Иов
38 Тэгтэл Ехова шуурган дундаас Иовд хариулсан нь:
2 «Миний шийдвэрт эргэлзэн
Мэдлэггүйгээр яригч энэ хүн хэн бэ?
3 Эр хүн шиг сэтгэлээ бэлдэнэ үү.
Би чамаас асууя, чи хариулаарай.
4 Дэлхийн суурийг тавихад минь чи хаана байв?
Мэдэж байгаа бол хэлээч.
5 Хэн түүн дээр хэмжээ тогтоож,
Хэн түүн дээр шугам татсаныг чи мэдэх үү?
6 Тулгуур баганыг нь юун дээр суурилуулж,
Булангийн чулууг нь хэн тавьсан бэ?
7 Тэгэхэд өглөөний одод баярлан уухайлж,
Бурхны хөвгүүд* бүгдээрээ бахдан хашхирч алга ташиж байсан.
8 Хэвлийгээс гарахад нь
Хэн тэнгисийг хаалгаар хашсан бэ?
9 Тэгэхэд би түүнийг үүлээр хувцаслан
Түнэр харанхуйгаар ороож*,
10 Түүнд хил хязгаар тогтоон
Хаалга, түгжээ тавьсан.
11 Тэгээд түүнд “Чи энэ хүрнэ, үүнээс цааш явахгүй.
Чиний бардам давлагаанууд энэ хүрээд л зогсоно” гэсэн.
12 Чи өглөөний гэрэлд тушааж,
Үүрийн гэгээнд байрыг нь зааж өгч байв уу?
13 Дэлхийн хязгаар хүртэл явж,
Хорон санаатнуудыг зайлуул гэж тушаасан нь чи юү?
14 Лац нь шаврын хэлбэр дүрсийг өөрчилдгийн адил
Гэрэл гэгээ нь газар дэлхийн нүүр царайг өөрчилж
Өнгө өнгийн хувцас өмссөн мэт харагдуулдаг.
15 Гэвч мууг үйлдэгчдээс гэрэл нь авагддаг.
Өөдөө өргөсөн гар нь хугардаг.
16 Чи далайн ундарга
Эсвэл усны гүн рүү очиж үзсэн үү?
17 Үхлийн хаалганууд чамд илчлэгдэж байсан уу?
Эсвэл чи гүн харанхуйн* хаалгануудыг харсан уу?
18 Газар дэлхий хэр уудам болохыг чи мэдэх үү?
Энэ бүгдийг мэддэг бол хэлээч.
19 Гэрэл хаана оршин суудаг вэ?
Харанхуй хаана аж төрдөг вэ?
20 Чи тэднийг амьдардаг газарт нь хүргэж өгч чадах уу?
Гэрт нь хүрэх замыг мэдэх үү?
21 Чи аль хэдийн төрчихсөн болоод мэдээд байгаа юм уу?
Он жилүүд* чинь тийм их юм уу?
22 Чи цасны агуулахуудад орж үзсэн үү?
Мөндрийн агуулахуудыг харж байсан уу?
23 Тэдгээрийг би хэцүү цагийн төлөө,
Дайн тулааны өдрийн төлөө хадгалсан юм.
25 Тэнгэр дэх их усны сувгийг хэн нээж,
Аянга цахилгаантай ширүүн борооны үүлэнд хэн зам гаргаж,
26 Хэн ч амьдардаггүй газар,
Хээр хөдөө нутагт бороо оруулж,
27 Эзгүйрч хоосорсон газрыг усалж
Өвс ногоо ургуулдаг вэ?
28 Бороонд эцэг бий юү?
Хэн шүүдрийн дуслуудыг төрүүлсэн бэ?
29 Хэний хэвлийгээс мөс гарч,
Хэн тэнгэрийн хярууг төрүүлсэн бэ?
30 Тэр үеэр усны гадаргуу чулуу шиг хатуурч,
Гүн усны мандал таг хөлддөг.
33 Тэнгэрийг захирдаг хуулийг чи мэдэх үү?
Дэлхийг захирах эрх мэдлийг чи тэдэнд* өгч чадах уу?
34 Чи үүлэнд тушаан
Ширүүн бороог өөр дээрээ оруулж чадах уу?
35 Чи аянга цахилгааныг илгээж чадах уу?
Тэд чам дээр ирээд “Бид ирлээ!” гэж хэлэх үү?
37 Хэн үүлсийг тоолох мэргэн ухаантай вэ?
Хэн тэнгэрийн усны савнуудыг хөмрүүлж чадах вэ?
38 Тэгэхэд тоос шороо шавхай болж,
Бөөгнөрсөн шавар хоорондоо наалддаг.
39 Чи арслангийн төлөө ан агнаж,
Залуу арслангуудын идэх хүслийг хангаж чадах уу?
40 Тэд нуувчид хэвтэж,
Үүрэндээ отдог.
41 Хэрээний дэгдээхэйнүүд Бурхнаас тусламж гуйн хашхирч
Хоолгүй тэнүүчилж явахад
Хэн хэрээнд хоол залгуулдаг вэ?