Галатчуудад бичсэн захидал
6 Ах дүү нар аа, хэрэв хүн өөрийн мэдэлгүй замаасаа хазайвал төлөвшсөн та нар аядуу зөөлөн байж, тэр хүнийг засаж залруулахыг хичээ. Та нар ч өөрсдийгөө анхаарч, хорхой хүргэм зүйлд автахаас сэрэмжил. 2 Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлцэж байгаарай. Тэгвэл Христийн хуулийг биелүүлж байгаа хэрэг. 3 Хэн ч биш атлаа өөрийгөө чухал гэж боддог хүн өөрийгөө хуурч байгаа хэрэг. 4 Харин хүн бүр үйл хэргээ шалгаг. Тэгвэл өөрийгөө бусадтай харьцуулахгүй, өөрийнхөө үйлсэд баярлана. 5 Учир нь хүн бүр ачаагаа үүрнэ.
6 Түүнээс гадна, Бурхны үгэнд суралцагч нь өөрт нь зааж байгаа хүнтэй бүх сайн юмыг хуваалцаг.
7 Бүү мэхлэгд. Хэн ч Бурхныг хуурч чадахгүй. Яагаад гэвэл хүн юу тарьснаа хурааж авдаг. 8 Нүгэлт хүсэлдээ хөтлөгдөн тарьдаг хүн ялзралыг хурааж авна. Харин Бурхны агуу хүчний удирдлагаар тарьдаг хүн мөнх амийг хурааж авна. 9 Тиймээс шантрахгүйгээр сайныг үйлдэж байцгаая. Бууж өгөхгүй байвал цаг нь болохоор хурааж авна. 10 Тиймээс боломж байгаа л бол бүх хүнд, ялангуяа, итгэл нэгтнүүддээ сайныг үйлдье.
11 Би өөрийнхөө гараар ямар их том бичсэнийг хар даа.
12 Хүний таалалд нийцүүлэхийг хүсдэг хүмүүс та нарыг хөвчөө таслуул гэж ятгадаг нь Христийн тарчлаах шонгоос* болж хавчигдахгүй гэсэндээ л тэр юм. 13 Хөвч таслуулсан хүмүүс өөрсдөө ч Хууль сахидаггүй. Гэхдээ тэгж ятгадаг нь та нарын хөвчийг таслуулж чадсан гэж сайрхах гэснийх юм. 14 Харин би Эзэн Есүс Христийн тарчлаах шонгоос* өөр юугаар ч сайрхдаггүй. Есүс Христийн улмаас ертөнц миний хувьд, би ертөнцийн хувьд үхсэн юм. 15 Хөвч таслах, таслахгүйн аль нь ч чухал биш ээ. Харин шинэ бүтээл чухал юм. 16 Энэ журмаар явдаг бүх хүн буюу Бурхны Израйлыг Бурхан амар тайван байлгаж, нигүүлсэх болтугай.
17 Үүнээс хойш хэн ч надад төвөг бүү учруулаг. Учир нь Есүсийн боол гэдгийг таниулах тэмдэг биед минь олон бий.
18 Ах дүү нар минь, зөв хандлагатай та нарыг Эзэн Есүс Христ маань нигүүлсэх болтугай.* Амен.