Матайн бичсэн сайн мэдээ
9 Тэрээр нуурыг завиар гатлан хотдоо* иржээ. 2 Хүмүүс саа өвчтэй нэгэн хүнийг дамнуурган дээр хэвтүүлэн түүн дээр авчрав. Тэд итгэж байгааг Есүс мэдээд саа өвчтэй хүнд «Хүү минь, бүү санаа зов. Нүглийг чинь уучилсан» гэж хэлсэнд 3 хуулийн багш нарын зарим нь: «Энэ хүн Бурхныг доромжилж байна» гэж хоорондоо ярилцав. 4 Есүс тэдний юу бодож байгааг мэдээд «Та нар яагаад ийм хорон муу юм бодно вэ? 5 “Нүглийг чинь уучилсан” гэж хэлэх эсвэл “Босоод яв” гэж хэлэхийн аль нь амархан бэ? 6 Гэхдээ хүний Хүү газар дээр нүглийг уучлах эрх мэдэлтэйгээ та нарт мэдүүлэхийн тулд ...» гэснээ саа өвчтэй хүнд хандан «Босож дамнуургаа аваад гэртээ харь» гэлээ. 7 Тэр хүн босоод гэртээ харив. 8 Олон хүн үүнийг үзээд сүрдэж, ийм эрх мэдлийг хүнд өгсөн Бурхныг магтан алдаршуулав.
9 Дараа нь Есүс тэндээс явах замдаа татварын газар сууж буй Матай гэгч хүнийг хараад «Намайг дага» гэв. Тэгэхэд нь Матай босож түүнийг дагав. 10 Есүсийг шавь нартайгаа хамт Матайн гэрт хоол идэж байхад олон татвар хураагч, олон нүгэлтэн ирээд хамт хоол идэв. 11 Гэтэл фарисайчууд үүнийг хараад «Танай багш яагаад татвар хураагчид болон нүгэлтнүүдтэй хамт хоол иддэг юм бэ?» гэж шавь нараас нь асуулаа. 12 Үүнийг сонссон Есүс: «Эрүүл хүнд эмч хэрэггүй. Харин өвчтэй хүнд хэрэгтэй. 13 Тиймээс та нар явж “Би та нараас тахил өргөхийг бус, бусдыг энэрэхийг хүсдэг” гэсэн нь ямар учиртайг олж мэд. Учир нь би шударга сайн хүнийг бус, нүгэлтнийг дуудахаар ирсэн» гэж өгүүлэв.
14 Ёоханы шавь нар ирээд «Бид ч, фарисайчууд ч мацаг барьдаг. Харин таны шавь нар яагаад мацаг барьдаггүй юм бэ?» гэж асуухад 15 Есүс: «Хүргэнийг байхад найзууд нь яалаа гэж гашуудах билээ? Харин хүргэнийг авч явах өдрүүд ирнэ. Тэгэхэд тэд мацаг барина. 16 Хэн ч хуучин дээлээ агчаагүй даавуугаар нөхдөггүй. Хэрэв нөхвөл дээл нөхөөсөндөө татагдаж улам их урагдана. 17 Хэн ч шинэ дарсыг хуучин тулманд хийдэггүй. Хэрэв хийвэл тулам задран дарс асгарч тулам хэрэгцээгүй болно. Харин шинэ дарсыг шинэ тулманд хийдэг. Дарс асгарахгүй, тулам ч задрахгүй» гэлээ.
18 Ийн ярьж байтал синагогийн нэг ахлагч ирээд өмнө нь сөгдөж «Өдийд охин минь нас барчихсан байх. Гэхдээ манайд очоод охинд минь гараа хүргээч. Тэгвэл амилна» гэжээ.
19 Тэгэхэд нь Есүс босоод шавь нартайгаа цуг түүнийг даган явжээ. 20 Тэгтэл 12 жил цус алдах өвчнөөр зовж буй нэгэн эмэгтэй ард нь очоод хувцасных нь цацагт хүрчээ. 21 Тэр эмэгтэй: «Хувцсанд нь л хүрчихвэл би эдгэнэ» гэсээр байв. 22 Есүс эргэж эмэгтэйг хараад «Охин минь, бүү санаа зов! Чи итгэсэн учраас эдгэрлээ» гэж хэлэв. Тэр даруй эмэгтэй эдгэсэн байлаа.
23 Есүс өнөөх ахлагчийн гэрт ирээд гашуудлын ая тоглож буй лимбэчид, гашуудан уйлж буй хүмүүсийг хараад 24 «Эндээс явцгаа. Охин үхээгүй, унтаж байна» гэхэд хүмүүс түүнийг дооглон инээв. 25 Тэрээр хүмүүсийг гаргаад охины байсан өрөөнд орж гараас нь барьтал охин босжээ. 26 Энэ тухай ойр хавийн бүх нутгаар ярих болжээ.
27 Есүсийг тэндээс явахад хоёр сохор эр: «Давидын Хүү*, биднийг өрөвдөөч» гэж хашхирсаар дагаж явав. 28 Есүсийг нэг айлд орсны дараа өнөөх сохор хүмүүс хүрч ирэв. Есүс: «Намайг хараа оруулж чадна гэж та нар итгэж байна уу?» гэхэд «Тийм ээ, Эзэн минь» хэмээн хариулав. 29 Тэгэхэд нь «Итгэсэн ёсоор чинь болог» гэж хэлээд нүдэнд нь хүрэхэд 30 хараа оржээ. Есүс: «Энэ тухай хэнд ч бүү хэлээрэй» гэж чандлан захилаа. 31 Гэвч тэд гарч яваад тэр хавийн бүх нутгаар түүний тухай ярьжээ.
32 Өнөөх хоёрыг явсны дараа хүмүүс чөтгөрт эзэмдүүлсэн нэгэн хэлгүй хүнийг Есүс рүү авчирчээ. 33 Чөтгөрийг нь хөөсөнд өнөөх хүн ярьдаг болов. Олон түмэн гайхаж «Израйлд ийм юм болохыг огт үзсэнгүй» гэцгээв. 34 Харин фарисайчууд: «Энэ хүн чөтгөрүүдийг захирагчаар* нь хөөлгөдөг юм» гэцгээлээ.
35 Есүс бүх хот тосгоноор яван синагогт нь сургаал айлдаж, Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглаж, өвчин эмгэгтэй бүх хүнийг эдгээв. 36 Тэрээр олон түмнийг хараад тэднийг өрөвдөв. Учир нь хүмүүс хоньчингүй хонь турж эцдэгийн адил зовж зүдэрсэн байлаа. 37 Тэгээд шавь нартаа «Ургац арвин боловч ажилчид цөөн байна. 38 Тиймээс ургацын Эзнээс ажилчид явуулахыг гуйцгаа» гэв.