Левит
5 Аливаа хэргийг харсан юм уу мэдсэн хүн гэрчил гэсэн шаардлагыг* сонссон ч хэлж мэдэгдээгүй бол нүглийнхээ хариуцлагыг үүрнэ.
2 Хэрэв хүн аливаа бузар зүйлд буюу бузар зэрлэг амьтны хүүр, бузар мал амьтны хүүр, сүргээрээ амьдардаг ямар ч бузар үхсэн амьтанд хүрвэл бузартах бөгөөд санамсаргүй хүрсэн байлаа ч гэм буруутай болно. 3 Бас хүний биетэй холбоотой ямар нэг бузар юм буюу хүнийг бузар болгодог аливаа зүйлд санамсаргүй хүрээд дараа нь мэдвэл гэм буруутай болно.
4 Хүн сайн ч бай, муу ч бай ямар нэг юм хийнэ гэж бодлогогүйгээр, яарч сандран тангараглаад дараа нь яаран тангараг өргөснөө ойлговол гэм буруутай болно*.
5 Эдгээрийн аль нэгийг үйлдэж гэм буруутай болбол ямар нүгэл үйлдсэнээ илчлэх ёстой. 6 Бас үйлдсэн нүглийнхээ төлөө Еховад гэмийн төлөөх тахил авчирна. Өөрөөр хэлбэл нүглийн төлөөх тахил болгон сүргээсээ эм хурга юм уу залуу эм ямаа авчирна. Тэгээд тахилч тэр хүний нүглийг уучлуулахын тулд тахил өргөх юм.
7 Хониор тахил өргөж чадахааргүй бол үйлдсэн нүглийнхээ төлөө хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр залуу тагтааг гэмийн төлөөх тахил болгон Еховад авчрах ёстой. Нэгийг нь нүглийн төлөөх тахил, нөгөөг нь шатаалт тахил болгон өргөх юм. 8 Тэрбээр тэдгээрийг тахилчид авчирна. Тахилч эхнийхийг нь нүглийн төлөөх тахил болгон өргөх бөгөөд хүзүүг нь бүрмөсөн таслахгүйгээр урд талаас нь чимхэж ална. 9 Тэгээд уг нүглийн төлөөх тахилын цуснаас тахилын ширээний хажуу руу цацаж, үлдсэнийг нь тахилын ширээний суурь луу асгах ёстой. Энэ нь нүглийн төлөөх тахил юм. 10 Тахилч нөгөөг нь шатаалт тахил болгон хуульд заасан ёсоор өргөх ёстой. Ийнхүү тахилч нүгэл үйлдсэн хүний нүглийг уучлуулахын тулд тахил өргөх бөгөөд тэр хүн уучлагдана.
11 Хэрэв хоёр хүүрзгэнэ юм уу хоёр залуу тагтаа өргөх боломжгүй бол нүглийн төлөөх тахил болгон нарийн ширхэгтэй гурилаас ефагийн аравны нэгийг* авчрах ёстой. Энэ нь нүглийн төлөөх тахил учраас дээр нь тос хийх юм уу анхилуун үнэртэй давирхай тавьж болохгүй. 12 Тэрбээр түүнийгээ тахилчид аваачиж өгөхөд тахилч атгыг аваад нүглийн төлөөх тахилыг төлөөлүүлэн тахилын ширээн дээр, Еховад шатаан өргөх тахилуудын дээр шатаан уугиулна. Энэ нь нүглийн төлөөх тахил юм. 13 Дээр дурдсан нүглүүдээс аль нэгийг нь үйлдсэн хүний нүглийг уучлуулахын тулд тахилч ийнхүү тахил өргөх бөгөөд тэр хүн уучлагдана. Нүглийн төлөөх тахилаас үлдсэн хэсэг нь идээн өргөлийн адил тахилчийнх болно”».
14 Ехова цааш нь Мосед 15 «Хэрэв хүн Ехова Бурхны ариун юмсын эсрэг санаандгүй нүгэл үйлдэн Бурханд үнэнч бус хандвал гэмийн төлөөх тахил болгон согоггүй хуцыг Еховад авчрах ёстой. Ариун газрын хэмжигдэхүүний дагуу хэдэн мөнгөн шекелийн* үнэтэй хуц авчрах ёстойг тахилч хэлнэ. 16 Ариун газрын эсрэг нүгэл үйлдсэн тэр хүн учруулсан хохирлоо ч мөн барагдуулах бөгөөд нэмээд хохирлын дүнгийн тавны нэгийг төлөх ёстой. Тэрбээр түүнийгээ тахилчид өгнө. Тахилч гэмийн төлөөх тахилын хуцыг өргөж нүглийг нь уучлуулах бөгөөд тэр хүн уучлагдана.
17 Хэрэв хүн Еховагийн тушаалыг зөрчин нүгэл үйлдвэл, хэдийгээр санамсаргүй үйлдсэн байлаа ч гэм буруутай болох бөгөөд хариуцлага хүлээнэ. 18 Тэр хүн үнэлгээний дагуу согоггүй хуцыг гэмийн төлөөх тахил болгон тахилчид аваачиж өгөх ёстой. Тахилч түүний санамсаргүй, мэдэлгүйгээр үйлдсэн нүглийг нь уучлуулахын тулд тахил өргөх бөгөөд тэр хүн уучлагдана. 19 Энэ нь гэмийн төлөөх тахил юм. Хүн Еховагийн эсрэг нүгэл үйлдвэл гарцаагүй гэм буруутай болдог» гэж айлдав.