Нэгдүгээр Коринт
16 Ариун хүмүүст зориулах хуримтлалын тухайд Галатын хурлуудад өгсөн зааврыг минь дагаарай. 2 Намайг очсоны дараа цуглуулахын оронд долоо хоног бүрийн эхний өдөр хүн болгон боломжийнхоо хэрээр цааш нь хийж бай. 3 Та нар найдвартай хүмүүсийг сонгож, захидалдаа бичээрэй. Би танай тэнд очихоороо тэр хүмүүсээр сайхан сэтгэлийн бэлгийг чинь Иерусалим руу хүргүүлнэ. 4 Би бас тийшээ явах хэрэгтэй бол явъя. Тэд надтай хамт яваг.
5 Гэхдээ би Македон орчихоод дараа нь та нар луу очно. Яагаад гэвэл одоо Македон руу явах гэж байна. 6 Танай тэнд нэг хэсэг байх болов уу. Өвөлжиж ч магадгүй. Дараа нь намайг хаашаа ч явах болсон та нар үдэж гаргаарай. 7 Би зам зуураа та нартай уулзаад гаръя гэж бодсонгүй. Харин Ехова* зөвшөөрвөл нэг хэсэгтээ хамт байя гэж бодсон юм. 8 Гэхдээ Тавь дахь өдрийн баяр* болтол Эфэст байна. 9 Учир нь Бурхан миний өмнө үлэмж том хаалга нээсэн. Ингэснээр би их ажил амжуулах юм. Гэвч эсэргүүцэгч олон байна.
10 Тимотыг очвол санааг нь зовоолгүй хамтарч ажиллаарай. Тимот ч гэсэн надтай л адил Еховагийн* ажлыг хийж яваа шүү дээ. 11 Тиймээс хэн нь ч түүнийг дорд үзэж болохгүй. Над руу явах болоход нь аян замд нь үдэж гаргаарай. Би ах дүү нартай хамт түүнийг хүлээж байна.
12 Итгэл нэгт Аполыг ах дүү нартай хамт та нар луу явуулах гэж би нэлээд их ятгасан. Одоохондоо та нар луу очих бодолгүй байгаа ч боломжтой болохлоороо очно.
13 Сэргэг бай, итгэл үнэмшлээ тууштай баримтал, эр зоригтой*, эрч хүчтэй бай. 14 Та нар бүхнийг хайрын сэтгэлээр хийцгээ.
15 Стефанагийн гэрийнхэн Ахей дэх анхны дагалдагчид бөгөөд ариун хүмүүст үйлчлэхийн төлөө өөрсдийгөө зориулдгийг та нар мэднэ шүү дээ. Тиймээс би та нарт захья. 16 Та нар ч бас тэдэн шиг хүмүүс болон хамтарч ажилладаг, хөдөлмөрч хүмүүст захирагдаарай. 17 Би Стефана, Фортунат, Ахайкийг ирсэнд их баярласан. Тэд та нарын өмнөөс надад тусалсан. 18 Миний ч, та нарын ч сэтгэлийг сэргээсэн. Тиймээс тэдэн шиг хүмүүсийг эрхэмлэн хүндэлж байгаарай.
19 Ази дахь хурлууд та нарт мэнд хүргэж байна. Акул, Приска болон тэднийд цугладаг хурлынхан ч Эзний дагалдагч та нарт чин сэтгэлийн мэнд хүргэж байна. 20 Эндхийн ах дүү нар бүгдээрээ мэнд хүргэж байна. Ариун сэтгэлийн угаас бие биеэ үнсэж мэндчил.
21 Паул би мэнд хүргэж байгаагаа өөрийн гараар бичиж байна.
22 Эзнийг хайрладаггүй хүн байвал тэр нь хараагдаг. Эзэн, ирээрэй! 23 Эзэн Есүс та нарыг нигүүлсэх болтугай. 24 Христ Есүсийн дагалдагч та бүгдэд би хайртай.