Тооллого
35 Ехова цааш нь Мосед Иерихогийн харалдаа Иорданы дэргэдэх Моабын цөлд байхад нь 2 «Израйлчуудад заавар өгч, эзэмших өвөөсөө амьдран суух хотуудыг эргэн тойрных нь бэлчээр нутгийн хамт левичүүдэд өг гэж хэл. 3 Левичүүд тэр хотуудад амьдран сууж, мал сүрэг, бусад бүх амьтнаа бэлчээр нутагт нь тэжээх юм. 4 Та нарын левичүүдэд өгөх хотуудын бэлчээр нь хотын хэрэмнээс гадагш хааш хаашаагаа 1 000 тохой* байна. 5 Хотыг төвд нь байхаар бодож, бэлчээрийг нь өмнөд, зүүн, баруун, хойд зүгт, тус бүр 2 000 тохой байхаар хэмж. Тэдгээр нь тэдний хотуудын бэлчээр болох юм.
6 Мөн та нар хүний аминд хүрсэн хүн зугтааж очих зургаан хоргодох хотыг левичүүдэд өг. Бас 42 хот өгөгтүн. 7 Нийтдээ 48 хотыг бэлчээрүүдтэй нь левичүүдэд өг. 8 Тэдэнд өгөх хотуудыг израйлчуудын эзэмшлээс авагтун. Томхон бүлгээс нь олныг, багахан бүлгээс нь цөөхнийг ав. Бүлэг бүр хүлээж авсан өвийнхөө хэрээр левичүүдэд хотуудыг өгөх ёстой» гэлээ.
9 Тэгээд Ехова Мосед 10 «Израйлчуудад ингэж хэл. “Та нар Иорданыг гаталж Канаан руу орох гэж байна. 11 Та нар хоргодох хот болгоход тохиромжтой хотуудыг сонгогтун. Хүний амь санамсаргүй хөнөөсөн хүн тийшээ зугтаж очих юм. 12 Хүний амь хөнөөсөн хүн чуулганы өмнө шүүгдтэлээ цусан өшөө авагчид алуулахгүйн тулд тэдгээр хотод хоргодох юм. 13 Та нарын өгөх зургаан хот хоргодох хот болно. 14 Иорданы энэ талд гурван хотыг, Канаан нутагт гурван хотыг хоргодох хот болгож өгөгтүн. 15 Эдгээр зургаан хотод израйл хүн, харийн хүн, түр оршин суугч гээд хүний амь санамсаргүй хөнөөсөн хэн ч хоргодож болно.
16 Хүн төмөр юмаар хүн цохиж амийг нь хөнөөсөн бол тэр хүн алуурчин мөн. Алуурчныг заавал хөнөөх ёстой. 17 Хэрвээ чулуугаар цохиход мөнөөх хүн үхсэн бол цохисон хүн алуурчин мөн. Алуурчныг заавал хөнөөх ёстой. 18 Хэрвээ модон юмаар цохиход мөнөөх хүн үхсэн бол цохисон хүн алуурчин мөн. Алуурчныг заавал хөнөөх ёстой.
19 Цусан өшөө авагч нь алуурчныг хөнөөнө. Тэрбээр алуурчинтай тааралдвал өөрөө хөнөөх ёстой. 20 Хэрэв хүн хорсол тээж өөр хүнийг түлхэх юм уу хар санаа өвөрлөж* юм шидсэнээс болж нөгөө хүн нь үхэх, 21 эсвэл өш санаж гараараа цохисноос болж өнөөх хүн нь үхэх тохиолдолд цохисон хүнийг заавал хөнөөх ёстой. Тэр хүн алуурчин мөн. Цусан өшөө авагч нь түүнтэй таарахаараа хөнөөж болно.
22 Харин санамсаргүй хүний аминд хүрсэн буюу хорсол тээлгүй түлхсэн эсвэл хар санаа өвөрлөлгүй* юм шидсэн бол, 23 мөн дайсагнаагүй, гэмтээе гээгүй ч харалгүйгээр дээрээс нь чулуу унагаснаас болж нөгөө хүн нь үхсэн бол 24 гэмт хэрэгтэн болон цусан өшөө авагчийг чуулган эдгээр хууль тушаалын дагуу шүүнэ. 25 Тэгээд чуулган хүний аминд хүрсэн этгээдийг цусан өшөө авагчаас нь аварч, зугтаж очсон хоргодох хот руу нь буцаана. Тэрбээр ариун тосоор тослогдсон тэргүүн тахилчийг нас бартал тэндээ амьдрах ёстой.
26 Харин хүн алсан тэр хүн зугтаж очсон хоргодох хотынхоо хил хязгаараас гарахад 27 хоргодох хотынхоо хил хязгаараас гарсан тэр хүнийг цусан өшөө авагч нь олж хөнөөвөл хүн амины хэрэгт буруутгагдахгүй. 28 Учир нь хүний аминд хүрсэн хүн тэргүүн тахилчийг нас бартал хоргодох хотдоо амьдрах ёстой. Харин тэргүүн тахилчийг нас барсны дараа нутагтаа буцаж болно. 29 Эдгээр хэргийг шүүх тухай хууль дүрмийг та нар хаа ч амьдарсан үеэс үед сахигтун.
30 Санаатайгаар хүний аминд хүрсэн хүнийг гэрчийн мэдүүлэгт үндэслэн хөнөөх ёстой. Гэхдээ ганцхан хүний мэдүүлгээр хөнөөх учиргүй. 31 Та нар ямар нэг төлөөсөөр үхвэл зохих алуурчны амийг хэлтрүүлж болохгүй. Яагаад гэвэл тэр заавал үхэх ёстой. 32 Тэргүүн тахилчийг нас барахаас өмнө хүн амины хэрэгтнийг зугтаж очсон хоргодох хотоос нутагтаа буцахыг нь зөвшөөрч төлөөс авч болохгүй.
33 Цус газрыг бузарладаг учраас та нар амьдран суугаа газраа бузарлаж болохгүй. Алуулсан хүний цусаар бузарлагдсан газрыг алсан хүнийх нь цусыг урсгахаас өөрөөр ариусгах боломжгүй. 34 Та нар амьдран сууж байгаа газраа буюу миний оршиж байгаа газрыг бузарлаж болохгүй. Учир нь Ехова би израйлчууд та нарын дунд оршдог” гээрэй» хэмээн айлдав.