дээрэмчин юм. 2 Харин үүдээр нь ордог хүн бол хоньчин мөн. 3 Манаач хоньчинд үүдээ тайлж өгдөг бөгөөд хоньд хоньчноо дуугаар нь таньдаг. Хоньчин хоньдоо нэрээр нь дуудаж, хашаанаас гаргадаг. 4 Бүх хонио гаргаад түрүүнд нь явахад хоньд дагадаг. Яагаад гэвэл дууг нь таньдаг. 5 Эзнээсээ өөр хүнийг бол дагахгүй, харин ч зугтана. Яагаад гэвэл дуу нь танил биш» хэмээн ярив. 6 Есүс ийм жишээ татаж ярьсан ч тэд ойлгосонгүй.
7 Тиймээс Есүс дахин ингэж ярив. «Би батлан хэлье. Би бол хонины хашааны үүд. 8 Хоньчны дүрээр ирсэн бүх хүн хулгайч, дээрэмчин. Хоньд тэдний дууг таниагүй. 9 Би бол үүд. Надаар дамжиж ордог хэн боловч аврагдана. Тэрээр хашаанд орно, гарна, бэлчээр олно. 10 Хулгайч бол хулгайлах, алж устгах гэж л ирдэг. Харин би хоньдыг амьд байлгах гэж, мөнх амьдруулах гэж ирсэн. 11 Би бол сайн хоньчин. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг. 12 Хөлсний хүн хоньчинтой адилгүй, хоньд ч түүнийх биш. Чоно ирвэл хаяад зугтдаг. Чоно хоньдыг барихад хонин сүрэг тарж бутардаг. 13 Яагаад гэвэл хөлсний хүн мөнгө боддог, хонио гэсэн сэтгэлгүй. 14 Би бол сайн хоньчин. Эцэг намайг, би Эцгээ мэддэгийн адилаар 15 би хоньдоо, хоньд минь намайг мэддэг. Хоньдынхоо төлөө би амиа өгнө.
16 Энэ хашаан дахь хоньдоос өөр хоньд надад бий. Би тэднийг ч бас хариулах ёстой. Тэд дуугаар минь намайг танина. Ийнхүү нэг хоньчинтой нэг сүрэг болно. 17 Эцэг намайг хайрладаг. Би амиа өгнө, буцааж авна. 18 Хүн миний амийг авч чадахгүй. Харин би сайн дураараа өгнө. Би амиа өгөх ч эрхтэй, буцааж авах ч эрхтэй. Энэ тушаалыг би Эцгээсээ авсан».
19 Энэ үгнээс болж иудейчүүдийн дунд дахин хагарал гарчээ. 20 Олон хүн: «Тэр чөтгөрт эзэмдүүлж солиорчээ. Тийм хүнийг та нар юунд сонсдог юм бэ?» гэхэд 21 бусад нь «Чөтгөрт эзэмдүүлсэн хүн ийм юм ярьдаггүй шүү дээ. Чөтгөр сохор хүнд хараа оруулж чадна гэж үү?» гэж байлаа.
22 Сүмийг Шинэтгэн ариусгасны баяр Иерусалимд болж байлаа. Тэгэхэд өвөл байсан бөгөөд 23 Есүс Соломоны баганат танхимд явж байтал 24 иудейчүүд түүнийг тойрон зогсоод «Хэдий болтол бид танаас болж эргэлзэж явах юм бэ? Христ мөн юм бол шууд хэлчихээч» гэцгээв. 25 Есүс: «Би та нарт хэлсэн, та нар итгэдэггүй. Эцгийнхээ нэрийн өмнөөс хийсэн бүхэн минь намайг гэрчилдэг. 26 Гэвч та нар итгэдэггүй. Яагаад гэвэл та нар миний хонь биш. 27 Миний хонь дууг минь таньдаг, би хоньдоо мэддэг, тэд намайг дагадаг. 28 Би мөнх амь өгөх бөгөөд тэд хэзээ ч мөхөхгүй. Хэн ч тэднийг миний гараас булаахгүй. 29 Эцгийн минь надад өгсөн тэд бүхнээс илүү чухал бөгөөд хэн ч тэднийг Эцгийн гараас булааж чадахгүй. 30 Эцэг бид хоёр нэг* юм» гэж өгүүлэв.
31 Иудейчүүд Есүс рүү нүүлгэхээр дахин чулуу авцгаахад 32 Есүс: «Эцгийнхээ тушаалаар би олон сайн юм хийсэн. Алинаас нь болж та нар над руу чулуу нүүлгэх гэв?» гэж асуулаа. 33 Иудейчүүд: «Сайн юм хийсний төлөө биш, Бурхныг доромжилсны тань төлөө чулуу нүүлгэнэ. Та хүн байтлаа өөрийгөө бурхан болгож байна» гэцгээв. 34 Тэгэхэд Есүс: «Танай Хуульд “Та нар бол бурхад*” хэмээн Бурхны айлдсаныг бичсэн байдаг бус уу? 35 Бурхан зэмлэн буруушаасан хүмүүсээ “бурхад” гэсэн бөгөөд Сударт ийн бичсэнийг хэн ч өөрчилж чадахгүй. 36 Бурхан намайг ариусгаад дэлхий рүү илгээсэн бөгөөд “Би бол Бурхны Хүү” гэсний минь төлөө “Та Бурхныг доромжилсон” гэж та нар яаж хэлнэ вэ! 37 Хэрэв би Эцгийнхээ хүссэнийг хийдэггүй бол надад бүү итгэ. 38 Харин би Эцгийнхээ хүссэнийг хийдэг бол та нар хэлсэн үгэнд минь итгэдэггүй юм гэхэд хийсэн ажлыг минь хараад итгэ. Тэгвэл Эцэг надтай, би Эцэгтэйгээ санаа сэтгэл нэг байдгийг та нар ойлгоод итгэнэ» гэж хэлэв. 39 Тэгэхэд тэд Есүсийг барьж авахыг оролдсон ч Есүс тэдний гарт орсонгүй.
40 Ёоханы анх баптисм хүртээж эхэлсэн тэр газар очихоор Есүс Иорданы нөгөө тал руу явж тэнд хэсэг зуур байв. 41 Олон хүн Есүс рүү ирээд «Ёохан нэг ч гайхамшиг үйлдээгүй. Гэхдээ энэ хүний талаар түүний хэлсэн бүхэн үнэн байжээ» хэмээцгээв. 42 Олон хүн Есүст итгэжээ.