Матайн бичсэн сайн мэдээ
8 Есүсийг уулнаас буухад маш олон хүн түүнийг дагав. 2 Тэгтэл уяман* өвчтэй нэг хүн ирээд Есүсийн өмнө сөгдөж «Эзэн, та хүсвэл намайг эдгээж* чадна шүү дээ» гэжээ. 3 Есүс гараа түүнд хүргэж, «Хүсэж байна. Би чамайг эдгээе» гэсэнд өнөөх хүн тэр даруй эдгэжээ. 4 Есүс: «Энэ явдлыг хэнд ч битгий хэлээрэй. Харин явж, тахилчид үзүүлээд Мосегийн хуульд заасан ёсоор тахил өргөөрэй. Энэ нь тахилчдад гэрчлэл болно» гэж өнөөх хүнд хэлэв.
5 Есүсийг Капернаумд очиход нэгэн зуутын дарга түүнтэй уулзаад 6 «Зарц минь саа өвчтэй, хэвтэрт байна. Өвчнөөсөө болоод их шаналдаг юм» гэж учирласанд 7 Есүс: «Танайд очоод эдгээж өгье» гэжээ. 8 Зуутын дарга: «Би таныг гэртээ оруулах зохистой хүн биш ээ. Таныг ганц үг хэлэхэд л зарц минь эдгэчихнэ. 9 Учир нь би өөрөө ч захирагддаг, цэргүүдээ ч захирдаг. Би нэгэнд нь “Яв!” гэвэл явдаг, нөгөөд нь “Нааш ир!” гэвэл ирдэг, зарцдаа “Үүнийг хий!” гэвэл хийдэг» гэв. 10 Ингэж хэлэхийг нь сонсоод Есүс гайхаж, өөрийг нь дагаж байсан хүмүүст «Би та нарт үнэнийг хэлье. Ийм бат итгэлтэй хүнтэй би Израйлд тааралдсангүй. 11 Гэхдээ би та нарт хэлье. Зүүн, баруун зүгээс олон хүн ирж, тэнгэрийн Хаант төрд орж, Абрахам, Исаак, Иаковтой хамт ширээнд тухлан зоог барина. 12 Харин Хаант төрийн хөвгүүд гадаа харанхуйд хаягдана. Тэд тэнд уйлж, шүдээ хавирна» хэмээгээд 13 зуутын даргад «Таны итгэснээр болог» гэв. Тэр мөчид зарц нь эдгэсэн ажээ.
14 Есүс Петрийнд ирээд хадам ээжийг нь халуунтай хэвтэж байхыг үзэв. 15 Тэгээд гарт нь хүрэхэд халуун нь буужээ. Петрийн хадам ээж босож, цай хоол хийж эхлэв. 16 Орой нь хүмүүс чөтгөрт эзэмдүүлсэн олон хүнийг авчрахад Есүс чөтгөрүүдийг хөөж*, өвчтэй бүгдийг эдгээжээ. 17 Ийнхүү зөнч Исаиагийн «Тэр бидний өвчнийг өөртөө авч, бидний уй гашууг үүрэв» гэж зөгнөсөн нь биелжээ.
18 Есүс өөрийг нь тойрон зогсох олныг хараад нуурын нөгөө талд гарахыг шавь нартаа тушаалаа. 19 Нэгэн хуулийн багш ирээд «Багш аа, таныг хаашаа ч явсан, би дагана» хэмээсэнд 20 Есүс: «Үнэг нүхтэй, шувуу үүртэй. Харин хүний Хүү толгой хоргодох оронгүй» гэж хэлэв. 21 Тэгтэл шавь нарын нэг: «Эзэн, би эхлээд эцгээ оршуулчихаад ирье» гэхэд 22 Есүс: «Намайг дагаснаараа дага. Үхэгсэд нь үхэгсдээ оршуулаг» гэж хэлжээ.
23 Дараа нь Есүс шавь нартайгаа завинд суужээ. 24 Тэгтэл нууранд хүчтэй салхи дэгдэж, тэдний сууж явсан завь давалгаанд цохигдон усанд автаж эхэллээ. Харин Есүс унтаж байв. 25 Шавь нар нь түүнийг сэрээж «Эзэн, авраач. Бид үхэх нь!» гэсэнд 26 тэрээр: «Бат итгэлгүй хүмүүс ээ, юунд ингэтлээ их айна вэ?» хэмээгээд босож салхи болон нуурыг зэмлэсэнд ер бусын нам гүм болов. 27 Шавь нар нь: «Энэ хүн үнэндээ хэн бэ? Салхи, нуурыг ч захирах юм» гэж гайхацгаав.
28 Есүсийг нуурын нөгөө эрэгт гадарчуудын нутагт ирэхэд чөтгөрт эзэмдүүлсэн хоёр хүн булшнуудын дундаас гарч явахдаа түүнтэй тааралдав. Тэд их хэрцгий догшин байв. Тиймээс тэр замаар хэн ч явж зүрхэлдэггүй ажээ. 29 Тэгтэл тэд: «Бурхны Хүү, та биднийг яах гээ вэ? Цагаас маань өмнө биднийг шийтгэхээр ирээ юү?» гэж хашхирав. 30 Тэднээс нэлээн зайдуу сүрэг гахай идээшилж байлаа. 31 Тиймээс чөтгөрүүд: «Хэрэв та биднийг хөөхөөр бол гахайнуудад оруулаач» гэж гуйв. 32 Есүс тэдэнд «Гахайнуудад орцгоо!» гэхэд чөтгөрүүд өнөөх хоёр хүнээс гарч, гахайнуудад оров. Тэгтэл гахайнууд хадан хясаа руу гүйлдсээр нууранд унаж живжээ. 33 Харин гахайчид зугтаж хот руу очоод болсон бүх явдлыг, чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүсийн тухай ярьжээ. 34 Хотынхон бүгдээрээ Есүсийг тосож уулзаад өөрсдийнхөө нутгаас явахыг гуйлаа.