Дуулал
106 Яаг магтагтун*!
Еховад таларх. Учир нь тэр бол сайн.
Түүний үнэнч хайр үүрдийнх.
2 Еховагийн агуу үйлсийг бүрэн зарлаж,
Магтвал зохих үйл хэргийг нь гүйцэд тунхаглаж чадах хэн байна вэ?
3 Шударгаар явж,
Үргэлж зөвийг үйлддэг хүн жаргалтай.
4 Ехова минь ээ, ард түмнээ таалалдаа багтаахдаа намайг санаач.
Надад санаа тавьж, намайг авраач.
5 Тэгвэл сонгосон хүмүүстээ илэрхийлдэг сайхан сэтгэлийг тань би мэдэрч
Таны ард түмэнтэй хамт баярлан,
Таны өмчтэй цуг таныг бахархалтайгаар магтана.
6 Бид эцэг өвгөд шигээ нүгэл үйлдсэн.
Бид буруу юм хийсэн, бузрыг үйлдсэн.
7 Египетэд байсан эцэг өвгөд маань таны гайхалтай үйлсийг үнэлээгүй.
Таны агуу үнэнч хайрыг санаагүй.
Харин тэнгисийн дэргэд, Улаан тэнгисийн дэргэд тэрсэлсэн юм.
8 Гэсэн ч тэрбээр хүч чадлаа мэдүүлэхийн тулд
Нэрийнхээ төлөө тэднийг аварсан.
9 Түүнийг тушаахад Улаан тэнгис ширгэсэн.
Тэрбээр тэднийг цөлөөр явуулах мэт тэнгисийн ёроолоор удирдсан.
10 Тэрбээр тэднийг өстний гараас аварч,
Дайсны савраас буцааж авсан.
11 Ус дайснуудыг нөмрөн авахад
Нэг нь ч амьд үлдээгүй.
12 Тэгэхэд тэд түүний амлалтад итгэж,
Түүнийг магтан дуулах болсон.
13 Гэвч тэд түүний үйлсийг хурдан мартсан.
Зөвлөгөө өгөхийг нь хүлээгээгүй.
14 Тэд зэлүүд газар аминч хүсэлдээ дийлдсэн.
Элсэн цөлд Бурхныг сорьсон.
15 Тэрбээр тэдэнд хүссэнийг нь өгсөн ч
Дараа нь аюулт өвчин тусгасан.
16 Хуаранд тэд Мосед атаархаж,
Еховагийн ариун үйлчлэгч Ааронд жөтөөрхсөн.
17 Тэгэхэд газар ангайн Датаныг залгиж,
Абирамтай хамт байсан хүмүүсийн дээрээс хаагдсан.
18 Тэдний дунд гал дүрэлзэж,
Дөл нь муу хүмүүсийг хуйхалсан.
19 Хоребт тэд тугал бүтээн,
Цутгамал шүтээнд мөргөсөн.
20 Тэд Бурхныг биш,
Өвс иддэг бухын дүрсийг алдаршуулсан.
21 Тэд Аврагч Бурхныг умартсан.
Тэрбээр Египетэд агуу зүйлсийг хийж,
22 Хамын нутагт гайхамшгийг үйлдэж,
Улаан тэнгисийн дэргэд сүрдэм үйлсийг бүтээсэн билээ.
23 Тэр тэднийг устгах тушаал буулгах шахсан ч
Түүний сонгосон Мосе тэдний төлөө зуучлан гуйж
Аймшигт уур хилэнг нь зөөлрүүлсэн.
24 Тэд сэтгэл татам нутгийг үл тоон,
Түүний амлалтад үл итгэсэн.
25 Тэд майхан дотроо гомдоллосоор
Еховагийн дуу хоолойг үл сонссон.
26 Тиймээс тэрбээр гараа өргөн андгайлж
Тэднийг зэлүүд газар үхүүлж,
27 Үр удмыг нь үндэстнүүдийн гарт тушааж,
Харийн нутгуудаар тараана хэмээсэн.
28 Тэгэхэд тэд Пеорын Баалыг шүтэн,
Үхэгсдэд өргөсөн тахилыг* идсэн.
29 Үйлсээрээ түүний уурыг хүргэсэн учир
Тэдэнд гамшиг нүүрлэсэн.
30 Финехасыг босож арга хэмжээ авахад
Гамшиг зогссон.
31 Үүнийхээ төлөө тэрбээр
Үеийн үед, үүрд мөнхөд зөв шударгад тооцогджээ.
32 Тэд Мерибагийн* усны дэргэд Бурхныг уурлуулсан.
Тэднээс болж Мосе хохирсон.
33 Тэд уурыг нь хүргэснээс болж
Мосе бодлогогүй үг хэлсэн.
34 Тэд Еховагийн тушаалыг зөрчин
Ард түмнүүдийг амьд үлдээсэн.
35 Тэгээд тэдэнтэй хутгалдан
Ёс заншлыг нь дагасан.
36 Шүтээнүүдийг нь шүтэж,
Энэ нь тэдэнд урхи занга болсон.
37 Тэд охид хөвгүүдээ
Чөтгөрүүдэд тахил болгон өргөсөн.
38 Тэд гэмгүй хүний цусыг,
Өөрсдийн охид хөвгүүдийн цусыг урсгаж
Тэднийг Канааны шүтээнүүдэд тахил болгон өргөсөн.
Тэр нутаг цусанд бузарлагдсан.
39 Үйлсээсээ болж тэд бузартсан.
Үйл хэргээрээ Бурханд үнэнч байхаа больсон*.
40 Тиймээс Ехова ард түмэндээ уурлан хилэгнэж,
Өөрийнхөө өмчийг жигшсэн.
41 Тэрбээр тэднийг үндэстнүүдэд дахин дахин тушаахад
Үзэн ядагчид нь тэднийг захирсан.
42 Дайснууд нь тэднийг дарлаж,
Эрхшээлдээ оруулсан.
43 Тэрбээр олон удаа аварсан ч
Тэд эсэргүүцэж, дуулгаваргүй загнасан.
Тэд алдаанаасаа болоод шалдаа буусан.
44 Гэсэн хэдий ч тэрбээр тэдний зовохыг харж,
Тусламж гуйн хашхирахад нь сонсдог байсан.
45 Тэрбээр тэдний төлөө гэрээгээ санаж
Үнэнч хайрандаа хөтлөгдөн тэднийг өрөвдсөн.
46 Тэднийг олзлон авсан бүхний
Өрөвдөх сэтгэлийг төрүүлсэн.
47 Ехова Бурхан минь ээ, биднийг авраач.
Үндэстнүүдийн дундаас цуглуулаач.
Тэгвэл бид таны ариун нэрд талархал өргөнө.
Баяр хөөртэйгөөр таныг магтана.
48 Израйлын Бурхан Ехова
Үүрд магтагдах болтугай.
Бүх хүн «Амен*!» гэж хэлэх болтугай.
Яаг магтагтун*!