Ромчуудад бичсэн захидал
3 Тэгвэл иудей хүн байхын, хөвч таслуулахын давуу тал юу вэ? 2 Бүх талаараа давуу. Хамгийн гол нь, Бурхан иудейчүүдэд мэдээ өгсөн юм. 3 Гэхдээ итгээгүй зарим иудей хүнээс болж Бурханд итгэх аргагүй гэж үзэж болох уу? 4 Яавч болохгүй! Хүн бүр худалч байлаа ч, Бурхан үнэнч. «Таны шударгыг үг тань батлаг, таныг буруутгасан ч зөв тань батлагдана» гэж бичсэн байдаг. 5 Хүн муу юм хийхэд Бурхан шударга гэдэг нь тодордог гэж ярьцгаадаг. Тэгэхээр Бурхан биднийг шийтгэвэл шударга бус болох уу? (Зарим хүн ингэж боддог.) 6 Яалаа гэж! Бурхан шударга бус юм бол хүн төрөлхтнийг яаж шүүх юм бэ?
7 Би худал ярьснаараа Бурхны шударгыг баталж, хүмүүс түүнийг алдаршууллаа гэхэд Бурхан намайг яагаад нүгэлтэн шиг шүүдэг билээ? 8 «Сайныг ил болгохын тулд муу юм хийцгээе» гэж ярьдаг хэмээн зарим хүн биднийг гүтгэдэг. Тэгвэл би яагаад тэгж хэлж болохгүй билээ? Тэд шүүгдэнэ.
9 Тэгвэл бид юу гэж бодох ёстой вэ? Иудейчүүд бид бусдаас илүү юм уу? Үгүй ээ! Иудейчүүд ч, грекчүүд ч бүгдээрээ нүгэлтэй гэдгийг бид түрүүн бичсэн. 10 Ингэж бичсэн байдаг шүү дээ. «Шударга сайн хүн байхгүй. Бүр ганц ч алга. 11 Ухаардаг хүн алга, Бурхныг хайдаг хүн алга. 12 Бүх хүн замаа алдаж, ямар ч хэрэггүй болсон. Сайн юм хийдэг хүн алга. Бүр ганц ч алга». 13 «Тэдний ам задгай булш, хэл нь мэхлэгч». «Тэдний үг яриа могойн хор». 14 «Тэдний ам хараал, хорон үгээр дүүрэн». 15 «Тэд цус урсгах гэж яардаг». 16 «Бусдыг хохироодог, зовоодог, 17 амар тайвныг мэддэггүй». 18 «Тэд Бурхнаас эмээдэггүй».
19 Тэгэхээр, Хуульд заасан бүхэн Хууль сахигчдад хамаатай байх нь. Тиймээс хэн ч өөрийгөө буруугүй гэж хэлэх аргагүй бөгөөд хүн төрөлхтөн Бурхны өмнө буруутай. 20 Тиймд хэн ч хуульд заасныг биелүүлсэн гээд шударга сайнд тооцогдохгүй. Харин хуулийн ачаар нүгэл гэж юу болохыг сайн мэдэж авдаг.
21 Гэхдээ хууль сахиагүй хүнийг ч Бурхан шударга сайн гэж тооцдогийг Хууль ч, Зөнчид ч гэрчилдэг. 22 Өөрөөр хэлбэл, Есүс Христэд итгэдэг хүнийг Бурхан шударга сайн гэж үздэг. Энэ нь итгэдэг бүх хүний төлөө бөгөөд Бурхан хэнийг ч алаг үздэггүй. 23 Учир нь бүх хүн нүгэл үйлдсэн бөгөөд Бурхны алдрыг тусган харуулж чаддаггүй. 24 Гэвч Бурхан хүмүүсийг энэрэн нигүүлсээд бэлэг өгсөн. Өөрөөр хэлбэл, аврахын тулд амиа золиосолсон Христ Есүсийн ачаар шударга сайнд тооцдог. 25 Есүсийн золиосонд* итгэх хүмүүстэй эвлэрье гээд Бурхан түүнийг тахил болгосон билээ. Бурхан шударга гэдэг нь үүнээс харагддаг. Учир нь Бурхан өмнөх үеийн хүмүүсийн нүглийг уучилсан нь хүлцэж тэвчдэгийнх юм. 26 Түүнчлэн, Бурхан шударга гэдгээ өнөө үед ч мөн харуулахыг хүсжээ. Есүст итгэдэг хүнийг шударга сайнд тооцдог нь шударгынх нь илрэл юм.
27 Тэгвэл сайрхаж чадах хүн байна уу? Байхгүй. Ямар хуулиар вэ? Үйл хэргийг чухалчилдаг хуулиар уу? Үгүй ээ, харин итгэлийг чухалчилдаг хуулиар. 28 Хуульд заасныг сахидаг учраас биш, итгэдэг учраас шударга сайн гэж тооцогддогийг бид ойлголоо. 29 Тэгвэл Бурхан ганцхан иудейчүүдийнх үү? Бас харь үндэстнийх биш гэж үү? Тийм ээ, бас харь үндэстнийх. 30 Яагаад гэвэл, Бурхан ганц бөгөөд хөвч таслуулсан хүмүүсийг ч, хөвч таслуулаагүй хүмүүсийг ч итгэлд нь үндэслэн шударга сайнд тооцно. 31 Тэгвэл бид итгэдэг гээд хуулийг үл тоомсорлох уу? Хаанаас даа. Харин ч хуулийг дээдэлдэг.