Элчүүдийн үйлс
17 Паул Силас хоёр Амфипол, Аполоноор явсаар Тесалоникт ирлээ. Тэнд иудейчүүдийн синагог байв. 2 Паул заншсан ёсоороо синагогт очиж, гурван Амралтын өдөр дараалан хүмүүст Судрыг ойлгоход нь туслан 3 Христ зовлон эдлэх, мөн амилах ёстой байсныг Судраас иш татан баталж, «Миний та нарт тунхаглаж байгаа Есүс бол Христ юм шүү дээ» хэмээн тайлбарлаж байв. 4 Үүний дүнд хэдэн хүн Есүсийн дагалдагч болж, Паул Силас хоёртой нийлжээ. Бас сүсэг бишрэлтэй грекчүүд, нэр нөлөө бүхий эмэгтэйчүүд дагалдагч болов.
5 Харин үүнд атаархсан иудейчүүд зах дээр сэлгүүцэж явдаг үл бүтэх этгээдүүдийг цуглуулж, талдаа оруулаад хотод үймээн дэгдээжээ. Паул Силас хоёрыг олны өмнө гаргах гэж Ясоны гэрт дайран орсон боловч 6 тэднийг олоогүй тул Ясон болон өөр хэдэн дагалдагчийг хотын захирагчид руу чирч авчрав. Тэгээд «Газар сайгүй гай тарьж явдаг хүмүүс манай энд бас иржээ. 7 Энэ Ясон тэднийг гэртээ орогнуулжээ. Тэд бүгдээрээ Цезарийн тушаалыг зөрчин Есүс гэдэг өөр хаан байдаг гэж сургаж явдаг» гэхэд 8 цугласан олон ч, хотын захирагчид ч айж түгшжээ. 9 Тэгээд Ясон болон дагалдагчдыг торгоод явуулав.
10 Ах дүү нар шөнө болмогц Паул Силас хоёрыг Берой руу явуулжээ. Тэд тэнд очоод иудейчүүдийн синагог руу явав. 11 Беройчууд Тесалоникийн хүмүүсийг бодвол юм сурах дуртай байлаа. Учир нь Бурхны үгийг дуртайяа хүлээн авсан тэд Паулын ярьсан нь үнэн эсэхийг магадлах гэж Судрыг өдөр бүр нягтлан үздэг байв. 12 Улмаар тэдний дундаас олон хүн, бас нэр хүндтэй олон грек эмэгтэй, хэсэг эрэгтэйчүүд Есүсийн дагалдагч болов. 13 Тэгтэл Тесалоникийн иудейчүүд Паулыг бас Беройд Бурхны үгийг тунхаглаж байгааг дуулаад түүнийг эсэргүүцэхээр ирж ард олныг хутган үймүүлжээ. 14 Тиймээс ах дүү нар Паулыг тэр даруй далайн боомт руу явуулжээ. Харин Силас Тимот хоёр тэнд үлдэв. 15 Дагаж явсан хүмүүс нь Паултай Афин хүртэл цуг яваад буцлаа. Паул тэдэнд Силас Тимот хоёрыг өөр лүү нь аль болохоор түргэн явуулахыг захисан байжээ.
16 Паул тэднийг Афинд хүлээж байх зуураа уг хот шүтээнээр дүүрснийг ажиглаад жигшин зэвүүцжээ. 17 Тиймээс синагогт иудейчүүд болон сүсэгт хүмүүст, бас өдөр бүр зах дээр очиж, таарсан хүн болгонд Судрыг ойлгоход нь тусалж байв. 18 Тэгтэл Эпикурчууд, Стоикууд гэгдэх гүн ухаантнуудын зарим нь Паултай мэтгэлцэх болов. Зарим нь: «Энэ чалчигч ер нь юун тухай ярих гээд байна вэ?» гэж байхад бусад нь «Харийн бурхдын тухай номлодог хүн бололтой» гэж байв. Учир нь Паул Есүсийн тухай, нас барсан хүн амилах тухай сайн мэдээг тунхаглаж байжээ. 19 Тэд Паулыг Ареопагт авчраад «Таны яриад байгаа шинэ сургаалыг мэдмээр байна. 20 Энэ хачин жигтэй юмныхаа учрыг тайлбарлана уу» гэжээ. 21 Ер нь, афинчууд болон Афинд очсон гадаадынхан чөлөөт цагаа шинэ сонин юм ярих, сонсоход л зориулдаг ажээ. 22 Паул Ареопагийн голд зогсоод ийн ярьж эхлэв.
«Афинчууд аа, та нар бусдаас илүү шүтлэгтэй юм. 23 Би танай хотоор явж байхдаа шүтэж биширдэг зүйлсийг тань ажиглалаа. Тэгээд “Үл мэдэгдэх бурханд” гэсэн бичигтэй тахилын ширээ байгааг ч харсан юм. Мэдэхгүй атлаа шүтэж байгаа тэр л бурхны тань талаар би та нарт тунхаглаж байна. 24 Дэлхий ертөнцийг байгаа бүхэнтэй нь бүтээсэн Бурхан бол тэнгэр газрын Эзэн бөгөөд хүний барьсан сүмд оршдоггүй, 25 юмаар дутсандаа хүнээр үйлчлүүлдэггүй билээ. Учир нь тэрээр бүх хүнд амь амьсгал болоод бүх юмыг өгдөг. 26 Дэлхий дээр амьдруулахаар нэг хүнээс бүх үндэстнийг бий болгож, цаг хугацааг товлож, нутаглах газрын хязгаарыг тогтоосон нь 27 хүмүүс өөрийг нь эрэн хайж, олоосой гэснийх ажээ. Үнэндээ Бурхан хүн бүрд ойр байдаг. 28 Танай зарим яруу найрагч: “Бид ч бас түүний хүүхдүүд” гэсэн байдагчлан бид Бурхны ачаар амьтай болж, ажиллаж амьдардаг.
29 Тэгэхээр, хүүхэд нь болсон бид Бурхныг хүний төсөөлж бодсоноор урласан алт, мөнгө, чулуун бүтээлтэй адилтгах учиргүй. 30 Өөрийг нь мэдэлгүй харанхуй явсан хүмүүсийг Бурхан хүлцэн тэвчиж байсан нь үнэн. Харин одоо газар газрын бүх хүнд гэмшихийг тунхаглаж байна. 31 Бурхан томилсон хүнээрээ хүн төрөлхтнийг шударга шүүлгэх өдрийг товлосон. Үүнийгээ нотолж тэр хүнийг амилуулсан».
32 Нас барагсад амилна гэдгийг сонсоод зарим хүн доог тохуу хийж байхад зарим нь: «Та энэ тухай бидэнд дараа ярьж өгөөч» гэж байлаа. 33 Ингээд Паул тэндээс явжээ. 34 Зарим хүн түүнтэй нийлж, Есүсийн дагалдагч болсны дотор Ареопагийн шүүгч Дионус, бас Дамар гэгч эмэгтэй байв.