Ёоханд илчилсэн нь
2 Эфэс дэх хурлын элчид ингэж бич. Баруун гартаа долоон одыг барьдаг, долоон алтан дэнгийн суурийн голд алхдаг нэгэн эдгээрийг айлдаж байна. 2 “Би та нарын ажил үйлс, хөдөлмөр зүтгэл, тэсвэр тэвчээрийг мэддэг. Та нар муу хүмүүсийг тэвчээгүйг, өөрсдийгөө элч гэдэг боловч элч биш хүмүүсийг шалгаж, худалч гэдгийг нь илчилснийг би мэднэ. 3 Та нар бууж өгөөгүй, миний нэрийн төлөө их зовж зүдэрсэн, няцаж цуцаагүй. 4 Гэхдээ чамайг буруутгах нэг юм байна. Юу гэвэл чи анх хайрлаж байсан шигээ хайрлахаа больсон.
5 Тиймээс чи хаанаас унаснаа бодоод гэмш. Анх юу хийж байснаа хий. Гэмшихгүй бол би очоод дэнгийн чинь суурийг байрнаас нь зайлуулна. 6 Гэхдээ сайшаах юм байна. Николайчуудын хийдэг юмыг чи надтай адил үзэн яддаг. 7 Бурхны агуу хүч хурлуудад юу айлддагийг чихтэй нэг нь сонсогтун. Ялсан нэгэнд Бурхны диваажинд байдаг амийн модны жимс идэхийг би зөвшөөрнө”.
8 Смирна дахь хурлын элчид ингэж бич. “Эхэн ба Эцэс”, үхээд амилсан нэгэн эдгээрийг айлдаж байна. 9 “Зовлон шаналал, ядуу зүдүүг чинь би мэднэ. Гэхдээ чи баян. Өөрсдийгөө иудей гэдэг ч чухамдаа иудей биш хүмүүсийн доромжлолын бай болдгийг чинь бас мэднэ. Тэд бол Сатаны синагог юм. 10 Эдлэх гэж байгаа зовлонгоосоо бүү ай. Диавол та нарын заримыг шоронд хийсээр байна. Та нар бүрэн соригдож, арван өдөр зовно. Үхэх боллоо ч үнэнч гэдгээ батал. Тэгвэл би чамд амийн титмийг өгнө. 11 Бурхны агуу хүч хурлуудад юу айлддагийг чихтэй нэг нь сонсогтун. Ялсан нэгнийг хоёр дахь үхэл хохироохгүй”.
12 Пергам дахь хурлын элчид ингэж бич. Хоёр талдаа иртэй, хурц бөгөөд урт илдтэй нэгэн үүнийг айлдаж байна. 13 “Сатаны сэнтий байдаг газар амьдардгийг чинь би мэднэ. Гэхдээ чи надад үнэнч байдаг*. Сатан байдаг танай хотод хөнөөгдсөн миний үнэнч гэрч Антипасын үед ч надад итгэдгээ та нар үгүйсгээгүй.
14 Гэхдээ та нарыг буруутгах хэдэн юм байна. Та нарын дунд Балаамын сургаалыг баримтлагчид байна. Балаам Израйлын хөвгүүдээр нүгэл үйлдүүлэх буюу шүтээнд өргөсөн юм идүүлэх, садар самуун үйлдүүлэх* гэж Балакийг сургаж байсан. 15 Түүнээс гадна, Николайчуудын сургаалыг баримтлагчид та нарын дунд байна. 16 Тиймээс гэмшицгээ. Гэмшихгүй бол би даруй очоод амныхаа урт сэлмээр тэдэнтэй дайтна.
17 Бурхны агуу хүч хурлуудад юу айлддагийг чихтэй нэг нь сонсогтун. Ялсан нэгэнд нуусан маннагаас би өгнө. Бас цагаан чулуу өгнө. Чулуун дээр шинэ нэр бичсэн байх бөгөөд чулууг авсан хүнээс өөр хэн ч тэр нэрийг мэдэхгүй”.
18 Туатэр дахь хурлын элчид ингэж бич. Галын дөл мэт нүдтэй, сайн чанарын хүрэл мэт хөлтэй Бурхны Хүү эдгээрийг айлдаж байна. 19 “Би та нарын ажил үйлс, хайр, итгэл, үйлчлэл, тэсвэр тэвчээрийг мэднэ. Бас сүүлийн ажил үйлс тань эхнийхээсээ агуу гэдгийг мэднэ.
20 Гэвч чамайг буруутгах нэг юм байна. Өөрийгөө зөнч гэдэг Иезебел гэгч эмэгтэйг чи зүгээр өнгөрөөдөг. Тэр миний боолуудыг завхайруулж*, шүтээнд өргөсөн юм идүүлэх гэж худал сургаал зааж төөрүүлдэг. 21 Би түүнд гэмших хугацаа өгсөн ч садар самуун* үйлддэгтээ гэмших хүсэлгүй байгаа. 22 Би түүнийг өвчлүүлж хэвтэрт оруулах гэж байна. Түүнтэй садарладаг хүмүүс түүнийг дуурайсандаа гэмшихгүй бол тэднийг асар их зовлонд унагана. 23 Түүний хүүхдүүдийг үхлийн тахлаар хөнөөнө. Тэгээд намайг хамгийн гүн бодол* болон зүрхийг шалгадаг нэгэн гэдгийг бүх хурал мэднэ. Би хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.
24 Харин Иезебелийн сургаалыг дагадаггүй, «Сатаны гүн юмс» гэдгийг мэддэггүй Туатэрийн бусад хүнд үүнийг хэлье. Би та нарт өөр ачаа үүрүүлэхгүй. 25 Намайг иртэл өөрт байгаагаа бат сахь. 26 Миний тушаалыг эцэс хүртэл биелүүлээд ялсан нэгэнд үндэстнүүдийг захирах эрх мэдлийг өгнө. 27 Тэрээр хүмүүсийг төмөр таягаар хариулж шавар савыг бутлахтай адил бутална. Надад ч ийм эрх мэдлийг Эцэг минь өгсөн. 28 Би ялсан нэгэнд үүрийн цолмонг өгнө. 29 Бурхны агуу хүч хурлуудад юу айлддагийг чихтэй нэг нь сонсогтун”.