Ромчуудад бичсэн захидал
12 Тэгэхээр ах дүү нар аа, Бурхан бидэнд өршөөнгүй хандсан учир Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгон биеэ өргөхийг та бүхэнд уриалъя. Ингэвэл та нар оюун ухаанаа дайчлан Бурханд үйлчилж* чадна. 2 Өнөө үеийн* хэвэнд цутгуулахаа боль. Харин Бурхны сайн, тааламжтай, төгс төгөлдөр хүслийг сайн мэдэж авахын тулд* үзэл бодлоо өөрчилснөөр өөрийгөө өөрчил.
3 Бурхны өршөөл нигүүлслийг хүртсэн би та бүхэнд үүнийг хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо хэтрүүлж бүү бод. Харин та нарын хүн нэг бүрд Бурхны өгсөн итгэлийн дагуу ухаалаг бай. 4 Нэг биед олон эрхтэн байдаг ч эрхтэн бүрийн үүрэг өөр. 5 Христийн дагалдагч бид олуулаа боловч нэг бие. Гэхдээ бид эрхтэн учраас нэг нэгнээсээ хамааралтай. 6 Бурхан биднийг өршөөж нигүүлсээд өөр өөр бэлэг өгсөн. Зөгнөдөг нь итгэлийнхээ хэмжээний дагуу зөгнөсөөр байя. 7 Үйлчилдэг нь үйлчилж, заадаг нь заая. 8 Урамшуулан зоригжуулдаг нь урамшуулан зоригжуулъя. Өгдөг нь дуртайяа өгье. Удирддаг нь хичээл зүтгэлтэй удирдъя. Энэрдэг нь чин сэтгэлээсээ энэрье.
9 Хоёр нүүр гаргалгүй хайрла. Мууг жигш, сайнаас зуур. 10 Ах дүүгийн ёсоор бие биеэ хайрла. Ах дүүгээ өөрөө эхлээд хүндэл. 11 Бүү залхуур, хөдөлмөрч бай. Бурхны агуу хүчээр удирдуулан хичээл зүтгэлтэй бай*. Еховад* боол мэт үйлчил. 12 Итгэл найдвартайдаа баярла. Зовлон зүдгүүр тохиоход тэвчээртэй бай. Тасралтгүй залбир. 13 Ариун хүмүүст хэрэгтэй юмаар нь тусалж, байгаагаа хуваалцаж бай. Зочломтгой байх боломж хайж бай. 14 Та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө Бурханд залбирч бай. Тийм ээ, тэдний төлөө залбир, тэднийг бүү хараа. 15 Баярлаж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл. 16 Өөртөө хэрхэн ханддаг шигээ бусдад тийнхүү ханд. Бардам зангаа дарж, даруу бай. Өөрсдийгөө мэргэн хэмээн бүү үз.
17 Хэнд ч мууг муугаар бүү хариул. Бүх хүний хувьд юу нь сайн гэдгийг харгалзан үз. 18 Боломжтой бол, та нараас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй бай. 19 Хайрт ах дүү нар минь, бүү өшөө ав. Харин Бурханд даатга. Буруутанд Бурхан хилэгнэнэ. Учир нь «“Би өшөө авна. Би хариуг нь барина” хэмээн Ехова* айлддаг» гэж бичсэн байдаг. 20 «Дайсан чинь өлссөн бол идэх юм өг. Цангасан бол уух юм өг. Ингэвэл түүний толгой дээр шатаж буй нүүрс овоолж байгаа хэрэг». 21 Бузар мууд бүү дийлд. Харин бузар мууг сайнаар дийлж бай.