Нехемиа
8 Ард олон нэгэн зорилгоор Усны дааман хаалганы урдах талбайд цуглаад Еховагийн израйлчуудад өгсөн Мосегийн хуулийн номыг авчрахыг хуулан бичээч* Езрагаас гуйжээ. 2 Тиймээс тахилч Езра 7 дугаар сарын* 1-ний өдөр эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, сонссоноо ойлгохоор болсон хүүхдүүд гээд чуулганыхны өмнө Мосегийн хуулийг авчрав. 3 Тэрбээр Усны дааман хаалганы урдах талбайд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, сонссоноо ойлгохтойгоо болсон хүүхдүүдэд нар мандахаас үд дунд хүртэл Хуулийн номыг чангаар уншиж өгөхөд хүмүүс анхааралтай сонсжээ. 4 Энэ арга хэмжээнд зориулж хийсэн модон тавцан дээр хуулан бичээч Езра гарч зогсов. Баруун талд нь Маттитиа, Шема, Анаиа, Уриа, Хилкиа, Маасеиа, зүүн талд нь Педаиа, Мишаел, Малхиа, Хашум, Хашбаддана, Зехариа, Мешуллам нар зогсож байлаа.
5 Езраг номыг нээхэд бүх хүн харж байв. Учир нь тэрбээр бүх хүнээс өндөрт зогсож байлаа. Номыг нээмэгц ард олон босож зогсоцгоов. 6 Тэгээд Езра жинхэнэ Бурхан, агуу Нэгэн Еховаг магтахад ард олон гараа өргөн «Амен*! Амен!» гэж хэлээд Еховагийн өмнө сөгдөн мөргөв. 7 Иешуа, Бани, Шеребиа, Иамин, Аккуб, Шаббетаи, Ходиа, Маасеиа, Келита, Азариа, Иозабад, Ханан, Пелаиа гэх левичүүд Хуулийг тайлбарлаж байхад ард олон зогсож байв. 8 Левичүүд ном буюу жинхэнэ Бурхны Хуулиас үргэлжлүүлэн чанга уншаад тодорхой тайлбарлаж, утга санааг нь хэлж өгөв. Ийнхүү сонссон зүйлээ ойлгоход нь ард олонд тусалжээ.
9 Хүмүүс Хуулийн үгсийг сонсоод уйлж байсан учраас захирагч* Нехемиа, тахилч, хуулан бичээч Езра, хуулийг заасан левичүүд бүх хүнд хандан «Энэ өдөр нь бидний Бурхан Еховагийн хувьд ариун юм. Битгий гашууд. Битгий уйл» гэж хэлэв. 10 Нехемиа тэдэнд «Явж, хамгийн сайныг* идэж, чихэрлэгийг уу. Бэлдсэн юмгүй нэгэнтэйгээ хоолноосоо хуваалц. Энэ өдөр бидний Эзэнд ариун учраас бүү гуньж гутар. Еховагийн өгдөг баяр баясгалан та нарыг хүчтэй болгодог*» гэв. 11 Левичүүд ард олныг тайвшруулан «Энэ өдөр ариун учраас битгий уйл! Бүү гуньж гутар» гэж хэлжээ. 12 Ингээд бүх хүн идэж уун, хоолноосоо хуваалцаж, баярлаж баясахаар явцгаав. Учир нь тэд сонссон бүхнээ ойлгосон юм.
13 Хоёр дахь өдөр нь ард олны эцгийн бүлүүдийн тэргүүнүүд, тахилчид, левичүүд Хуулийн үгсийг улам сайн ойлгохын тулд хуулан бичээч Езра дээр очив. 14 Тэд Еховагийн Мосегоор дамжуулж өгсөн Хуулиас израйлчуудыг 7 дугаар сард болдог баяраар саравчинд суух ёстойг, 15 бас «Бичигдсэний дагуу саравч барихын тулд уулархаг нутаг руу явж чидун мод, нарс мод, гавирт мод, далдуу мод болон бусад навчит модны мөчир цуглуул» гэсэн тунхгийг Иерусалим болон бусад бүх хотдоо зарлах ёстойг олж мэджээ.
16 Тиймээс ард олон дээвэр дээрээ, хашаандаа, жинхэнэ Бурхны өргөөний хашаанд, Усны дааман хаалга болон Ефраимын дааман хаалганы урдах талбайд өөрсдөдөө саравч барихаар мөчир цуглуулав. 17 Вавилоны олзноос чөлөөлөгдөж ирсэн бүх хүн саравч бариад суужээ. Уг баярыг израйлчууд Нуны хүү Иошуагийн үеэс хойш анх удаагаа ийн тэмдэглэсэн юм. Тэд үлэмж ихээр баярлажээ. 18 Эхний өдрөөс сүүлийн өдөр хүртэл жинхэнэ Бурхны Хуулийн номыг өдөр бүр сонссон юм. Тэд долоон өдөр баяр тэмдэглэж, найм дахь өдөр нь Хуульд заасан ёсоор ариун чуулган хийсэн билээ.