Мика
Ард түмнүүд түүн рүү цутгана.
Тэрбээр явах ёстой замыг маань зааж,
Бид тэр замаар алхах юм» гэж хэлнэ.
Учир нь хууль* Сионоос,
Еховагийн үг Иерусалимаас гарна.
3 Тэрбээр ард түмнүүдийг шүүж,
Алс холын хүчирхэг үндэстнүүдийн төлөө бүгдийг засаж залруулна.
Тэд илдээ анжисны хошуу,
Жадаа хадуур болгон давтана.
Нэг үндэстэн нөгөө үндэстний өөдөөс илд далайхгүй.
Тэд дахин хэзээ ч дайтахад суралцахгүй.
4 Хүн бүр өөрийн усан үзэм, инжрийн модны доор амьдран сууна.
Хэн ч тэднийг айлгахгүй.
Яагаад гэвэл тэнгэрийн цэргийн жанжин Ехова үүнийг айлдсан юм.
5 Бүх ард түмэн тус тусын бурхны нэрээр явах боловч
Бид мөнхийн мөнхөд Ехова Бурхныхаа нэрээр явна.
6 Ехова ийн тунхаглаж байна.
«Би тэр өдөр хазгар доголон хүмүүсийг цуглуулна.
Тарж бутарсан хүмүүсийг нэгтгэнэ.
Шийтгэж зовоосон хүмүүсээ бөөгнүүлнэ.
7 Би доголон хүмүүсээс үлдсэнийг аварна.
Алсад хөөн зайлуулагдсаныг нь хүчирхэг үндэстэн болгоно.
Ехова би одооноос үүрд мөнхөд тэдний хаан болж
Сион уулан дээрээс захирна.
8 Сүргийн цамхаг аа!
Сионы* толгод оо!
Анхны засаглал,
Иерусалимын охины хаант төр чам дээр ирнэ.
9 Чи юунд чанга хашхирна вэ?
Чамд хаан байхгүй юү?
Зөвлөгч чинь үхсэн юм уу?
Тэгээд чи амаржиж буй эмэгтэй шиг өвдөж байна уу?
10 Сионы хүмүүс ээ*! Амаржиж буй эмэгтэй шиг
Өвчиндөө ёолон хашхирч, тийчлэн татвалз.
Учир нь чи одоо хотоос гарч хээр амьдарна.
Вавилонд очно.
Тэнд чи аврагдана.
Ехова чамайг дайснуудаас чинь буцаан худалдаж авна.
11 Олон үндэстэн чамайг эсэргүүцэн цугларч
“Түүнийг бузарлая.
Сионд ийм юм тохиолдохыг нүдээрээ харъя” гэлцэнэ.
12 Гэвч тэд Еховагийн бодлыг мэдэхгүй.
Санаа зорилгыг* нь ойлгохгүй.
Шинэхэн хурааж багцалсан тариаг үтрэмд авчирдгийн адил тэрбээр тэднийг цуглуулна.
13 Сионы хүмүүс ээ*, босож тариа цайруул.
Би эврийг чинь төмөр,
Туурайг чинь зэс болгоно.
Тэгээд чи олон ард түмнийг бут цохино.
Чи тэдний шударга бусаар олсон ашгийг Еховад зориулна.
Тэдний эд хөрөнгийг бүх дэлхийн жинхэнэ Эзэнд нь өгнө».