Колосайчуудад бичсэн захидал
3 Гэхдээ Бурхан та нарыг Христтэй хамт амилуулсан юм бол цаг ямагт дээгүүрх зүйлсийг хай. Тэнд Бурхны баруун талд Христ заларч байгаа. 2 Газар дээр байгаа зүйлсийг биш, дээгүүрх зүйлсийг анхаарч бай. 3 Яагаад гэвэл та нар үхсэн бөгөөд Бурхан хүсэл тааллынхаа дагуу та нарын амийг Христийн гарт даатгасан. 4 Бидний амь болох Христ алдаршихад* та нар бас түүнтэй хамт алдаршина.
5 Тиймээс садар самуун*, бузар булай явдал, тачаал, муу хүсэл, шүтээн шүтэхтэй зүйрлэм шуналаас хол байхын тулд биеийнхээ эрхтнүүдийг* үхүүл. 6 Эдгээрийг үйлддэг хүнд Бурхан уурлан хилэгнэнэ. 7 Урьд нь та нар ийм л байсан. 8 Харин одоо уурлан хилэгнэх, хор хүргэх, доромжлон гутаах, шалиг завхай юм ярихаа боль. 9 Нэг нэгэндээ худал бүү ярь. Хуучин хүнээ муу зуршилтай нь тайлж 10 шинэ хүнийг өмс*. Шинэ хүн Бурхны ачаар бий болдог бөгөөд үнэн зөв мэдлэгийн дагуу зан чанарыг нь тусган харуулж шинэчлэгдэж байдаг. 11 Шинэ хүнийг өмссөн бол грек, иудей, хөвч таслуулсан, таслуулаагүй, харийн хүн, скут*, боол, эрх чөлөөт хүн байх нь хамаагүй. Харин Христ бол бүх юм бөгөөд бүхний дотор байдаг.
12 Иймээс Бурхны сонгосон, ариун, хайрт хүмүүсийн хувьд та нар өрөвч сэтгэл, сайхан сэтгэл, даруу, дөлгөөн зан, тэвчээрийг өмс. 13 Гомдох шалтгаан байлаа ч, хүлээцтэй хандаж, бие биеэ дуртайяа уучилж байгаарай. Ехова* та нарыг дуртайяа уучилсны адил та нар бас дуртайяа уучлах учиртай. 14 Хамгийн гол нь, хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм.
15 Бурхан та нарыг нэг бие болгон амар тайван байлгах гэж дуудсан учир Христийн амар тайван зүрх сэтгэлийг тань эзэмдэг. Үргэлж талархаж бай. 16 Христийн үг ой ухаанд тань шингэж, та нар мэргэн ухаанаар бялхаг. Еховаг* зүрх сэтгэлийнхээ угаас магтаж, дуулал, магтуу, түүнд зориулсан дууг талархах сэтгэлээр дуулан нэг нэгнээ сургаж, зоригжуул. 17 Юу ч ярьсан, юу ч хийсэн Эзэн Есүсээр дамжуулан Бурхан Эцэгт талархаж, Есүсийн нэрээр бүхнийг хий.
18 Эхнэрүүд ээ, нөхөртөө захирагд. Ингэх нь Эзний таалалд нийцдэг. 19 Нөхрүүд ээ, эхнэрээ хайрлаж яв. Тэдэнд хатуурхаж болохгүй. 20 Хүүхдүүд ээ, бүх талаар эцэг эхдээ дуулгавартай бай. Ингэх нь Эзэнд таалагддаг. 21 Эцгүүд ээ, урмыг нь хугалахгүйн тулд хүүхдээ бүү уурлуул. 22 Боолууд аа, зөвхөн хүнд таалагдах гэж бус, хэн ч хараагүй байхад ч Еховагаас* эмээн, чин сэтгэлээсээ бүх талаар эздэдээ дуулгавартай бай. 23 Юу ч хийсэн хүний төлөө биш, Еховагийн* төлөө хийдэг шиг чин сэтгэлээсээ хий. 24 Яагаад гэвэл, Ехова* шагнал болгон өв өгөхийг та нар мэддэг. Эзэн Христийн боол бай. 25 Буруу юм хийсэн хүн гарцаагүй шийтгүүлнэ. Бурхан хэнийг ч алаг үздэггүй.