Нэгдүгээр Тесалоник
2 Ах дүү нар аа, танай нутагт очсон маань дэмий хэрэг биш байсныг та нар сайн мэднэ. 2 Филиппойд биднийг зовоож, доромжлон гутаасныг та нар мэднэ. Гэхдээ бид хүчтэй эсэргүүцлээс болж* шантарч сөхрөлгүй, Бурхны сайн мэдээг та нарт эр зоригтой тунхагласан. Бурхан бидэнд эр зориг хайрласан билээ. 3 Бид төөрч будилсандаа эсвэл хорон санаа өвөрлөсөндөө эсвэл хууран мэхлэх гэсэндээ та нарыг ятгаагүй. 4 Харин сайн мэдээ тунхаглах ажлыг бидэнд даалгахыг зөв гэж үзсэн, зүрхийг маань шалгадаг Бурханд таалагдах гэж ярьдаг болохоос хүнд таалагдах гэж ярьдаггүй.
5 Бид хэзээ ч зусардаж яваагүй, та нараас юм авах гээд худал ярьж байгаагүй. Үүнийг Бурхан ч гэрчилнэ! 6 Христийн элч гэдгээрээ далимдуулан дарамт болж болох байсан ч хүнээр, та нараар, бусдаар ч хүндлүүлэх гэж зүтгээгүй. 7 Харин ч та нарт хандахдаа үр хүүхдээ энхрийлэн асрах хөхүүл эх мэт зөөлөн байсан. 8 Та нарт үнэхээр их хайртай болсон учир Бурхны сайн мэдээг тунхаглаад зогсохгүй та нарын төлөө амиа өгөхөд бэлэн байсан.
9 Ах дүү нар аа, бид эцэж туйлдталаа хөдөлмөрлөж байсныг та бүгд санадаг нь лавтай. Бурхны сайн мэдээг танай тэнд тунхаглаж байхдаа хэнд чинь ч дарамт болохгүй гэсэндээ бид өдөр шөнөгүй ажилладаг байсан. 10 Бурханд итгэдэг та нарт хэр зэрэг үнэнч, чин сэтгэлээсээ хандсаныг, хэрхэн гэм зэмгүй байсныг та нар ч, Бурхан ч гэрчилнэ. 11 Бид үр хүүхдийнхээ төлөө гэсэн эцэг хүн шиг байж та нарыг ятгаж, тайвшруулж, хүн тус бүрд зааж зөвлөж байсныг та нар сайн мэднэ дээ. 12 Ингэсэн нь та нараар Хаант төрөө бариулж, алдар хүндтэй болгохоор сонгосон Бурхны таалалд нийцүүлж яваасай гэснийх юм.
13 Тиймээс бид Бурханд үргэлж талархдаг. Учир нь та нар Бурхны үгийг биднээс сонсоод хүний үг гэж бус, харин үнэхээр байгаагаар нь Бурхны үг гэж хүлээж авсан. Эдүгээ Бурхны үг та нарт нөлөөлдөг. 14 Ах дүү нар аа, та бүхэн нутаг нэгтнийхээ гарт зовж байгаа итгэл нэгтнүүдтэйгээ адилхан зовлон эдэлснээрээ Иудей дэх Бурхны хурлынхан буюу Христ Есүсийн дагалдагчидтай адил болсон ажээ. 15 Иудейчүүд Эзэн Есүс болон зөнчдийг алсан, биднийг хавчсан. Тэдний үйл хэрэг Бурханд таалагддаггүй бөгөөд бүх хүний сайн сайхны эсрэг юм. 16 Учир нь хүмүүсийг аврагдаасай гэсэндээ сайн мэдээ тунхагладаг бидэнд тэд садаа болдог. Ийнхүү нүгэл хураадаг. Гэхдээ Бурхан тэднийг удахгүй шийтгэнэ.
17 Ах дүү нар аа, бид та нарыгаа хэсэг зуур орхиж явахаас өөр аргагүй болсон. Нүүр тулж уулзах аргагүй болсон ч та нарыгаа мартаагүй. Уулзахын хүслэн болсоор танайх руу очих гэж хичээсэн юм. 18 Тийм ээ, Паул би танай тийшээ очих гэж нэг биш, бүр хоёр удаа оролдсон ч Сатан саад болсон. 19 Эзэн Есүсийг ирэх үед хэн бидний найдвар, баяр баясгалан, шагнал* байх вэ? Та нар биш гэж үү? 20 Та нар бол бидний бахархал, баяр баясгалан мөн.