Египетээс гарсан нь
12 Ехова Египетийн нутагт Мосе Аарон хоёрт 2 «Энэ сар та нарын хувьд саруудын эхлэл болно. Бас жилийн эхэн сар байх болно. 3 Израйлын чуулганд ингэж хэл. “Энэ сарын арванд* ургаараа эсвэл гэр гэрээрээ нэг хонь ав. 4 Нэг хонь тухайн гэрт ихдэхээр бол хажуу айлтайгаа хуваа. Тэгэхдээ хүний тоо, идэх хэмжээгээр нь багцаалаарай. 5 Сонгох хонь чинь эрүүл, нэг настай байх ёстой. Хурга ч байж болно, ишиг ч байж болно. 6 Түүнийгээ энэ сарын арван дөрвөн хүртэл байлгаж байгаад үдшийн бүрийгээр израйлчууд тэр аяараа нядлах ёстой. 7 Тэгээд цуснаас нь авч, нядалсан малын махыг идэх айлынхаа хаалганы баруун зүүн хатавч, тотго руу нь цацах ёстой.
8 Тэд махаа тэр шөнөдөө идэх ёстой. Тэгэхдээ махаа гал дээр шараад исгээгүй талх, гашуун ногоонуудтай иднэ. 9 Аль ч хэсгийг нь түүхийгээр нь эсвэл чанаж идэж болохгүй. Харин толгой, шийр, гэдэс дотортой нь галд шарж ид. 10 Өглөө болтол юу ч үлдээж болохгүй. Хэрвээ үлдвэл галд шатаагтун. 11 Та нар идэхдээ бүсээ бүслээд, хөлдөө шаахайгаа өмсөөд, гартаа таягаа бариад хурдан ид. Энэ бол Еховагийн Дээгүүр өнгөрөх баяр юм. 12 Би тэр шөнө Египетийн нутгаар явж өнгөрөн, Египетийн уугануудыг хүн, мал гэлгүй бүгдийг нь хөнөөнө. Египетийн бүх бурхныг шийтгэнэ. Би бол Ехова. 13 Цус нь та нарын байгаа гэр дээр та нарын төлөөх тэмдэг болно. Би Египетийг шийтгэх үедээ тэр цусыг хараад дээгүүр чинь өнгөрөх учраас та нар гамшгаар устгагдахгүй.
14 Энэ өдөр та нарын хувьд дурсгалт өдөр болно. Та нар энэ өдөр Еховад зориулж үе уламжлан баяр тэмдэглэж байх ёстой. Энэ бол мөнхөд сахих ёстой зарлиг юм. 15 Та нар исгээгүй талх долоон хоног идэх ёстой. Эхний өдөр нь гэртээ байгаа хөрөнгөө хая. Эхний өдрөөс долоо дахь өдөр хүртэл ямар нэг исгэсэн юм идсэн хүн алуулах* ёстой. 16 Эхний өдөр, долоо дахь өдөр ариун цуглаан хий. Энэ өдрүүдэд ямар ч ажил хийж болохгүй. Хүн бүр идэх юмаа л бэлдэж болно.
17 Би танай тоо томшгүй хүнийг Египетийн нутгаас энэ өдөр гаргах учраас Исгээгүй талхны баярыг тэмдэглэж бай. Та нар энэ өдрийг үе удмаараа тэмдэглэгтүн! Энэ бол мөнхөд сахих ёстой зарлиг юм. 18 Исгээгүй талхаа эхний сарын арван дөрвөний оройноос хорин нэгний орой хүртэл ид. 19 Долоон хоногийн турш гэртээ хөрөнгө байлгаж болохгүй. Яагаад гэвэл гаднын хүн ч бай, израйл хүн ч бай исгэсэн юм идвэл алуулах ёстой. 20 Та нар ямар ч исгэсэн юм идэж болохгүй. Хаана ч амьдарч байсан, исгээгүй талх идэх ёстой”» гэж айлдав.
21 Мосе тэр даруй Израйлын ахлагчдыг дуудаж тэдэнд «Явж, гэр гэрээрээ төл мал* сонгож аваад Дээгүүр өнгөрөх баярт зориулж нядал. 22 Тэгээд төл малынхаа цусыг саванд хийж, багцалсан хиссоп дүрээд, хаалганыхаа баруун зүүн хатавч, тотгон дээр цохь. Өглөө болтол нэг ч хүн гэрээсээ гарч болохгүй. 23 Ехова египетчүүдийн дээр гамшиг буулгахаар өнгөрнө. Тэгэхдээ хаалганы тотго, баруун зүүн хатавчин дахь цусыг хараад Ехова хаалган дээгүүр өнгөрч, гэрт чинь хөнөөлт гамшиг буулгахгүй.
24 Та нар энэ баярыг тэмдэглэх ёстой. Энэ бол та нарын болон үр хүүхдүүдийн чинь мөнхөд сахих ёстой зарлиг юм. 25 Еховагийн өгнө гэж хэлсэн нутаг руу та нар орсон хойноо ч тэмдэглэж байгтун. 26 Хүүхдүүд чинь “Энэ баярыг яагаад тэмдэглэдэг юм бэ?” гэж асуувал 27 “Энэ бол Еховад зориулсан Дээгүүр өнгөрөх баярын тахил юм. Тэрбээр египетчүүдийн дээр гамшиг буулгахдаа Египетэд байсан израйлчуудын гэр дээгүүр өнгөрч, биднийг аварсан юм” гэж хэл» гэлээ.
Тэгэхэд ард түмэн мэхийж, сөгдөн мөргөв. 28 Ингээд израйлчууд явж, Еховагийн Мосе Аарон хоёрт тушаасан ёсоор үйлдлээ. Тэд яг хэлснээр нь хийв.
29 Ехова шөнө дунд Египетийн уугануудыг бүгдийг нь хөнөөв. Сэнтийдээ заларч байгаа фараоны ууган хүүгээс авхуулаад шоронд хоригдож байгаа хүний ууган хүүг хүртэл, мөн малын ууган эр төл бүрийг хөнөөжээ. 30 Үхэл хагацал үзээгүй айл огт байгаагүй тул тэр шөнө фараон болон түүний бүх албат зарц, бусад бүх египет хүн босоцгоож, Египетэд бөөн уйлаан майлаан боллоо. 31 Фараон тэр даруй Мосе Аарон хоёрыг шөнөөр дуудаад «Явцгаа, та хоёр бусад израйлчуудтайгаа миний ард түмний дундаас явж үз. Хэлснээрээ явж Еховагаа шүтэцгээ*. 32 Бас хэлснээрээ хонь, ямаа, үхрээ аваад яв. Гэхдээ Бурхнаасаа намайг ивээхийг гуйгаарай» гэжээ.
33 Египетчүүд: «Бид цөмөөрөө үхэх нь» гэцгээж израйлчуудыг нутгаасаа даруйхан гаргахаар шавдуулав. 34 Тиймээс израйлчууд исгээгүй зуурсан гурилаа савтай нь авч, хувцсандаа боогоод мөрлөөд авч явав. 35 Израйлчууд Мосегийн хэлснээр египетчүүдээс алт мөнгөн эдлэл, хувцас хунар гуйжээ. 36 Ехова египетчүүдийн зүрх сэтгэлийг зөөллөснөөр тэд ард түмэнд нь сайн хандаж, гуйсан болгоныг нь өгсөн юм. Израйлчууд ийнхүү египетчүүдийг тоножээ.
37 Тэгээд израйлчууд Раамсесаас Суккот руу явлаа. Хүүхдүүдээс гадна 600 000 орчим явган эр байв. 38 Холилдсон маш олон хүн* тэдэнтэй хамт гарлаа. Бас хонь, ямаа, үхэр гээд асар олон тооны мал сүрэг байв. 39 Тэд Египетээс гэнэт хөөгдөн, ямар ч хоол хүнс бэлдэж амжилгүй гарсан учраас Египетээс авч гарсан зуурсан гурилаараа исгээгүй талх барьжээ.
40 Израйлчууд Египетээс гарахдаа харь хүн мэт амьдраад 430 жил болсон байлаа. 41 Дөрвөн зуун гучин жилийн эцэст, яг энэ өдөр Еховагийн тоо томшгүй ард түмэн бүгдээрээ Египетийн нутгаас гарав. 42 Энэ шөнө бол өөрсдийг нь Египетийн нутгаас гаргасан Еховад зориулж баяр тэмдэглэх шөнө юм. Энэ шөнийг израйлчууд Еховад зориулсан ёслол болгон үе удмаараа тэмдэглэх учиртай.
43 Ехова Мосе Аарон хоёрт «Дээгүүр Өнгөрөх баярын журам нь энэ юм. Нэг ч харь хүн тахилын махнаас идэж болохгүй. 44 Харин та нарын мөнгөөрөө худалдаж авсан боол чинь хөвчөө таслуулсны дараа л үүнээс идэж болно. 45 Түр оршин суугч, хөлсний ажилчин үүнээс идэж болохгүй. 46 Та нар махыг гэр дотор идэх ёстой. Гэрээс гаргаж болохгүй. Бас нэг ч ясыг нь хугалж болохгүй. 47 Израйлын чуулган бүгдээрээ энэ баярыг тэмдэглэнэ. 48 Та нарын дунд суудаг харийн хүн Еховад зориулсан Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэхийг хүсвэл эрэгтэйчүүд нь бүгдээрээ хөвчөө таслуулах ёстой. Тэгсэн цагт л тэмдэглэж болно. Тэр хүн израйл хүнтэй адил тооцогдоно. Харин хөвч таслуулаагүй хүн үүнээс идэж болохгүй. 49 Та нар болон та нарын дунд оршин сууж буй харийн хүмүүс бүгд нэг хууль сахих ёстой» гэж айлдав.
50 Израйлчууд бүгдээрээ Еховагийн Мосе Аарон хоёрт тушааснаар үйлдэв. Тэд яг хэлснээр нь хийжээ. 51 Яг энэ өдөр Ехова тоо томшгүй израйлчуудыг Египетийн нутгаас гаргасан юм.