Египетээс гарсан нь
20 Дараа нь Бурхан ийнхүү айлдлаа.
2 «Би бол та нарыг Египетээс авчирч, боолчлолын гэрээс чөлөөлсөн та нарын Бурхан Ехова. 3 Та нар надаас өөр бурхныг шүтэж болохгүй.
4 Та нар өөрсдөдөө зориулан сийлмэл шүтээн эсвэл дээр тэнгэр дэх, доор газар дахь, усан доторх ямар ч юмны дүрсийг бүү хий. 5 Та нар тэдэнд мөргөж, тэднийг шүтэж болохгүй. Учир нь та нарын Бурхан Ехова би бол чин үнэнч байхыг шаарддаг Бурхан. Намайг үзэн ядагч эцгүүдийн үйлдсэн нүглийн үр дагаврыг би тэдний үр хүүхэд, гурав, дөрөв дэх үеийнхэнд нь амсуулдаг. 6 Харин намайг хайрлаж, тушаалуудыг минь сахидаг хүмүүсийн тухайд би мянга дахь үеийнхнийг нь хүртэл үнэнчээр хайрлана.
7 Ехова Бурхныхаа нэрийг буруугаар бүү ашигла. Учир нь Ехова нэрийг нь буруугаар ашигладаг хүнийг шийтгэлгүй орхихгүй.
8 Амралтын өдрийг Бурханд зориулсан өдөр гэдгийг санаж яв. 9 Зургаан өдөр хөдөлмөрлөж, бүх ажлаа амжуул. 10 Харин долоо дахь өдөр бол та нарын Бурхан Еховад зориулсан Амралтын өдөр учраас ямар ч ажил хийж болохгүй. Чи болон чиний хүү, охин, зарц, шивэгчин, мал амьтан, нутагт чинь оршин суугаа гаднын хүн ч ялгаагүй. 11 Учир нь Ехова тэнгэр огторгуй, газар дэлхий, далай тэнгис болон тэдгээрт байгаа бүхнийг зургаан өдөр бүтээгээд долоо дахь өдөр нь амарсан билээ. Ехова Амралтын өдрийг ерөөж ариун болгосон юм.
12 Эцэг эхээ хүндэл. Тэгвэл чи Ехова Бурхныхаа өгөх нутагт урт удаан амьдарна.
13 Хүний амь бүү хөнөө.
14 Бүү завхайр.
15 Хулгай бүү хий.
16 Бусдын эсрэг хуурамч мэдүүлэг бүү өг.
17 Бусдын орон гэрт бүү шуна. Эхнэр, зарц, шивэгчин, үхэр, илжиг гээд юунд нь ч бүү шуна» гэв.
18 Тэгэхэд аянга нүргэлэн цахилгаан цахилж, эвэр бүрээ хүнгэнэн, уулаас утаа олгойдож байлаа. Ард түмэн энэ бүхнийг хараад айж чичрэн хол очиж зогсов. 19 Тэгээд тэд Мосед «Та л бидэнтэй яриач. Бурхныг бидэнтэй бүү яриулаач. Бид үхэхээс айж байна» гэцгээлээ. 20 Мосе хариуд нь «Бүү айцгаа. Жинхэнэ Бурхан та нарыг өөрөөс нь ямагт эмээж, нүгэл бүү үйлдээсэй гэсэндээ шалгахаар ирсэн юм» гэв. 21 Ард олон зайдуу зогссоор байлаа. Харин Мосе жинхэнэ Бурхны байгаа өтгөн хар үүл рүү дөхөж очлоо.
22 Ехова Мосед айлдсан нь: «Израйлчуудад ингэж хэл. “Намайг тэнгэрээс та нартай ярихыг та нар өөрсдөө харлаа. 23 Алт, мөнгөн бурхан бүү хий. Та нар надаас өөр бурхантай байж болохгүй. 24 Надад зориулан хөрс шороогоор тахилын ширээ босго. Дээр нь хонь, үхрээрээ шатаалт тахил, эвийн тахилыг өргө. Би нэрээ дуурьсгахаар сонгох газар бүрдээ та нар дээр очиж, та нарыг ивээнэ. 25 Надад зориулж чулуугаар тахилын ширээ босгох бол засаагүй чулуугаар барих ёстой. Цүүц хүргэвэл бузарласан хэрэг болно. 26 Нүцгэн биеэ тахилын ширээн дээр ил харуулах ёсгүй тул миний тахилын ширээнд шат бүү хий”.