Еврейчүүдэд бичсэн захидал
6 Тэгэхээр, Христийн тухай үндсэн сургаалыг нэгэнт мэддэг болсон тул бүгдээрээ төлөвшихийн тулд зүтгэлтэй байя. Үр дүнгүй юм* хийхээ больж гэмших, Бурханд итгэх, 2 баптисмуудын тухай, гар тавих, үхсэн хүн амилах, үүрд хүчинтэй байх Бурхны шийдвэрийн тухай сургаалын суурийг дахин дахин тавихаа больё. 3 Хэрэв бид Бурхнаар туслуулбал төлөвшиж чадна.
4 Зарим хүн гэгээрч, тэнгэрийн бэлэг хүртэж, агуу хүчийг авч, 5 Бурхны сайн үг болон ирэх үеийн* ивээлээс* амссан атлаа 6 итгэлээсээ няцжээ. Тэд Бурхны Хүүг дахиад шонд хадаж, олны шившиг болгосон хэрэг. Тиймээс гэмшихэд нь туслах аргагүй. 7 Газар шороо хур бороогоор байнга тэтгүүлж, газар хагалагчид тариа ногоо ургуулж өгөөд Бурхны ивээлийг хүртдэг. 8 Харин өргөст ургамал ургуулбал хэрэггүй болж, бараг л хараагддаг. Тэгээд эцэстээ шатаагдана.
9 Хэдийгээр бид ийн ярьж байгаа ч хайрт ах дүү нар аа, та нарын тухайд бол сайн юм буюу аврал руу хөтлөх замаар явж байгаа гэдэгт тань итгэлтэй байна. 10 Та нар Бурхны нэрийг хайрладаг учир ариун хүмүүст үйлчилсэн, одоо ч үйлчилж байгаа. Шударга Бурхан та бүхний үйл хэрэг, тэр хайрыг мартахгүй. 11 Гэхдээ эцэс хүртэл огт эргэлзэхгүй найдаж явахын тулд анхных шигээ ажилсаг байгаасай гэж бид та нараас хүсэж байна. 12 Ингэвэл та нар залхуу хойрго болохгүй бөгөөд итгэл, тэвчээрийн ачаар амласныг хүлээж авдаг хүмүүсийг дуурайгч болно.
13 Өөрөөс нь өөр агуу нэгэн байхгүй тул Бурхан Абрахамд амлахдаа өөрөөрөө тангараглаж 14 «Би чамайг заавал ивээнэ. Заавал өнөр өтгөн болгоно» хэмээсэн билээ. 15 Абрахам тэвчээртэй байсан учир Бурхан ийн амласан. 16 Хүмүүс амлалт өгөхдөө өөрөөсөө агуу нэгнээр тангарагладаг бөгөөд энэ нь маргаан гарахаас сэргийлдэг. Учир нь ийм амлалт үнэнийг хэлж байгааг нь баталдаг. 17 Үүнтэй адилаар, Бурхан санаа зорилгоо өөрчлөхгүй гэдгээ амлалт хүлээж авсан хүмүүст илүү тодорхой харуулахаар шийдээд амлалтаа тангаргаар баталгаажуулсан. 18 Ийнхүү худал ярьдаггүй Бурхан өөрт нь хоргоддог биднийг өмнөх найдвараасаа чанга зуураасай гэж өөрчлөгдөшгүй ийм хоёр зүйлээр асар их урам зориг хайрласан юм. 19 Усан онгоцыг зангуу нь хөдөлгөөнгүй байлгадаг шиг энэ найдвар бидэнд түшиг болдог. Бат үндэстэй, баараггүй биелэх энэхүү найдвар биднийг хөшигний цаана оруулдаг. 20 Мелхизедектэй адил мөнхийн тэргүүн тахилч болсон Есүс бидний төлөө тэр хөшигний цаана түрүүлж орсон.