Египетээс гарсан нь
30 Чи хуайс модоор утлагын ширээ хий. 2 Урт нь нэг тохой*, өргөн нь нэг тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь хоёр тохой байна. Эврүүд нь ширээтэйгээ нэгэн үргэлж байх ёстой. 3 Дээд тал, бүх хажуу тал, эврүүдийг нь шижир алтаар бүр. Ширээг тойруулан алтан эмжээр хий. 4 Бас эмжээрийн доор, ширээний нэг талд хоёр алтан гархи, нөгөө талд нь хоёр алтан гархи хийгтүн. Тэр гархинуудад дамнуургуудыг шургуулж ширээг зөөх юм. 5 Дамнуургуудыг хуайс модоор хийж, алтаар бүр. 6 Ширээг миний чамтай уулзах гэрчлэлийн авдрын тагны өмнө буюу гэрчлэлийн авдрын урдах хөшигний өмнө тавь.
7 Аарон өглөө бүр дэн бэлдэхдээ тэр ширээн дээр анхилуун утлагыг уугиулна. 8 Бас үдшийн бүрийгээр дэн асаахдаа анхилуун утлага уугиулна. Энэ утлагыг та нар үе уламжлан Еховагийн өмнө байнга уугиулах ёстой. 9 Уугиулах ёсгүй утлага, шатаалт тахил, идээн өргөлийг тэр ширээн дээр бүү өргө. Бас ундаан өргөл асгаж болохгүй. 10 Аарон нүглийн төлөөх тахил болгож өргөсөн малын цуснаас авч утлагын ширээг ариусгахын тулд эврүүд дээр нь түрхэг. Аарон жилд нэг удаа ийнхүү ариусгана. Үүнийг үе уламжлан хийх ёстой. Утлагын ширээ Еховад маш ариун билээ».
11 Дараа нь Ехова Мосед 12 «Чамайг тооллого явуулж Израйлын эрчүүдийг тоолох болгонд хүн бүр тэр үеэр амийнхаа төлөө Еховад төлөөс өгөх ёстой. Энэ нь тэднийг бүртгэхэд тэдэн дээр гамшиг буухгүйн тулд юм. 13 Бүртгүүлсэн хүмүүс нь ариун газрын хэмжигдэхүүнээр хагас шекел* өгөх ёстой. Нэг шекел нь 20 гератай* тэнцүү. Тэр хагас шекел нь Еховад өгөх ёстой хандив юм. 14 Бүртгүүлсэн 20 ба түүнээс дээш насны хүмүүс Еховад хандив өргөнө. 15 Амийнхаа төлөө Еховад төлөөс болгон хандив өгч байгаа учраас баян хүн хагас шекелээс* илүүг, ядуу хүн дутууг өгч болохгүй. 16 Чи израйлчуудын төлөөсөнд өгсөн мөнгийг нь аваад цугларалтын асрын үйлчлэлд зориул. Тэр нь Еховад израйлчуудын төлөөх дурсгал болох бөгөөд та нарын амийн төлөөс болно» гэв.
17 Ехова цааш нь Мосед 18 «Усны зэс савыг суурьтай нь хийгээд цугларалтын асар тахилын ширээний хооронд тавьж ус хий. 19 Аарон болон хөвгүүд нь гар хөлөө тэнд угааг. 20 Тэд цугларалтын асарт орохдоо эсвэл дааж авсан ажлаа хийх юм уу Еховад өргөх тахилыг шатаан уугиулахаар тахилын ширээнд дөхөж очихдоо үхэхгүйн тулд усаар угаах ёстой. 21 Тэд ийнхүү гар хөлөө угааж эсэн мэнд үлдэнэ. Энэ нь Аарон болон үр удмынх нь үргэлж сахих ёстой зарлиг юм» хэмээн айлдав.
22 Түүнчлэн Ехова Мосед 23 «Дээд зэргийн үнэртнүүдийг ав. Шингэн мирр 500 нэгж, анхилуун синнамон хоёр дахин багыг буюу 250 нэгж, анхилуун эгэл годил 250 нэгж, 24 кассиа* 500 нэгжийг ариун газрын хэмжигдэхүүнээр тооцоолж ав. Мөн нэг хин* чидуны тос ав. 25 Тэгээд тэдгээрээр тосолгооны ариун тосыг хий. Ингэхдээ нямбайлан* холих ёстой. Энэ нь тосолгооны ариун тос болно.
26 Чи цугларалтын асрыг гэрчлэлийн авдартай нь тослогтун. 27 Мөн ширээг бүх эд хэрэгсэлтэй нь, дэнгийн суурийг бүх эд хэрэгсэлтэй нь, утлагын ширээ, 28 шатаалт тахилын ширээг бүх эд хэрэгсэлтэй нь, усны савыг суурьтай нь тосол. 29 Чи тэдгээрийг ариусгагтун. Ингэвэл маш ариун болно. Тэдгээрт хүрэх хэн боловч ариун байх ёстой. 30 Мөн чи Аарон болон хөвгүүдийг нь надад тахилчаар үйлчлүүлэхийн тулд тосолж, ариусга.
31 Чи израйлчуудад “Ийм тосыг та нар үе уламжлан миний үйлчлэлд хэрэглэгтүн. 32 Өөр хүнд түрхэж болохгүй. Үүн шиг найрлагатай зүйлийг бүү хий. Учир нь энэ нь ариун юм. Та нарын хувьд ч ариун байх ёстой. 33 Ийм тос хийж, түрхэх эрхгүй хүнд* түрхсэн хүнийг хөнөөх ёстой” гэж хэл» хэмээн айлджээ.
34 Тэгээд Ехова Мосед «Стакте*, ониха*, галбанум*, цэвэр гүгэл гэсэн үнэртнүүдээс тэнцүү хэмжээтэй авагтун. 35 Эдгээр анхилуун үнэртнүүдийг нямбайлан* холиод давсалж цэвэр, ариун утлага хий. 36 Түүнээсээ авч сайтар нүдэж нунтаглаад миний чамтай уулзах цугларалтын асарт, гэрчлэлийн авдрын өмнө нэг хэсгийг нь тавигтун. Энэ нь та нарын хувьд маш ариун байх ёстой. 37 Та нар өөрсдөдөө зориулж ийм найрлагатай утлага хийж болохгүй. Харин Еховад зориулсан ариун юм гэж үзэгтүн. 38 Өөртөө зориулж үүнтэй адил үнэртэн хийсэн хүнийг хөнөөх ёстой» гэжээ.