Нэгдүгээр Ёохан
3 Эцэг биднийг ямар их хайрладгийг бодоод үз дээ. Биднийг хүүхдүүдээ* гэж үздэг. Үнэндээ ч бид хүүхдүүд нь мөн. Ертөнц Бурхныг мэддэггүй учраас биднийг мэддэггүй. 2 Хайрт ах дүү нар минь, бид одоо Бурхны хүүхдүүд мөн боловч ямар болохоо хараахан мэдээгүй байна. Түүнийг илчлэгдэхэд бид ямар болохоо мэднэ. Учир нь бид түүнийг яг байгаагаар нь харна. 3 Үүнд найддаг бүх хүн өөрсдийгөө ариусгадаг. Учир нь тэр нэгэн ариун билээ.
4 Нүгэл үйлддэг бүх хүн хууль зөрчиж байгаа хэрэг. Хууль зөрчих нь нүгэл юм. 5 Тэр нэгэн биднийг нүгэлгүй болгох гэж илчлэгдсэнийг та нар мэднэ. Тэр нэгэн ямар ч нүгэлгүй. 6 Түүнтэй санаа нийлдэг хүн нүгэл үйлддэггүй. Харин нүгэл үйлддэг хүн түүнийг хараагүй, мэдээгүй. 7 Хүүхдүүд ээ, та нар хэнд ч бүү мэхлэгд. Бурхны таалалд нийцүүлдэг тэр нэгнийг дуурайж, тааллынх нь дагуу амьдардаг хүнийг Бурхан таалдаг. 8 Нүгэл үйлддэг хүн Диаволынх. Диавол анхнаасаа нүгэл үйлдсэн. Диаволын үйлсийг устгах зорилгоор Бурхны Хүү илчлэгдсэн.
9 Бурхны хүүхэд болсон хүн нүгэл үйлддэггүй. Учир нь тийм хүнд Бурхны агуу хүч* байдаг. Бурхны хүүхэд болсон учир тийм хүн нүгэл үйлдэж чаддаггүй юм. 10 Бурхны хүүхдүүд, Диаволын хүүхдүүд үүгээр танигддаг. Бурхны таалалд нийцүүлдэггүй хүн Бурхных биш. Ах дүүгээ хайрладаггүй хүн Бурхных биш. 11 «Бие биеэ хайрла» гэдэг нь та нарын анх сонссон мэдээ билээ. 12 Бид Каин шиг байж болохгүй. Каин бол Сатаных бөгөөд дүүгээ хөнөөсөн. Ямар шалтгаанаар хөнөөсөн бэ? Каин өөрөө бузар мууг үйлддэг, харин дүү нь Бурхны таалалд нийцүүлдэг байснаас тэр ажээ.
13 Ах дүү нар аа, ертөнц та нарыг үзэн яддагийг бүү гайх. 14 Бид үхсэн мэт байсан боловч одоо амьд байна. Учир нь бид ах дүүгээ хайрладаг. Хайрладаггүй хүн үхсэнээс өөрцгүй. 15 Ах дүүгээ үзэн яддаг хүн алуурчин. Алуурчин мөнх амьдрахгүйг та нар мэднэ. 16 Бидний төлөө амиа өгсөн тэр нэгний ачаар хайр гэж юу болохыг мэддэг болсон. Бид ч ах дүүгийнхээ төлөө амиа өгөх ёстой. 17 Эд хөрөнгөтэй хүн ах дүүгийнхээ гачигдаж дутагдаж явахыг харсан атлаа өрөвдөж хайрласандаа тусалдаггүй бол Бурхныг хайрладаг гэж үү? 18 Хүүхдүүд ээ, ах дүүгээ хайрладаг гэж яриад байх биш, үнэхээр хайрладгаа үйл хэргээрээ харуул.
19 Ийн хайрладаг бол бид үнэнийх гэдгээ мэдэх бөгөөд Бурхан биднийг хайрладаг гэдэгт бат итгэлтэй байна*. 20 Бид өөрсдийгөө буруутгалаа ч тэгнэ. Учир нь Бурхан бидний зүрхнээс агуу* бөгөөд бүх юмыг мэддэг. 21 Хайрт ах дүү нар минь, бид өөрсдийгөө буруутгадаггүй бол Бурхантай айж зовохгүйгээр ярина. 22 Түүнчлэн, тушаалыг нь биелүүлж, таалалд нь нийцүүлж амьдардаг учир гуйсан бүхнээ авна. 23 Өөрийнх нь Хүү Есүс Христийн нэрэнд итгэж, бие биеэ хайрлахыг Бурхан бидэнд тушаасан. Есүс ч ийн тушаасан билээ. 24 Тушаалыг нь биелүүлдэг хүн Бурхантай, Бурхан тийм хүнтэй санаа нэг байдаг. Бурхан бидэнд агуу хүчнээсээ өгсөн учир санаа нэгтэйг нь мэддэг.