Маркийн бичсэн сайн мэдээ
14 Хоёр хоногийн дараа Дээгүүр өнгөрөх баяр*, Исгээгүй талхны баяр болох гэж байлаа. Ахлах тахилчид болон хуулийн багш нар башир арга хэрэглэн Есүсийг баривчилж, хөнөөх арга хайж байлаа. 2 Тэд: «Баяраар болохгүй. Эс тэгвэл ард олны дунд үймээн гарч мэднэ» гэцгээжээ.
3 Есүсийг Бетанд, уяман өвчтэй байсан Симоны гэрт хоол идэж байхад нэгэн эмэгтэй их үнэтэй, анхилуун үнэрт, гөлтгөнөн савтай цэвэр нардын* тос барьж иржээ. Эмэгтэй савыг хагалж, Есүсийн толгойг тосолж эхлэв. 4 Зарим хүн үүнд дургүйцэн «Энэ тосыг ингэж дэмий үрэхийн хэрэг юу байна вэ? 5 Уг нь 300 гаруй денараар* зараад мөнгийг нь ядууст өгч болох байсан шүү дээ!» гэлцэн өнөөх эмэгтэйг загналаа*. 6 Харин Есүс: «Түүнд бүү саад бол. Юунд түүнийг гомдооно вэ? Надад сайн юм хийлээ. 7 Ядуус та нартай үргэлж хамт байна. Хүссэн цагтаа тэдэнд сайн юм хийж болно. Харин би та нартай үргэлж хамт байхгүй. 8 Энэ эмэгтэй чадахаа л хийлээ. Оршуулахад бэлдэж, намайг анхилуун үнэрт тосоор тосоллоо. 9 Сайн мэдээ дэлхийн хаана ч тунхаглагдсан, энэ эмэгтэйн юу хийснийг дурсаж ярина гэдгийг би та нарт батлан хэлье» хэмээжээ.
10 Арван хоёр элчийн нэг, Искариот Юудас Есүсийг барьж өгөхийн тулд ахлах тахилчидтай уулзав. 11 Тэд түүний үгийг сонсоод баярлаж, мөнгөн зоос өгөхөөр боллоо. Ингээд Юудас Есүсийг барьж өгөх боломж хайх болжээ.
12 Исгээгүй талхны баярын эхний өдөр хүмүүс заншсан ёсоор Дээгүүр өнгөрөх баярын тахил өргөдөг байлаа. Шавь нар: «Та биднийг хааш нь явуулж, Дээгүүр өнгөрөх баярын зоогийг бэлдүүлмээр байна вэ?» гэж асуув. 13 Есүс хоёр шавиа явуулахдаа «Та нар хотод оч. Ваартай ус авч яваа хүнтэй тааралдана. Тэр хүнийг дагаж яваад 14 хаашаа орно, тэр гэрийнх нь эзэнд “Манай Багш: «Шавь нартайгаа хамт Дээгүүр өнгөрөх баярын зоог барих зочны өрөө хаана байна вэ?» гэж хэлүүллээ” гээрэй. 15 Та хоёрт засаж бэлдсэн дээд давхрын том өрөө үзүүлнэ. Тэр өрөөнд бидэнд зориулж зоог бэлдээрэй» гэж хэлэв. 16 Шавь нар явсаар хотод очиход бүх юм Есүсийн хэлснээр болж, тэд Дээгүүр өнгөрөх баярт бэлдэв.
17 Орой болоход Есүс 12 элчтэйгээ тэнд очжээ. 18 Бүгдээрээ ширээнд тухлан хоол идэж байх үед Есүс: «Би та нарт батлан хэлье. Надтай хамт хоол идэж байгаа та нарын нэг надаас урвана» гэлээ. 19 Тэгэхэд шавь нар шаналж «Би биш биз дээ?» гэж нэг нэгээрээ асуув. 20 Есүс: «12-ын нэг нь. Надтай хамт тавагнаас идэж байгаа нь. 21 Учир нь хүний Хүү өөрийнх нь талаар бичсэний дагуу явж байна. Гэхдээ хүний Хүүгээс урвах тэр хүн зовно! Тэр хүн төрөөгүй бол дээр байх байсан юм» гэж хэллээ.
22 Тэднийг хоол идэж байхад Есүс талх аваад залбирав. Тэгээд талх хувааж шавь нартаа өгөөд «Үүнийг ав. Энэ нь миний биеийг бэлгэддэг» гэж хэлэв. 23 Дараа нь аягатай дарс авч талархан залбираад шавь нартаа өгөхөд бүгдээрээ дарснаас уулаа. 24 Есүс тэдэнд: «Энэ нь олны төлөө урсах, “гэрээний цусыг” минь бэлгэддэг. 25 Гэхдээ би Бурхны Хаант төрд шинэ дарс уух өдрийг хүртэл дарс огт амсахгүй гэдгээ батлан хэлье» хэмээв. 26 Тэгээд Бурхныг магтан дуулав. Дараа нь Чидун уул руу явжээ.
27 Есүс тэдэнд «Та нар бүгд бүдэрнэ. Яагаад гэвэл “Би хоньчныг цохиход хонин сүрэг тарж бутарна” гэж бичсэн байдаг. 28 Гэхдээ Бурхан намайг амилуулахад би та нараас түрүүлж Галилд очно» гэхэд 29 Петр: «Бүгдээрээ бүдэрсэн ч, би бүдрэхгүй!» гэж хэллээ. 30 Тэгэхэд Есүс: «Би чамд батлан хэлье. Өнөөдөр, тийм ээ, өнөө шөнө азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө чи намайг гурвантаа үгүйсгэнэ» гэжээ. 31 Харин Петр: «Тантай хамт үхэх болсон ч би таныг яасан ч үгүйсгэхгүй» гэхэд бусад нь бас тэгж хэлжээ.
32 Гетсемани гэдэг газар ирээд Есүс шавь нартаа «Намайг залбирах зуур энд сууж бай» хэмээгээд 33 Петр Яаков Ёохан гурвыг дагуулж явав. Тэр мөчөөс Есүсийн сэтгэл нэлээн тавгүйтэж, ихэд шаналан 34 «Би үхтэлээ шаналж байна. Энд бай, сэргэг бай» гэж тэдэнд захив. 35 Тэгээд тэднээс жаахан зайдуу газар очиж, сөхөрч суугаад газар хүртэл бөхийж, хэрэв боломжтой бол сорилтыг өөрөөс нь холуур өнгөрүүлэхийг гуйн залбирч эхлэв. 36 Тэгээд «Абба*, Эцэг минь, танд бүх юм боломжтой. Энэ аягыг* надаас холдуулаач. Гэхдээ миний хүслээр биш, таны хүслээр болог» гэж залбирлаа. 37 Эргэж ирэхэд гурван шавь нь унтаж байв. Есүс Петрт «Симон, чи унтаж байна уу? Та нар ганцхан цаг сэрүүн байж чадсангүй юу? 38 Хорхой хүргэм зүйлд дийлдэхгүйн тулд сэрэмжтэй бай, залбираад байж бай. Хүн зөв юм хийхийг хүсдэг ч махан бие* нь сул дорой байдаг» гэж хэлэв. 39 Тэгээд Есүс дахиж яваад өмнө нь хэлснээ хэлж залбирчээ. 40 Буцаж ирэхэд нь шавь нар бас л унтаж байв. Тэд үнэхээр нойрондоо дийлдсэн учир Есүст юу ч хэлж чадсангүй. 41 Есүс шавь нар луугаа гурав дахь удаа ирээд «Ийм цагт та нар унтаж амарч байх ч гэж дээ! Унтахаа боль! Хүний Хүүг урвагч нүгэлтнүүдэд барьж өгөх цаг боллоо! 42 Бос, явцгаая. Цаана чинь, урвагч ирж байна» гэж хэллээ.
43 Ингэж ярьж байтал 12 элчийн нэг Юудас ахлах тахилчид, хуулийн багш нар, ард олны ахлагчдын явуулсан, илд, бороохой барьсан бөөн хүнийг дагуулж ирэх нь тэр. 44 Есүсээс урвасан этгээд тэдэнд дохио өгөх тухайгаа хэлж, «Миний үнсэх хүн бол тэр хүн юм. Түүнийг бариад харуул хамгаалалттай авч яваарай» гэж тохиролцсон байжээ. 45 Тэрээр Есүс рүү шууд очоод «Рабби!» гэж хэлээд үнсэхэд 46 хүмүүс хүрч ирээд Есүсийг барилаа. 47 Тэгтэл дэргэд нь зогсож байсан хүмүүсийн нэг нь илдээ сугалж тэргүүн тахилчийн боолын чихийг цавччихжээ. 48 Харин Есүс өнөөх хүмүүст хандан «Та нар дээрэмчин барих гэж байгаа юм шиг илд, бороохойтой ирж намайг барих гээ юү? 49 Би өдөр бүр сүмд та нартай хамт байж, зааж сургаж байсан. Тэгэхэд та нар намайг бариагүй. Гэхдээ энэ явдал болсон нь Сударт бичигдсэн нь биелэгдэхийн тулд юм» гэж хэллээ.
50 Шавь нар бүгдээрээ түүнийг хаяад зугтав. 51 Гэвч нүцгэн биедээ сайн чанарын даавуун хувцас өмссөн нэг залуу Есүсийг холгүйхэн дагаж явсан бөгөөд өнөөх хүмүүс түүнийг барих гэхэд 52 хувцсаа хаяад нүцгэн* зугтжээ.
53 Тэд Есүсийг тэргүүн тахилч руу авчрахад ахлах тахилчид, ард олны ахлагчид, хуулийн багш нар бүгд цуглажээ. 54 Харин Петр Есүсийг холуур дагаж явсаар тэргүүн тахилчийн хашаанд ороод зарц нартай нь хамт галд дулаацаж суув. 55 Ахлах тахилчид болон Иудейн дээд шүүхийнхэн* бүгдээрээ Есүсийг алахын тулд мэдүүлэг өгөх хүмүүсийг хайж байсан ч олдохгүй байлаа. 56 Олон хүн Есүсийг буруутган худал мэдүүлэг өгсөн боловч тэдний мэдүүлэг таарахгүй байв. 57 Өөр хэдэн хүн босоод худал мэдүүлэг өгөн 58 «Энэ этгээд: “Хүний гараар барьсан энэ сүмийг би нураагаад хүний гараар бариагүй өөр сүмийг гурван өдрийн дотор барина” гэж хэлснийг бид сонссон» гэжээ. 59 Гэвч энэ талаар ч тэдний мэдүүлэг таарахгүй байлаа.
60 Тэгэхэд тэргүүн тахилч босож, голд зогсоод Есүсээс «Чамд хэлэх юм алга уу? Энэ хүмүүс чамайг юу гэж буруутгаж байгааг дуулав уу?» гэж асуухад 61 Есүс дуугарсан ч үгүй, юу ч хэлсэнгүй. Гэвч тэргүүн тахилч Есүсээс «Чи Ариун Бурхны Хүү мөн юм уу?» гэж асууж, дахин байцааж эхлэв. 62 Тэгэхэд Есүс: «Би мөн. Та нар хүний Хүүг Хүчирхэг нэгний баруун талд суухыг, үүлэн дунд ирэхийг харна» хэмээхэд 63 тэргүүн тахилч хувцсаа хүү татан «Өөр гэрчийн хэрэг байна уу? 64 Бурхныг доромжлохыг нь та нар өөрсдөө сонслоо шүү дээ. Та нар ямар шийдвэр гаргах вэ?*» гэхэд тэд бүгдээрээ үхлийн ял тулгав. 65 Тэгээд зарим нь Есүсийн нүүр лүү нулимж, нүүрийг нь бүтээж байгаад цохисноо «Чи зөнч мөн юм бол хэн цохисныг хэлээч» гэлцэв. Шүүхийн харуулууд Есүсийг алгадаад авч явлаа.
66 Петрийг хашаан дотор сууж байтал тэргүүн тахилчийн зарц охидын нэг нь иржээ. 67 Тэр охин галд дулаацаж байгаа Петрийг хараад, ажиглаж байснаа «Та Назарын Есүстэй хамт байсан шүү дээ» гэж хэлэв. 68 Гэвч Петр үүнийг үгүйсгэн «Би тэр хүнийг таних ч үгүй, юу яриад байгааг чинь ч ойлгохгүй байна» гэж хэлээд үүд хавьд очлоо. 69 Тэгтэл өнөөх зарц охин Петрийг харснаа тэнд зогсож байгаа хүмүүст «Энэ хүн тэдний нэг мөн» гэж хэлэхэд 70 Петр дахиад л үгүйсгэв. Удалгүй, тэнд байсан хүмүүс Петрт «Чи тэдний нэг гарцаагүй мөн байна. Чи чинь Галилынх юм байна шүү дээ» гэцгээжээ. 71 Тэгэхэд Петр: «Хэрэв би худал хэлбэл надад хараал хүрэг! Та нарын яриад байгаа энэ хүнийг би танихгүй!» гэж хэлмэгц 72 азарган тахиа хоёр дахь удаагаа донгодов. Тэгтэл Петр «Азарган тахиа хоёр дахь удаа донгодохоос өмнө чи намайг гурван удаа үгүйсгэнэ» гэж Есүсийн хэлснийг саналаа. Петр ихэд харамсан цурхиран уйлав.