Ёоханд илчилсэн нь
18 Үүний дараа асар их эрх мэдэлтэй тэнгэрийн элч тэнгэрээс бууж ирэхийг би харлаа. Түүний алдар суу дэлхийг гэрэлтүүлэв. 2 Тэрээр өндөр дуугаар «Тэр нурсан! Агуу Вавилон нурсан! Тэрээр чөтгөрүүдийн нутагладаг газар, бүх бузар, жигшүүрт шувууны үүр, хортой агаараар дүүрсэн газар болжээ. 3 Учир нь садарлан самуурах* хүсэл тачаал буюу дарснаас нь болж бүх үндэстэн хохирсон. Дэлхийн хаад түүнтэй садарлан самуурсан. Дэлхийн худалдаачид* баян чинээлэг түүний ачаар баяжсан. Тэр ичиж зовохгүйгээр асар их хөрөнгө хурааж хуримтлуулсан» гэж хэлэв.
4 Тэнгэрээс өөр дуу гарч ингэж хэлэхийг би сонслоо. «Миний ард түмэн, та нар тэр эмтэй хамт нүгэл үйлдэхгүй, гамшгуудад нь өртөхгүй байя гэвэл тэндээс гарцгаа. 5 Учир нь тэр эм тэнгэрт тулам их нүгэлтэй бөгөөд бузар муу юм хийсэн түүнийг Бурхан шүүнэ. 6 Бусдад хэрхэн хандаж байсан шиг нь өөрт нь тэгж ханд. Хийсэн хэргийг нь хоёр нугалж өөрт нь үйлд. Найруулж байсан аяганд нь хоёр дахин ихийг найруулж өг. 7 Тэр эм өөрийгөө хэчнээн их алдаршуулж, хэчнээн их тансагласан, тэр хэрээр нь түүнийг тарчлааж, гашуудуул. Учир нь тэрээр: “Би хатан хаан мэт суудаг. Би бэлэвсэн эм биш бөгөөд уй гашууг хэзээ ч үзэхгүй” гэж өөртөө хэлдэг. 8 Тиймээс нэг л өдөр түүнд гамшиг тохиолдох буюу үхэл, гашуудал, өлсгөлөн нүүрлэж, тэр эм галд бүрмөсөн шатна. Яагаад гэвэл түүнийг шүүсэн Ехова* Бурхан хүчтэй.
9 Түүнтэй садарлан самуурч*, ичиж зовохгүйгээр хураасан эд хөрөнгөөр нь амьдарч байсан хаад түүнийг шатахад утааг нь хараад гашуудан чээжээ дэлдэж, уйлна. 10 Тэд түүн шиг тарчлахаас айсандаа хол зогсоод “Харамсалтай яа! Агуу, хүчирхэг хот Вавилон чи ганц цагийн дотор шийтгүүллээ!” гэж байлаа.
11 Бас дэлхийн худалдаачид уйлж, түүний хойноос гашуудна. Учир нь тэдний барааг худалдаж авах хэн ч байхгүй боллоо. 12 Бараа нь гэвэл алт, мөнгө, эрдэнэсийн чулуунууд, сувд, сайн чанарын маалинга, ягаан даавуу, торго, час улаан даавуу, анхилуун үнэрт модоор хийсэн эд бараа, зааны яс, үнэтэй мод, зэс, төмөр, гантигаар хийсэн янз бүрийн эдлэл, 13 шанц, халуун ногоо, утлага, анхилуун үнэрт тос, гүгэл, дарс, чидуны тос, сайн чанарын гурил, буудай, үхэр, хонь, адуу, тэрэг, боол ба хүмүүс байв. 14 Тийм ээ, чиний дуртай боловсорсон жимс чамайг орхисон. Тансаг амттан, ховор нандин бүхэн чинь алга болсон, дахиж хэзээ ч олдохгүй.
15 Эдгээр барааг худалддаг, түүний ачаар баяжсан худалдаачид түүн шиг тарчлахаас айсандаа хол зогсоно. Тэд уйлж гашуудан 16 “Ягаан болон улаан өнгийн, сайн чанарын маалинган хувцастай, алт, эрдэнийн чулуу, сувдаар дэндүү их гоёдог агуу хот харамсалтай яа! 17 Учир нь ийм их эд баялаг ганц цагийн дотор сүйрлээ!” гэцгээнэ.
Усан онгоцны ахмадууд, зорчигчид, далайчид бүгдээрээ, далай тэнгисээр амь зуулгаа олдог бүх хүн зайдуу зогсон 18 түүний шатах утааг хараад хашхиран “Энэ агуу хоттой адил ямар хот байдаг вэ?” гэж байлаа. 19 Тэд толгой дээрээ шороо цацаж, уйлж, гашуудаж, хашхиралдаж “Тэнгист усан онгоцтой бүхнийг эд хөрөнгөөрөө баяжуулсан агуу хот харамсалтай яа! Учир нь хот ганц цагийн дотор сүйрчээ!” гэж байлаа.
20 Тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элчүүд ээ, зөнчид өө, баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шүүж, шийтгэсэн!».
21 Хүчит нэгэн тэнгэрийн элч тээрмийн асар том чулуу шиг чулууг авч, тэнгис рүү шидээд «Агуу хот Вавилоныг үүнчлэн үтэр түргэн доош хаяна. Тэр хойшид олдохгүй. 22 Босоо ятга тоглонгоо дуулах дуучдын дуу, хөгжимчид, бишгүүрчид, бүрээчдийн аялгуу чиний дотор хэзээ ч сонсогдохгүй. Урлан бүтээдэг ямар ч дархан чиний дотроос дахин олдохгүй. Тээрэмдэх чимээ чиний дотор дахин сонсогдохгүй. 23 Чиний дотор дэнгийн гэрэл дахин үзэгдэхгүй. Сүйт залуу, сүйт бүсгүйн дуу чиний дотор дахин сонсогдохгүй. Яагаад гэвэл худалдаачид чинь дэлхийн нөлөө бүхий хүмүүс байсан бөгөөд чи ид шидээрээ бүх үндэстнийг мэхэлсэн. 24 Тийм ээ, зөнчид, ариун хүмүүс болон дэлхий дээр хөнөөгдсөн бүх хүний цус түүний дотроос олдсон» гэж хэллээ.